Өнөржаргал.Ч 2014.06.16 | Сайт: Vip76.mn

Ч.Өнөржаргал: Хэрвээ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал татвар төлөгч улам хүнд байдалд орно

Ч.Өнөржаргал: Хэрвээ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал татвар төлөгч улам хүнд байдалд орно
СЭЗДС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал

СЭЗДС-ийн ахлах багш Ч.Өнөржаргалтай НӨАТ-ын хуулийн шинэчлэл хэр зүйтэй талаар болон тэгш шударга зарчим хэрхэн үйлчилж байгаа талаар ярилцлаа.

-НӨАТ-ын хуулийн шинэчлэл яригдаж байгаа. Босгыг 50 саяар тогтоогоод, авах хувь хэмжээг өөрчлөхгүйгээр заасан байсан. Гэхдээ бүтэн жилийн хугацаанд явагдсан НӨАТ-ын хэлэлцүүлгээс хүн бүр НӨАТ төлөгч байж, босго тавих шаардлагагүй гэж байсан. Хууль санаачлагчдын 50 саяын босго асуудлыг шийдэх үү?

Учиргүй шийдэхгүй. Өмнөх НӨАТ-ын хуулийн сөрөг үр дагавар нь хуулиасаа илүү хэрэгжүүлэлт дээр алдаа байсан. Аж ахуй нэгжүүд мөнгөн дарамтаас гадна сэтгэл санаа, хэрэгжүүлэх процессын дарамтад ордог. НӨАТ төлөгчөөр нэгэнт бүртгүүлчихвэл их хүнд байдалд очдог нь бүх субьектууд хуулийг нэг мөр ойлгож, нэг янзаар тайлбарлахгүй байгаатай холбоотой.

2007 онд НӨАТ-ын хууль дөнгөж батлагдаад эхний хоёр гурван жилд манай улсын эдийн засаг өсөлттэй байхад өөрөөр тайлбарлагдсан хуулийн зүйл заалтууд энэ жил санхүүгийн хүндрэлтэй, улсын төсвийн орлого тасалдсан үед татварын алба шахагдаад, төлөвлөгөө биелүүлээгүй болоод ирэхээр өөрөөр тайлбарлагдаж, татвар төлөгчийг асар ихээр хохироож эхэллээ.

-Хохироох биш харин ч татварын бодлогын шинэчлэл явагдаж, бизнесийн орчныг сайжруулна, буцаан олголтыг хийдэг болно гэх мэтчилэн сайн сайхан мессежийг нийгэмд өгч байгаа шүү дээ. Хууль санаачлагчдын зүгээс НӨАТ-ын босго 10 сая байхад Татварын газар ажлаа дийлэхээ больсон учир 50 сая болгох хэрэгтэй гэж байсан. Энэ шинэчлэл мөн үү?

Босгыг үгүй болгоод хүн бүр НӨАТ төлөгч болж, тайлангаа гаргахад татварын албан нэг их хүндрэл учрахгүй.  Дурын интернэттэй цэгээс тайлангаа бэлтгэж байна.

НӨАТ төлөгч 20,0 мянга орчим аж ахуй нэгж байгаа.

Нөгөө талдаа татварын албаны ажлыг татвар төлөгч нар хүндрүүлдэг. Үсчин, зурагчин гээд өөр нартай холбоотой. Тэд үсчин, зурагчин гээд өөр мэргэжлийн хүмүүс атлаа нарийн мэргэжил шаарддаг татварын тайлангаа өөрсдөө гаргах гэж зүтгэд буруу хийдэг. Ингээд л нааш цааш олон дахин явж ажил хүндрүүлдэг. Уг нь мэргэшсэн зөвлөх авах хэрэгтэй. 

-НӨАТ-ын шинэ хуулийн төслийг та харсан уу. Ямар санал дүгнэлт хэлэх вэ?

Үндсэн зарчим, үзэл баримтлал нь юу юм бэ. Яах гэж шинэчлэл хийж байгаа вэ. Би ойлгохдоо шинэчлэлийг татвар төлөхөөс зайлсхийдэг бүлэг хэсгийн айдсыг үгүй болгож, төлөхгүй баян амьдардаг хэсгийг төлдөг болгох гэж тэгш шударга байдлыг бий болгох гэж бодсон. Гэтэл хамгийн сүүлд боловсрогдсон хуулийн төслийг харахад шал эсрэг явж байна лээ.

Зүйл заалтууд нь өөр хоорондоо алдаа мадагтай, бусад улс орнуудын нийтлэг зарчмуудыг зөрчсөн, татварыг яавал амархан хураах вэ, яавал татвар төлөгчдийг хэцүү байдалд оруулах вэ гэдэг үүднээс хандсан юм шиг хэтэрхий хахих хатуу, боомилсон зүйл заалт зөндөө байна. Давхардсан санаа ихтэй, өмнөх алдаагаа улам лавшруулсан.

-Уг нь байнгын хороон дээр хуулийн төслийг танилцуулахдаа их сайн хууль, шинэчлэл болсон гэж байсан. Та яагаад тэгж үзэж байгаа юм?

Иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг өгөх санаа нь их зөв. Гэхдээ манай нөхцөлд хэрэгжүүлэхдээ жанхууруулдаг талтай. Буцаан олголт нь танил тал, оочир дараалал, бөөн хүнд суртал болохоос айж байна.

Мөн татвар төлөгч нар бүгдээрээ кассын машин тавина гэхээр хоёр гурван салбартай жижиг бизнес эрхлэгчдийн зардал өсч, дарамттай  гэдгийг хэлэлцүүлэг дээр ярьж байсан. Би хуучин болон шинэ хуулийн  төслийг хооронд нь харьцуулж, дэвшил, ухралыг харсан. Хуулийг боловсруулахдаа татвар хураагчийн талаас хэтэрхий харсан юм шиг санагдсан. Уг нь тал талаа бодолцох ёстой.

-НӨАТ-ын хуулийн нэг дутагдалтай тал нь хөнгөлөлт чөлөөлөлт хэт их. Дэмий чөлөөлөлтүүд ихтэй гэж Сангийн сайд хүртэл ярьж байсан?

 Хэрвээ үйлдвэрлэгчийг дэмжих гэж байгаа бол шууд бус татвараар биш, орлогын татвараар дэмжих ёстой. Ашигт татвараар нь дэмжих

Кассын машин

ёстой. Одоогийнх шиг үйлдвэрлэгчдэд ашиг болж үлдээд, хэрэглэгчдэд дэлгүүрээс НӨАТ-тай үнээр худалдаж авч байгаа нь сонгодог утгаараа хөнгөлөлт чөлөөлөлт биш. Эцсийн хэрэглэгчээс хурааж авсан НӨАТ-ыг үйлдвэрлэгчдэд ашиг болгон үлдээж байгаа лобби.

Үнэхээр чөлөөлье гэвэл одоогийн хуулийн заалт хангалттай. Өнөөдөр аж ахуйн нэгжийн 50 хувийг хөнгөлж байна. Гэтэл буруу хөнгөлөлтөөс болоод үр тарианы үйлдвэрийг технологийн хувьд сөхрүүлчихлээ. Сэлэнгийн тариаланчид их хурлын гишүүдийг урдаа барьсаар хөнгөлөлт чөлөөлөт аваад, НӨАТ-гүй болоод бүгд газар тариалангийн бизнес рүү хошуурч, гурилын чанарыг муутгасан. Буруу бодлого шийдвэр ийм л үр дагаварт хүргэдэг.

Хэрвээ хөнгөлөлт чөлөөлөлт үр ашгаа өгсөн бол яагаад импортын улаан буудайг оруулж ирэх гээд хуулийн төсөл хэлэлцээд байгаа юм. Эндээс л бодох ёстой.  

-Нөгөө талдаа хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй хүмүүс татвараа төлж, улам их хохирч байгаа юм шиг?

Тийм. Тэр хөнгөлөлтөд ордог этгээдүүд НӨАТ-ын тайлан гаргадаггүй. Бор зүрхээрээ явж байгаа хүмүүст татварын хэрэгжилт ширүүн хандаад, хянаж шалгахаараа заавал акт тавьж, нөхөн татвар, торгууль алданги тооцдог.

-Тийм жишээтэй таарч байсан гэсэн үг үү?

Миний шавь нар заримдаа ирж тавиулсан актаараа зөвлөгөө авдаг. Хуулинд байхгүй зүйлээр эсвэл мушгин гуйвуулаад акт тавьсан байдаг. Эргээд маргаан таслах зөвлөл дээр татвар төлөгчийн талд шийдэгдэж байгаа ч гэсэн хайран цаг хугацаа, татвар төлөгчийн сэтгэл санаа хохироод үлддэг.

Энэ бол хууль хэрэгжүүлэх процессын алдаа. Тухайлбал барилгын салбарын онцлогоос шалтгаалж, барилга баригдаж дууссаны дараа, комисс хүлээж авсаны дараа эцсийн борлуулалтаас татвар ногдуулах журамтай ч одоо болохоор мөнгө орж ирэх болгонд НӨАТ-аа тушаа гэсэн байгаа юм. Барилгаа барих гээд мөнгө нь дутаж байхад замаас нь НӨАТ авч байгаа нь хуулийг гажуудуулж буй хэрэг.

-Шинэчлэл болж чадаагүй гэсэн үг үү?

Ухарсан. Гэхдээ гээнэдээ ч бий, гоонодоо ч бий гэдгээр татварын албаныхныг Засгийн газраас төлөвлөгөө биелүүлсэнгүй гэж дарамталдаг болохоор тэд хуулийг мушгин гуйвуулж, акт тавихаас аргагүй байдалд орж байгааг мэдэх хэрэгтэй.

-Тэгэхээр яах ёстой вэ. Яаж шинэчлэл хийх вэ?

Шинэчлэл гэж хуурсан зүйл хийдэг. Мессеж нь гоё ч хэрэгжүүлэхдээ асуудал болдог. Тиймээс Засгийн газраас ТЕГ дарамталдгаа болих хэрэгтэй. Шинэ хууль нь татвар хураагч, татвар төлөгчийн нүдээр харсан биш, хөндлөнгийн нүдээр харсан, бусад хуулиудтай, концепцитой зөрчилгүй маш сайн боловсруулагдсан байх ёстой.

Дээрх алдааг засч байж шинэчлэл эхлэнэ. Гол нь хуулийн заалт нь нэг мөр ойлгогдохоор эвтэйхэн сайхан монгол өгүүлбэрээр, хоёр гурван

салаа утгагүй бичигдэх ёстой.

 Хэрвээ ингээд ирвэл, улс орон нүдэр дээр нь сайхан болоод, нийгэм нь таатай болоод ирвэл татвар төлөгчид ухамсараараа төлнө шүү дээ. Улам хавчаад л байвал зугатах болно.

Дээрээс нь  татварын үйл ажиллагаа сайжрахгүй бол, мөнгө илүү нэхдэг, дарамталдаг тогтолцоо арилахгүй бол татвар төлөгчийн ухамсар дээшлэхгүй. Хэрвээ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал татвар төлөгч улам хүнд байдалд орно. Татварын алба төсвийн орлого тасарна гэсэн хүрээнээсээ гарах хэрэгтэй.

 Ярилцсанд баярлалаа.