Туяа.У 2014.03.24 | Сайт: Vip76.mn

У.Туяа: Бага ангийн хүүхдүүд орчиндоо болон өөртөө сөрөг хандлагатай нь судалгаагаар илэрсэн

У.Туяа: Бага ангийн хүүхдүүд орчиндоо болон өөртөө сөрөг хандлагатай нь судалгаагаар илэрсэн
Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ББЧБ-ын хэрэгжилтийн багийн ахлагч, доктор

Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ББЧБ-ын хэрэгжилтийн багийн ахлагч, доктор У.Туяатай ярилцлаа.

- Лаборатори сургуулиудад туршиж буй боловсролын шинэчлэлийн сургалтын агуулга өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

Бодлогын агуулга гэдгийг Засгийн Газрын түвшинд, нийт үндэсний хэмжээнд боловсруулж гаргасан. Тодруулбал хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, үүний тулд сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх зорилгыг тавьсан. Хөгжсөн хүүхэд гэдэг бол зөв монгол хүүхэд.

Харин энэхүү бодлогоо хэрэгжүүлэхэд ямар зарчим, үнэт зүйл, ямар концепци баримтлах вэ гэдгээ жил гаруйн хугацаанд 40 сургуультай хамтраад туршиж байна. Үр дүнд нь бодлогын түвшинд өөрчлөлт гарсан. Өмнө дарга нар захирамжилж тэг ингэ гэдэг байсан бол одоо оролцоонд суурилсан бодлого, менежментийг хэрэгжүүлж байна. Ажлын явцаас харахад 1-5 дугаар ангийн сурагчид хүртэл багшаараа, туршилтын сурах бичгээр дамжуулаад юу ойлгомжтой, юу ойлгомжгүй алдаатай байна гэх мэтээр саналаа бичиж байна. Тэгэхээр дарга ч бай, доктор ч бай хүүхдүүдээ сонсох хэрэгтэй нь харагдаж байна. Энэ бол бодлогын хэрэгжилтээс гарсан шинэлэг зүйл.

"Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй-технологи" сургалтанд лаборатори 40 сургуулийн багш, захирал, сургалтын менежерүүд, багшийн мэргэжил дээшлүүлэх институтын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх багийнхан, БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцлоо.

Хоёрдугаарт цогц байх нь чухал. Хийж бүтээсэндээ манай багш нар сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид шинэчлэлийн үйл явцад хангалттай оролцсон. 2004 онд стандарт шинэчлээд хэрэгжүүл гээд орхичихсон. 2008 онд үндэсний шинэчилсэн хөтөлбөр боловсруулсан. Гэхдээ түүх нэгэн сургамжийг үлдээсэн нь цогцоор нь харах хэрэгтэй юм гэдгийг манайхан ойлгосон. Сурагчийг хөгжүүлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын менежментийг сайжруулах, үнэлгээг боловсронгуй болгох зэрэг ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй. Хөтөлбөрийн агуулга шинэчлэгдээд ороод ирэхэд багш, сурагч хоёрт хамгийн түрүүнд сургууль тусална. Энэхүү концепцыг 40 сургууль дээр хэрэгжүүлээд эхний үр дүн гарч байна.

- Шинэ Засгийн Газар гарах болгонд шинэчлэлийн асуудал яригддаг ч эцсээ хүртэл хэрэгждэггүй гэсэн айдас багш нарын дунд байх шиг байна.

Айдас байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ нь дотоод болон гадаад хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт багш нар өөрсдөдөө хэр итгэлтэй байна вэ гэдэг чухал. Багшид түлхүү эрхийг өгч хүүхдүүдээ чухам яаж хөгжүүлэх нь тэдний хэрэг гэсэн үнэлгээний концепцийг дэвшүүлсэн. Эцсийн үр дүн нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн байдлаар үнэлэгдэнэ. Тэгэхээр багш хүн өөрийнхөө ажилд бүрэн эзэн болж итгэл суух хүртэл цаг хугацаа орно гэж бодож байна.

Хоёрдугаарт бодлого хэрэгжүүлэх янз бүрийн түвшинд зарим дутагдал гарч байна. Өөрөөр хэлбэл бодлого боловсруулт, захиргаа, арга зүйн түвшинд бүх зүйлээ тодорхой болгосон ч дунд юмуу нэгж түвшиндээ дээрээс боловсруулсан концепцийг ойлгуулах, хүргэх тал дээр алдаа гарч байна. Айдас энэ хоёр зүйлээс л улбаатай. Гэхдээ айдсыг давуу тал болгох боломжтой.

- Үнэлгээний зарчимд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Шинийг хийлээ гээд өнгөрснийг үгүйсгээгүй. Өмнө нь олсон туршлага, сургамждаа үндэслэж бид шинэчлэлийг хийж буйгаа хэлмээр байна. Өөрчилсөн гэхээс илүү яаж боловсронгуй болгосон бэ гэдэг асуулт оновчтой. Үнэлгээний хувьд хүүхдийг сурлагаар нь ялгах бус хөгжилд нь ямар ахиц гарсныг үнэлэх чиглэлд үйлчилж байгаа. Өмнө 60-аас доош хувийн гүйцэтгэлтэй хүүхдийг муу сурлагатан гэдэг байсныг больж хэрэв хүүхэд 30 хувийн гүйцэтгэлтэй байвал түүнийг нь 40, 50 болгоход анхаарч ажиллах болно. 30 хувийн гүйцэтгэлтэй хүүхдийг муу гэж хэлж болохгүй.

30 хувийн дүн гэдэг ялгаагүй тэр хүүхдийн хөдөлмөр.

Түүнчлэн боловсролын чанарын үнэлгээг сайжруулсан. Боловсролын чанарын үнэлгээ гэдэг бол боловсролын бодлого боловсруулагч хүмүүсийн ажилд үнэлгээ өгдөг систем.

- Боловсролын агуулгад үндэсний онцлог, гадаад орнуудын ололт хоёрыг хэрхэн амжилттай хослуулах вэ?

Шилдэг туршлагуудыг бид судалж ашиглах ёстой. Гэхдээ шууд хуулалгүй өөриймшүүлж, нутагшуулах хэрэгтэй. Ингэсний дараа бие даасан тогтолцоо бий болно.

- Аливаа улс боловсролын агуулгаа боловсруулахдаа тухайн үндэстний сэтгэлгээний онцлогийн талаарх суурь судалгаанд үндэслэдэг. Боловсролын хүрээлэнгээс энэ чиглэлийн судалгаа хийгдсэн үү?

Боловсролын хүрээлэн өмнө нь төсвийн мөнгөөр бус төслийн мөнгөөр амьдарч байсан. Харин одоо бүрэн чадлаараа ажиллах боломж бүрдлээ. Монгол хүүхдийн хөгжлийн талаар маш том судалгааг одоо хийж байна. Урьд нь ийм судалгаа хийгдээгүй. Гэхдээ одоогоор судалгааныхаа үр дүнг бид хараахан гаргаагүй байна. Харин жижиг түүвэр судалгаа хийсэн. Эндээс нэг сэтгэл эмзэглүүлсэн хандлага ажиглагдлаа. Бага ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн судалгааг түүврээр авч үзэхэд тэд орчиндоо сөргөөр ханддаг нь илэрсэн. Өөрөөр хэлбэл амьдрах, суралцах орчин таагүй байна гэсэн үг. Нөгөө талаар хүүхдүүд өөртөө сөрөг хандлагатай байна. Баяр хөөртэй байх насандаа яагаад өөрсдөдөө сөрөг хандаж байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Тиймээс хүүхдэд айдас, дарамт өгдөггүй сургалтын агуулга, арга зүй хэрэгтэй нь ойлгомжтой. Судалгааныхаа үр дүнг туршилтыг хэрэгжүүлж буй багуудад мэдээлсэн.