Д.Чойжамц: Багш гэдэг зүгээр нэг цалин авдаг ажил биш
Гандантэгчилэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц
2014.03.31

Д.Чойжамц: Багш гэдэг зүгээр нэг цалин авдаг ажил биш

Гандантэгчилэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамцтай ярилцлаа.

- Таны бодлоор орчин үед багш, сурагчийн харилцаа ямар зарчим дээр үндэслэх ёстой вэ? Залуу багш нарыг ёс зүйгүй гэсэн шүүмжлэл байдаг.

Ямар ч сургуульд ахлах багш байж, тэр нь залуу багш нартаа зааж сургадаг байвал зүгээр. Ядаж шинэ багш ирэхэд хаана ямар сургууль төгссөн, эрдмийн ямар ажил хийдэг, хэдэн жил багшилсан, шавь нар нь ямар амжилттай явж байгаа зэргээр хөдөлмөрийнх нь үр дүнгээр хүүхдүүдэд ойлгогдохоор танилцуулаад өгөх хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүд анхнаасаа багшийгаа гадна байдлаар бус эрдэм боловсролоор нь үнэлж, үгэнд нь ордог жудагтай болно. Ялангуяа ахлах ангид багшлахаар ирж буй залуу багш нарт хэлж захих зүйл цөөнгүй. Насны ялгаа бага учраас сурагчид багшаа буруугаар хүлээж авах тохиолдол байдаг.  Тиймээс багш хүн сурагчдаа өдсөн байдлаар хувцаслаж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга ухааныг "Ардын сурган хүмүүжүүлэх зүй" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь орчин үеийн багшлах арга зүйн үндэс болох ёстой юм.

Багш хүн өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг. Ёс зүйд суурилсан мэдлэг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвар зэргийг Монголын уламжлалт ухаанд гурван суртахуун гэж нэрлэдэг.

Түүнээс  гадна шавиасаа илүү эрдэмтэй байж, түүнийгээ нотолгоо, ишлэлд тулгуурлаж заах хэрэгтэй. Мөн багш хичнээн эрдэмтэй байлаа ч шавь нартаа ойлгуулж чадахгүй бол тусгүй. Багшийн мэдлэг шавь нарт хүрсний эцэст эрдэм бий болдог.

Багш нартаа захих өөр нэг зүйл бол өглөг, хүндлэлд дулдуйдаж хичээл зааж болохгүй. Өөрөөр хэлбэл эцэг, эхээс нь бэлэг авсан юм, намайг ажилд оруулсан юм гэх зэргээр ялгавартай хандаж болохгүй гэсэн үг.

- Тэгвэл орчин үеийн багш нарын төлөвшлийн талаар та юу хэлэх вэ?

Багшийг зүгээр нэг цалин авдаг ажил мэтээр манайхан боддог. Гэтэл манай улсын ирээдүй яригдаж байна шүү дээ. Энэ сэтгэлгээ багш хүнд байж таарахгүй. 1990-иэд оноос хойш бид бусдыг дуурайх дуртай болчихсон. Хэлнээс жишээ аваад үзвэл Солонгос хэлний “хайр” гэсэн үгийг тэр чигээр орчуулчихсан. Одоо хосууд нэг нэгнээ хайраа гэж дууддаг болчихсон. Монголчууд өмнө нь нэгнээ тэгж дууддаггүй байсан. Учир нь хайр гэдэг үг Монголчуудын хувьд маш эрхэм бөгөөд хааяа хэлдэг үг юм. Монгол хүний оюун ухаан, сэтгэлгээний дархлаа аажим аажмаар алга болсоор байна. Багш нар энэ мэт зүйлсийг анхаарч сурагчдаа хүмүүжүүлэх хэрэгтэй.

- Шавийн эрдмийг уламжлалт ухаанд хэрхэн авч үздэг вэ?

Монгол уламжлалд шавийн дөрвөн эрдэм гэж бий. Багш хүн эхлээд савыг бэлдэх ёстой. Сурагчийн оюун сэтгэхүй гэдэг нэг ёсны сав байдаг учраас түүн рүү мэдлэг оруулахын тулд эхлээд бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Сав нь дотроо хэд хэдэн янз бий. Нэгдүгээрт шавь хүн хөмөрсөн аяга шиг байж болохгүй. Өөрөөр хэлбэл юу ч хэлээд хүлээж авдаггүй, ойлгодоггүй шавьд эрдэм заана гэдэг бэрхшээлтэй. Багш хүний гол зорилго тэр аягыг дээш нь харуулах. Хоёрдугаарт цоорхой аяга шиг байж болохгүй. Сургасан эрдмийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг сурагчид байдаг. Гуравдугаарт хиртэй аяга шиг байж болохгүй. Хиртэй аяганд ямар ч идээ будаа хийсэн өвчний шалтгаан болдогтой адил сурагч хүн мэдсэнээ буруу зүйлд ашиглаад байж болохгүй. Ийм л гурван зарчмыг багш хүн анхаарч ажиллах хэрэгтэй.

- Шавь төвтэй сургалтын үзэл санаа Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд байсан уу?

Уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд багш төв, шавь төвийн аль нь ч байгаагүй. Учир нь шавийн дөрөв, багшийн арван эрдэм гэдгийг чанд сахидаг байсан. Багш, шавь болно гэдэг их нарийн шалгууртай ажил байсан юм. Нэгэнт шавь орсон цагт багшаа бурхан мэт шүтсэн ч болно гэж үздэг байв. Үүний зэрэгцээ багш, шавь хоёр нэг нэгнээ эрхэмлэж байж эрдмийг цогцлоодог.

Уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд багш төв, шавь төвийн аль нь ч байгаагүй.

Харин багш, шавь болсны дараа шавь хүн өөрийгөө өвчтэй хүн гэж бодох ёстой. Өөрөөр хэлбэл мэдлэггүй, мунхагийн харанхуйгаар өвдсөн гэсэн үг. Тэгэхээр багш бол эмч хүн юм. Харин анагаах эм нь ном. Ийм гурван зарчмаар багш, шавь хоёр ажилладаг байсан. Эрт дээр үеэс Монголчууд багшийг хүндэлж, багш дор мөргөмүй гэж ярьдаг байсан нь ийм учиртай.

Мэдлэг галд шатахгүй, үерт урсахгүй, зуданд үхэхгүй. Эзэн нь амьд байгаа цагт мөнгө ч болдог, хоол ч болдог, орон сууц болдог. Ийм нандин зүйлийг хүний оюунд суулгаж өгдөгөөрөө багш бол юунаас ч илүү эрхэм.