Л.Гэрэлмаа: Хуулийн талаарх хүмүүсийн ойлголт дутуу байна
МХГ-ын Хүнсний үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа
2014.03.21

Л.Гэрэлмаа: Хуулийн талаарх хүмүүсийн ойлголт дутуу байна

МХГ-ын Хүнсний үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаатай ярилцлаа.

-Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт нэг жилийн хугацаанд ямар байсан бэ?

Хууль хэрэгжээд бүтэн жил боллоо. Хүнсний аюулгүй байдал бол том асуудал. Хүн амаа тасралтгүй чанартай хүнсээр хангах асуудал байдаг. Хоёрдугаарт хүнсний бүтээгдэхүүн тухайн хүндээ шим тэжээлтэй шаардлагатай бодисоор хангагдсан байх ёстой.

Гуравт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж байх нь цогц арга хэмжээ болно.  

Хуучин хүнсний тухай хууль ихэвчлэн ерөнхий асуудлыг зохицуулж байсан учраас өнөөдрийн тулгамдаж буй асуудал иж бүрэн шийдэгдэж, эрх зүйн зохицуулалт болж чадахгүй байсан. Тийм ч учраас шинэчлэлт хийсэн.

Хоёр хууль хэрэглэж байгаагийн гол утга учрыг хүмүүс төдийлөн дутуу ойлгоод байх шиг. Хэрэгжүүлэхдээ хоёр хуулийн зааг ялгааг сайн ойлгоосой.

-Чухам юуг сайн ойлгохгүй байна вэ?                   

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль нь өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт. Хэнд хаана үйлчилж байна вэ гэдгийг сайн анзаарах ёстой. Өмнө нь бүтээгдэхүүнд эрсдэл гарлаа гэхэд үйлдвэрлэгч, импортлогч хоёрт л хариуцлага тооцдог байсан. Дундаас нь зарж ашиг олж байгаа худалдагч ямар ч хариуцлага хүлээдэггүй байлаа. Харин шинэ хуулиар хүнсний сүлжээнд оролцогч, аль шатанд байгаагаас хамааран хариуцлагыг хүлээх болсон. Өөрийгөө аль үе шатанд хамаарч буйг сайн ойлгож, тавигдах шаардлагыг биелүүлэх ёстой.

-Хяналтыг хэрэгжүүлэх Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн оролцоо ямар түвшинд байх вэ?           

Хуулинд Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн зүгээс бол хүнсний аюулгүй байдлыг  хангахад ямар хяналт хийхийг тодорхой зааж өгсөн. Хэрэглэгч хүртэл өөрөө оролцож байж аюулгүй байдал хэрэгжинэ. Үйлдвэрлэгч өөрийнхөө дотоод хяналтыг хэрэгжүүлнэ. Харин төр эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлнэ. Төр бүгдийг хянах боловсон хүчний нөөцгүй, аль ч талаараа чадамжгүй мөртлөө юм болгоныг хянах гээд байдаг. Энэ байдлыг хязгаарлах зорилготой. Төр чадахгүй мөртлөө нуруундаа ачаа үүрч байхынхаа оронд хүнсний чиглэлийн бүх байгууллагуудын эрсдлийг нь үнэлээд эрдсэлтэй хэсгийг аюулаас урьдчилан сэргийлэх тал руу ажиллаж байна.

-Импорт болон экспортын бүтээгдэхүүнд яг ижил чанар, стандартын шаардлага тавьж байгаа юу?

Өмнө нь явж ирсэн зохицуулалт их гаж байсан. Экспортын бүтээгдэхүүн ААА зэрэглэлийн шаардлага тавьдаг хэрнээ, импортын дотоод хяналт нь А зэрэглэл байх жишээтэй.

Экспортын бүтээгдэхүүн ААА зэрэглэлийн шаардлага тавьдаг хэрнээ, импортын дотоод хяналт нь А зэрэглэл байх жишээтэй.

Муу бол дотооддоо гэсэн эрх зүйн гаж зохицуулалт хүртэл байсан. Харин шинэ хуулиар яг ижилхэн түвшний шаардлага, стандартыг тавьж байгаа.

-Саяхан хүнсний ногоо, тариаланд хэрэглэгддэг бодистой холбоотой мэдээлэл нийгэмд шуугисан. Энэ талаар хуулинд ямар заалт байгаа вэ?

Пестицид бордоонуудыг хүнсний ногоо болон газар тариаланд хэрэглэдэг. Түүнчлэн ариутгал халдваргүйтлын бодис зэргийг заавал Монголд хэрэглэхийг зөвшөөрөхөөр батлагдсан, бүртгэгдсэн бодисыг хэрэглэ гэдгийг хуулинд заасан. ЭМЯ, БОНХЯ, ҮХААЯ-наас жил бүр хэрэглэхийг зөвшөөрсөн бордоо, бодисуудын жагсаалтыг гаргаж байгаа. Бүр 2014 онд ямар улсаас, ямар үйлдвэрээс авахыг заасан.

-Хуулийн заалтаас хэрэгжих боломжгүй ч юм уу, хүндрэлтэй заалтууд байгаа юу. Бодит амьдрал дээр ямар байдлаар тусч байна?

Эрүүл ахуйн талаар нэг заалт байгаа. Хүнсний салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байх ёстой. ЭМЯ-ны сайдын тушаалаар журам батлагдсан. Ямар хүмүүс хамрагдах вэ гэдгийг ч нарийн тусгасан. Гэтэл амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь хэрэгжүүлэх механизмаа ойлгохгүй байгаатай холбоотой. Өвчтэй хүнийг сахисан хүнийг яаж илрүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хэрэгжиж чадахгүй байна.

 Ярилцсанд баярлалаа.