Идэш.И 2014.02.25 | Сайт: Vip76.mn

И.Идэш: Томоохон хөрөнгө оруулалт компанийн эрх зүйг маш эрчимтэй хөгжүүлж байна

И.Идэш: Томоохон хөрөнгө оруулалт компанийн эрх зүйг маш эрчимтэй хөгжүүлж байна
Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Судалгааны Төвийн эрхлэгч И.Идэш

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Судалгааны Төвийн эрхлэгч И.Идэштэй ярилцлаа. Тэрээр 2006 онд ОХУ –ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны академид “Монголын иргэний эрх зүй дэх компанийн эрх зүйн байдал: Компанийн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлууд“ сэдвээр хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалжээ. И.Идэш бол компанийн харьцуулсан эрх зүйн чиглэлээр хамгаалсан Монголын анхны доктор юм.

-Манай улсын Компаний тухай хуулийг Орос болон бусад улстай харьцуулж судалсан гэсэн үг үү. Ямар ялгаатай байдаг вэ?

Харьцуулсан эрх зүйгээр хамгаалсан. Ерөнхийдөө компанийн хууль тогтоомжийн хөгжлийн асуудлын хувьд Европ, Америк тивийн аж үйлдвэржсэн орнуудын хууль тогтоомжийг авч үздэг л дээ.

1991 оны Аж ахуй нэгжийн хуулийн ажлын хэсэгт би ажиллаж байлаа. Тийм болохоор Монголд компанийн хууль хэрхэн хөгжиж бий болсныг бага сага гадарлана. Монголын хувьд компанийн тухай хууль бол шинэ хөгжиж байгаа хууль тогтоомж юм. 1990 оноос өмнө компанийн төрөлжсөн хууль байгаагүй. Аж ахуй нэгжийн хуулийн төслийн ажлын хэсгийнхэн тухайн үед Унгарын хуулийг загвар болгож авсан. Дараа нь Компани, нөхөрлөлийн тухай хууль гарахад Хууль зүйн яамнаас Америкийн хуулийг загвар болгосон. Ингэхлээр хууль зүйн онол, практиткийн үүднээс хүндрэлүүд гардаг.

-Тухайлбал ямар хүндрэл гардаг вэ?

Америкт компанийн эрх зүй, практик нь хөгжөөд 200-300 жил болчихсон тогтсон ойлголт. Америкийн профессорын боловсруулсан хуулийн төслийг монгол руу орчуулахдаа зарим зүйл, заалтын утга санааг бүрэн гүйцэд гаргаж чадаагүй байдаг. Үүнийг манай судлаачид шүүмжилдэг.  

Хэдийгээр дэвшилтэт тогтолцоо болж чадсан ч гэлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бэрхшээлтэй. АНУ-ын хууль тогтоомжийг тэр чигээр нь нэвтрүүлэх оновчтой байсан эсэхэд эргэлздэг. Түүний оронд Герман загвар их боломжийн байсан байх.

-Компаний тухай ууль бол суурь хуулийн нэг. Аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлийнхэн өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн зохицож байна вэ?. Компанийн тухай хуулийг өөрчлөхөөр ярих боллоо?

Компанийн хууль тогтоомжийг хувийн хэвшлийнхэн гадны хөрөнгө оруулалттай холбоотойгоор их сонирхох боллоо. Хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахдаа тухайн капитал импортлогч орны хууль эрх зүйн орчныг харж шийддэг.

PM Expert Орост компанийн засаглалын талаар лекц уншиж байгаа нь

2011 оны Компанийн хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй зүйлүүд олон бий. Ялангуяа компанийн хяналтын тогтолцоо, хараат бус захирлууд зэрэг шинэ зохицуулалтууд орсон. Үүнийг хувийн хэвшлийнхэн бүтээлчээр тусгаж авч байгаа бол төрийн өмчийн аж ахуй нэгжүүдэд тааруухан байгаа. Компанийн удирдлагыг мэргэшүүлэх шаардлагатай.

-Компаний удирдлагын тогтолцоог мэргэшүүлэх үндсийг хууль эрх зүйн хүрээнд хангалттай хийж чадсан болов уу. Ялангуяа төрийн өмчит компаниудын хувьд?

2011 оны Компанийн хуульд шинэлэг зохицуулалтууд орсон. Тухайлбал ТУЗ –ийн  хараат бус гишүүний хувьд нэлээн өндөр шаардлагыг тавьсан. Энэ нь мэдээж мэргэжлийн байх үүднээс ийм байх учитрай. Гэхдээ одоогийн тогтолцоонд таарах уу гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал гүйцэтгэх удирдлагад байгаа хүмүүс сургалтад суух ёстой гээд асуудал зөндөө гарна.

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын компанийн засаглалын кодексыг боловсруулчихвал зүгээр байх. Энэ асуудал маш олон жил яригдаж байна.

-Засаглалын кодекс гэж юу вэ?

Компанийн засаглалын кодексоор төрийн өмчит компаниудын удирдлагын тогтолцоо ямар байх вэ гэдгийг зохицуулсан нэгдсэн стандарт бичиг бий болно гэсэн үг. Ийм үүрэг, бүтэцтэй байна гэдгээ тодорхой заачихдаг. Орос, Хятадад ийм баримт бичиг байдаг.

-Кодексыг нэвтрүүлээгүй нөхцөлд ТӨК-ийн захирлуудыг ямар зарчмаар сонгож байна гэсэн үг вэ?

Замбараагүй байдлаар томилдог нь үүнтэй холбоотой. Тодорхой хэмжээний зохицуулсан баримт бичиг байвал бодлогын хэмжээнд ч дагах ёстой. Намын сууринаас хандахаа болих хэрэгтэй. Жишээ нь Орос улс нэвртрүүлсэн. Тэд гадны туршлагыг их судалсан байдаг.

-Компанийн засаглалд компанид ямар хэрэгтэй вэ?

Компанийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр компаниуд хаалттайгаас илүү нээлттэй болж эхэлдэг. Засаглал сайн хөгжвөл хүн бүр хувьцаа эзэмших боломж нээгддэг. Тогтолцоо нь сайн хөгжсөн нөхцөлд аюулгүй байдал, эрсдэл багасдаг. Дээр үед компанийн эзэн өөрөө бүх юмаа хийгээд хянаад удирдаад явдаг үе байсан бол одоо энэ үе өнгөрсөн. Гүйцэтгэх захирлаа хөлсөлж их хэмжээний хөрөнгө босгож байна. Дэлхий нийт тийшээ явж байна. Хөрөнгө оруулалттай холбогдоод компанийн эрх зүй маш эрчимтэй хөгжиж байна. Компанид үнэлгээ хийдэг байдал ч мөн адил сайжирч байна.

Компаний засаглал дэлхийн газрын зурагт. Дэлгэрэнгүйг http://www.ifc.org/-ээс авна уу.

Манай улсад компаний засаглалаа сайн хөгжүүлж байгаа томоохон хөрөнгө оруулагч компаниуд орж ирвэл ашигтай. Түүнээс биш оффшор бүсээс орж ирээд байвал хэцүү. Тэгэхээр уул уурхай дээр гэхэд л ашиглалтын лиценз олгохдоо л засаглалыг нь харж байж, бодлоготой хандах хэрэгтэй.

Оросын хувьд оффшор компаниудыг татвар төлөхийг шаардаж эхэлсэн.  Бодлогоор зохицуулж болно.

-Компанийн засаглал болоод компаний тухай хууль, хувьцаа эзэмшигчдийн эрх ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагын чадавхи ямар байгаа вэ. Эдийн засгийн харилцаатай холбоотой хэрэг маргааныг хэрхэн шийдэж байгаа бол?

Ерөнхийдөө тааруу. Компаний эрх зүйн хичээлийг манай их дээд сургуулиудад 1990 оноос өмнө ордоггүй байсан. Харин 1990 оны дунд үеэс орж эхэлсэн байдаг. Тэртэй тэргүй шүүхийн практикт бий болоод ирэхээр хуулиа нэг мөр хэрэглээд хөгжинө гэж бодож байна. Аливаа зүйл ганцхан хүчин зүйл, шалтгаанаас хамаарахгүй. Олон шалтгаантай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.