Монголд 800 мянган хүн хувьцаа эзэмшиж байна
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргал
2014.02.28

Монголд 800 мянган хүн хувьцаа эзэмшиж байна

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргалтай ярилцлаа.

-Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн байна. Компанийн тухай хуулинд өөрчлөлт орсноос хойш ямар байгаа гэж дүгнэдэг вэ?

Хувьцаа эзэмшигчидийн эрх ашгийг хамгаалах талаасаа хуулинд зохицуулалтууд гайгүй орсон. Ялангуяа нээлттэй компаний хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нарийвчилж зохицуулсан. Харин хэрэгжилтэнд жоохон асуудалтай байгаа. Уг нь хэрэгжвэл асуудалгүй. Компанийн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн засаглалын кодексыг баталж гаргасан.

-Компаниуд хуулиа хэрэгжүүлэх байгаа нь ямар учиртай юм бэ?

Миний бодлоор өөрийн компанидаа сайн засаглалыг хэрэгжүүлэх ямар ашиг тустай талаар томоохон хувьцаа эзэмшигч, компанийн эзний ойлголт тааруу байгаатай холбоотой болов уу. Уг нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлээд ажиллавал компанийн нэр хүнд, боломж нэмэгдэж хөрөнгө

1965 оноос нүүрс олборлосноос хойш  Шарын голын уурхай 48 жил тасралтгүй ажиллаж байна. Төрийн өмчийнх байсан энэ уурхай 2003 онд хувийн хөрөнгө оруулагчдын мэдэлд бүрэн шилжсэн. Одоо хувьцаат буюу олон нийтийн компани хэлбэрээр ажилладаг. “Шарын гол” нь хувьцаат компаниуд дундаа хариуцлагатай, засаглал сайтай, үйл ажиллагаа нь нээлттэй гэгддэг.

 оруулалт татах чадвар сайжирдаг. Гэтэл манайд удаан байгаа нь монгол хүний барын сүүл болсноос батганы толгой явсан нь дээр гэдэг үзлээр ханддагаас болоод байгаа юм. Өөрөө л компанийхаа хяналтын томоохон багцийг эзэмшээд явбал баяр жаргал нь болохоороо багцаа задлах дургүй. Өөртөө л барих сонирхолтой. Гэхдээ үүндээ бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчих тохиолдол гардаг.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигддөг талаар их мэдээлэл гомдол байдаг. Танайд хандсан тохиолдол бий юу?

Өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тодорхой асуудлуудад байр сууриа илэрхийлдэг. Зарим талаар зөвлөх байдлаар ханддаг.  Манай холбооны хувьд шинэ оноос хэрэгжиж эхэлсэн Үнэт цаасны хуультай холбоотойгоор өөрийгөө зохицуулах байгууллага гэсэн статустай болохоор ажиллаж байгаа. Ингэснээр үнэт цаасны зах зээл дээр тодорхой дүрэм журам, стандартууд тогтоох боломжтой болно. Ингэвэл хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн тал дээр өөр байр сууринаас хандах боломж бүрдэнэ. Өнөөдөр улсын хэмжээнд хувьцаа эзэмшиж данс нээлгэсэн харилцагчдын тоо 800,000 гаруй хүн байна. Ер нь холбооны үйл ажиллагааны бас нэг зорилт нь зөвхөн гишүүн компаниуд бус, үнэт цаас, хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, эрх ашиг нь зөрчигдсөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх явдал.

Манай Холбоонд одоогийн байдлаар 51 брокер дилерийн компаниуд гишүүнчлэлтэй байна. Анх 1995 онд Хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 29 брокер диллерийн компаниуд нэгдэн байгуулсан түүхтэй. Манайх энэ зах зээл дээрх мэргэжлийн чиг хандлагатай ажиллаж байгаа цорын ганц холбоо.

-Компанийн засаглалын гол зарчмын нэг нь мэдээллийн ил тод байдал. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цөөн хүний хүрээнд нууцаар хуралдуулахгүйгээр, мэдээллийг ил тод тавих ёстой?

Компанийн засаглалын хамгийн чухал зүйл нь ил тод буюу тунгалаг байдал. Манай ХК-иуд ойлгоод мэдээллээ нээлттэй байлгах тал дээр анхаарал тавьдаг болж байгаа. Өнгөрсөн оны 12 сард манай Холбооноос санаачлан хөрөнгийн зах зээлийн шилдэг байгууллагуудыг тодруулсан “GRANDBULL” арга хэмжээний үеэр “Шарын гол” хувьцаат компани “Шилдэг засаглалтай компан”-иар шалгарсан. Та бүхэн сонирхвол сайт руу нь ороод харж болно. Мэдээллийн ил тод байдлын талаар олон улсын жишигт нийцсэн. Энэ бол сайн жишээ.

-Брокер диллерийн компаниудын хувьд өөрсдийнх нь засаглалыг нэвтрүүлж буй байдалд ямар дүгнэлт хийдэг вэ?

Мэргэжлийн оролцогч байгууллагуудын хувьд арай онцлогтой. Учир нь хувьцаат компани нь цөөхөн байдаг. Ихэвчлэн ХХК. Нээлттэй компаниудаас өөр гэсэн үг.

Гэхдээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хувьд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой компанийн санхүүгийн тайлан, хувьцаа зээмшигчдийн мэдээлэл, эрх бүхий мэргэжилтнүүдийн тухай гэх мэт мэдээллүүдийг нийтэд мэдээллэдэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид мэдээлэл тогтмол өгдөг.

-Хөрөнгө босгоход компанийн засаглалын зарчмыг сайн мөрддөг байх ёстой. Тэгвэл нөгөө талаар хөрөнгийн зах зээлд цаашид хөгжих боломж хэр байна. Гурван жилийн өмнө Лондоны биржтэй хамтарч ажиллах гэрээн гарын үсэг зурсан санагдах юм?

Эмзэг сэдэв. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр их яригдах боллоо. Манай орны хувьд хөрөнгийн зах зээл нь банкны зах зээлээ бодвол харьцангуй шинэ бөгөөд жижиг байна.

Ер нь компаниуд хөрөнгө босгохын тулд зөвхөн банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлэх гэлгүй, бодит салбарыг дэмждэг хөрөнгийн биржид хандаж, үнэт цаас гаргах боломжтой юм. 2005 оноос хойш хэд хэдэн компаниуд нээлттэй хувьцаат компани болсон.

2012.12.17 Манай хөрөнгийн бирж “Миллениум ай ти” системийг албан ёсоор хүлээн авч, Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржтэй цахим системээр холбогдов.

Бонд гаргаж төсөл хэрэгжүүлсэн тохиолдлууд бий. Ингээд гайгүй болж байтал 2011 онд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх дэд бүтэц программын шинэчлэлийг Лондоны биржтэй хамтарч гурван жилийн турш хийхээр болсон. Гэсэн ч учир дутагдалтай ажил болж, зарим шаардлагатай програмууд нь дутуу болчихсон. Үүнээс болж харилцагчид арилжаанд ороход төвөгтэй болж, зах зээлийн хэмжээ буурч, оролцогчдын тоо болон идэвхи багассан. Үнэт цаас гаргах гэж байгаа компаниуд хүлээлтийн байдалтай болсон.

Гэхдээ хүнд хэцүүг туулж хувьцаа гаргах зорилготой компаниуд нэлээн хэд бий.

-Эрдэнэс МГЛ компанийн 2,9 сая хувьцаа эзэмшигчид компанийн тухай хуулиар бол яаж хуралдаа оролцож гэсэн үг вэ?

Монголчууд нийлээд нийт хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд их хэмжээний нийлүүлэлт хийх магадалтай байгаа. Энэ байдал нь томоохон хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлдэг. Учир нь гэнэт их хэмжээний нийлүүлэлт хийгдэхээр үнэт цаасны маань ханш буурна. Энэ эрсдэл нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны үнэлэмжийг нь бууруулсан санагддаг. Уг нь манай улс сан байгуулаад сандаа тэр 20 хувийн хувьцааг өгөөд, сангийнхаа хувьцааг иргэддээ эзэмшүүлсэн бол оновчтой байх байсан. Учир нь санг мэргэжлийн хүмүүс удирдах тул гэнэт их хэмжээний хувьцаа зарах эрсдэл үгүй болж томоохон хөрөнгө оруулагчдад илүү итгэл төрнө.

-Нэг хувьцаа нэг саналын эрхтэй гэдэг. Одоогоор алаагүй баавгайн арьсыг арав хувааж байгаа мэт боловч ирээдүйд үүсэх хүндрэлүүдийг зохицуулах ёстой байх. Хувьцаа эзэмшигчдийн хуралд яаж оролцох вэ?

Олон тооны хувьцаа эзэмшигчтэй компаниудын хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд бүх хувьцаа эзэмшигчид өөрийн биеэр ирж оролцох боломжгүй л дээ. Ийм учраас эчнээгээр буюу саналын хуудсаар авдаг. Ихэнхи компаниудын практик өнөөдөр ийм байгаа.

 Ярилцсанд баярлалаа.