Ч.Нэргүй: Бизнесийнхэнд өгөх хамгийн том “БЭЛЭГ”-ийг хүлээж байна
МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй
2014.08.29

Ч.Нэргүй: Бизнесийнхэнд өгөх хамгийн том “БЭЛЭГ”-ийг хүлээж байна

МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүйтэй төрийн өмчийн компаниудын чадавхи болон төр өмчөө хэрхэн зохицуулах ёстой талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд төр өмчгүй байх ёстой, эсвэл хувийн хэвшилд шилжүүлэх ёстой гэх мэтээр төрийг өмчөө үр ашигтай удирдаж чадахгүй байна гэх хандлага гарах болсон. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хувьд олон мянган хувийн хэвшил, компаниудын эрх ашгийг  төлөөлж байгаагийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Зах зээлийн жамаар явж байгаа тохиолдолд  эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо аль болох бага байх ёстой. Зайлшгүйшаардлагатай тохиолдолд оролцохоос биш бусад үед бүүоролцооч хэмээн тэд хүсдэг. Төр оролцоод ирэхээр зах зээлийнхээ дүрэм журмыг алдагдуулж шударга өрсөлдөөнийг хумин  хувийн хэвшлийнхнийг шахах гажуудал үүсдэг. Тиймээс зах зээл хөгжсөн орнуудад төрийн оролцоог бага буюу хамгийн доод хэмжээнд байлгах бодлого барьдаг. Уг нь сүүлийн хорин жил манай төрийн бодлого энэ чиглэлд явсан ч  үр дүн, ахиц муу байна. 

Ялангуяа  сүүлийн жилүүдэд төр бүхнийг мэддэг, зохицуулдаг, бизнес хийдэг байгууллага болох гээд байна. Энэ байр сууринаас л бизнесийнхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүний нэг хэсэг нь төр өмчтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал.

Мэдээж цэцэрлэг, сургууль гэх ч юм уу нийгмийн салбарт өмчтэй байх нь ойлгомжтой. Түүнээс гадна стратегийн ач холбогдолтой салбарт төр өмчтэй байх нь аргагүй. Гэхдээ 100 хувь өөрийн гартаа бариад бай гэсэн үг биш. Тодорхой хяналтын багцтайгаар хувийн хэвшилтэйгээ хамтран эзэмшдэг  олон улсын туршлага байгаа шүү дээ.

-Төр хувийн хэвшлийн түншлэл гэх уриа лоозон их явах болсон шүү дээ. Энэ хүрээнд тодорхой ахиц гаргаагүй гэж үү?

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж их ярих болсон ч бодит амьдралд хэрэгжиж буй нь хангалтгүй байна.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого,  Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги, Концессын хууль  зэрэг эрх зүйн  баримт бичгүүд гарсан хэдий ч хэрэгжилт сул, харин ч хувийн хэвшлээ гадуурхах, үл тоох хандлага ажиглагдах болсон нь  харамсалтай. 

  Сүүлийн үед засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, бодлого шийдвэрүүдийг  харахад  төр бүх зүйлд оролцох, хийх  гэсэн буруу  чиг хандлага ажиглагдах боллоо.   Нэгэнт манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэн бүтээж байгаа тохиолдолд  тэднийг дэмжсэн, тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах  ёстой нь тодорхой. 

Гэтэл эсрэгээр төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд олноор байгуулж  хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж байгаа нь  нөгөө төр, хувийн хэвшлийн түншлэл гэгч цаасан дээр л үлдэж буйг харуулж байна.  Төр өмчтэй байж болно, гэхдээ өмнө хэлсэнчлэн  тодорхой хүрээнд, тодорхой хэмжээнд байх шаардлагатай.  

Өнөөдөр манайд  төрийн өмчийн  болоод төрийн өмчийн  оролцоотой 100 гаруй компани байгаагийн дийлэнхи нь  алдагдалтай ажиллаж байна. 

Хэрэв эдгээр компаниуд хувийн  хэвшлийнх  байсан бол бүгд дампуурсан байгаа.  Гэтэл төрийнх учраас л ингэж алдагдалтай ажиллаад, төрөөс татаас аваад ль та бидний төлж буй татварын мөнгийг үр ашиггүй үрээд сууцгааж л  байна.  Тиймээс төр бүх өмчийн эзэн болох гэж зүтгэлгүй боломжтой бол хувийн хэвшилд өгч, чаддаг хүмүүсээр нь удирдуулах хэрэгтэй.

-Та түрүүн төрийн өмчит компаниудыг дандаа алдагдалтай ажилладаг гэсэн. Гэхдээ Төрийн өмчийн хорооны зүгээс энэхүү алдагдлыг валютын ханшийн зөрүү болон заавал татаас өгөх ёстой салбаруудаар тайлбарласан. Энэ нь хэр бодитой вэ?

Би ТӨХ-оос гаргасан 100 гаруй ТӨК, аж ахуй нэгжүүдийн жагсаалт тайланг харсан. Цөөн тооны  Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет зэрэг  аж ахуйн нэгжүүдийг үл тооцвол дийлэнхи нь алдагдалтай байсан. Дээд тал нь 10 тэрбумын алдагдалтай, доод нь хэдэн зуун саяын алдагдалтай. Уг нь төр бизнес хийх үүрэггүй.

Дээд тал нь 10 тэрбумын алдагдалтай, доод нь хэдэн зуун саяын алдагдалтай. Уг нь төр бизнес хийх үүрэггүй.

Та бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж  өгөх үүрэгтэй болохоос биш хувийн хэвшилтэйгээ адилхан үйлдвэр байгуулаад, худалдаа наймаа хийгээд  байх шаардлагагүй. Харин худалдаа наймаа хийх бололцоо, боломжийг нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ  шударга, тэгш олгох ёстой.

Өөр нэг анхаарах зүйл бол  Төрийн өмчит компаниудын алдагдлын нэг шалтгаан нь хүмүүсийн хандлагатай холбоотой. Төрийн өмч бол миний өмч биш, чиний ч  өмч биш, нийтийн өмч учраас түүнд хандах хандлага нь өөр байдаг.

Би саяхан нэг хүнээс  нэг төрийн өмчит хувьцаат компани харуулынхаа  байрыг 160 сая төгрөгөөр зассан гэдгийг сонссон. Яаж ч бодсон тэр алгын чинээхэн байрыг ийм их мөнгөөр  засахгүй нь ойлгомжтой.  Тэгэхээр төрийн өмчийг дундаас нь идэж уудаг, завшдаг, шамшигдуулдаг  явдал түгээмэл болсоныг энэ жишээ  тод  харуулж байгаа юм.

Нийтийн өмч учир хэн ч гомдол тавьдаггүй, хянадаг газар байдаггүй, байдаг ч тэр нь үүргээ гүйцэтгэж чаддаггүй, тэгээд л төр хохироод өнгөрдөг. Тийм учраас төрийн өмчийг аль болох боломжоор нь хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй.

-Жил бүрийн Монгол эдийн засгийн форумаар хувийн хэвшил болон эдийн засагч нар энэ талаар ярьдаг. Тэр ч үүднээс эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрт төрийн өмчит 20 гаруй компанийг хувьчлах шийдвэр гарсан юм биш үү. Энэ нь хэр зүйтэй алхам болсон гэж харж байна?

Бодлогын хувьд зүйтэй нь ойлгомжтой.  Гэхдээ хувьчлах бол төрийн өмчийн асуудлыг шийдэх нь нэг л арга. Өөр олон үр дүнтэй аргуудыг  хэрэглэх шаардлагатай байгаа юм.  

Саяхан Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн нилээд обьектыг  худалдах  шийдвэр гарсан. Гэтэл дуудлага худалдааг 2-3 удаа зарлахад нэг ч хүн худалдан авах санал ирүүлээгүй байна.  Энэ нь нэг талдаа эдийн засгийн  хүндрэл  аж ахуйн нэгжүүдийн  санхүүгийн байдалд нөлөөлсөнтэй холбоотой ч нөгөө талаар төрийн зүгээс ямар ч үр ашиггүй, бүтээмжгүй зүйлээ зарах гээд байгаатай шууд холбоотой.  Хүн хуучин  машинаа  шууд худалддаггүй.

Засч, сайжруулан будаж шунхдасныхаа дараа зардаг.  Үүнтэй адил төр өмчөө хувьчлахаас өмнө тодорхой хэмжээнд  засч сайжруулан хүн аваад ажиллуулах боломжтой болгохоос гадна   эрх зүйн орчин,  дүрэм журмийг нь тодорхой, ойлгомжтой болгож  өгөх  ёстой. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр ерөнхийдөө дуусч байна. Энэ хүрээнд эдийн засгийн орчныг сайжруулах алхмууд хэр хийгдсэн гэж дүгнэж байгаа вэ? 

Одоохондоо энэ талаар  МҮХАҮТ-ын албан ёсны  байр суурь гараагүй байна.  Өөрийн хувийн бодлыг хэлэхэд  Засгийн газар тодорхой  арга

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй.

хэмжээ авч, ажиллаагүй биш ажилласан. Гэхдээ  өргөс авсан юм шиг асуудал дороо шууд шийдэгдэхгүй.

Харамсалтай нь танхимаас санал болгосон, нийт бизнесийнхний хүсэн хүлээж байсан  тодорхой асуудлуудпыг шийдэж чадсангүй. Тухайлбал татварын реформ, эдийн засгийн өршөөлийн хуулийг баталсангүй. НӨАТ-ын шинэчлэлийг яаралтай хийх байсан ч хийсэнгүй.

Уг нь энэ бүхэн бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийг эрчимжүүлэх  гол  хүчин зүйлүүд  байсан юм. Өөр олон хуулийг хэлэлцсэнгүй, гаргасангүй.

-Тухайлбал ямар хуулиуд байсан бэ?

Өрсөлдөөний хууль шинэчлэгдэх ёстой байсан. Тусгай зөвшөөрлийн хууль байна. Бизнесийнхний маш ихээр хүлээж байсан тусгай зөвшөөрлийг тавин хувиар багасгах шийдэлд хүрэх байлаа. Бизнес эрхлэгчдийн хамгийн их  хүсэн хүлээж байсан  НӨАТ-ын хууль хэлэлцэгдсэнгүй.  

Энэ бүгдийг эдийн засгаа сэргээх үүднээс өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан. Одоо намрын чуулганаар чих тавин л хүлээж байхаас өөр аргагүй.

Татвартай холбоотой нэн яаралтай өөрчилж шинэчлэх 20 гаруй  хууль байна. Уг нь эдгээр хуулийг яаралтай батлуулаад хэрэгжүүлж эхэлбэл  бизнесийнхэнд, хувийн хэвшилд  өгөх  хамгийн том бэлэг болох учиртай.

Түүнээс биш бизнесийнхэн төр засгаас мөнгө, хөрөнгө оруулалт гуйхгүй. Бизнес эрхлэх орчин нөхцлөө тогтвортой, боломжийн байлгаж өгөөч гэж хүсч байна.

-Төрийн өмчийн асуудалд эргээд орьё. Дэлхийн улс орнуудын хандлагыг ажиглахад газрын тос, эрчим хүч, байгалийн нөөцийн олборлолт зэрэг салбараа төр нь хүчтэй удирдсаар байгаад ямар дүгнэлт хийж болох вэ?

Дэлхийн улс орнуудын чиг хандлагыг харахад хоёр л чиг хандлага ажиглагдаж байна. Нэг хэсэгт нь төр нь стратегийн  гэсэн  салбараа

Хятад улсын Төрийн өмчит компанийн байдал

гартаа атгачихдаг. Тухайлбал Хятад улс.  Нөгөө нэг чиг хандлага нь барууны хандлага. 

Төр нь зах зээлийг ерөнхийд нь хараад хянаад явж байдаг. Тэрнээс биш шууд оролцдоггүй. Тухайлбал Герман улс. Стратегийн ач холбогдолтой бүх салбарт  нь хувийн хэвшил давамгайлсан ж байдаг. Харин улс орны эрх ашиг, хөгжилд сөргөөр нөлөөлөх гэвэл төр нь буцаагаад авчихдаг.

-Манай улсын хувьд ямар байдалтай байгаа вэ. Стратегийн гэсэн салбараа зөв тодорхойлж чадаж байна уу?

Стратегийн гэж юуг хэлэх вэ гэдгээс эхлээд маргаантай. Нүүрсийг стратегийн ач холбогдолтой гэхээр аль ч улс бүрт байдаг зүйлийг тэгж нэрлэх нь зөв үү.

Нүүрсний нөөц Орос, Хятад, Австрали гээд бүх улсад байна. Яг ямар салбар, бүтээгдэхүүнийг  стратегийн гэх,  тэрийгээ яаж хамгаалах , хэрхэн оролцож хамтрах  гээд  бодлогын шинжтэй үйл ажиллагаа дутагдаад байна. Төр болохоор бүхнийг мэддэг,  чаддаг   юм шиг зохицуулах гээд,  хувийн хэвшил нь төрөө царайчлаад гуйгаад явдаг буруу хандлага давамгайлаад  байна.

Одоо дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийг ярьж байна,  хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд ч  тогтвортой бодлого  хэрэгтэй байна. Урд хөрш маань хурдацтай хөгжиж байгаагийн гол нууц нь тогтвортой бодлого шүү дээ.

Төр засагт хэн ч гарсан  бодлого нь өөрчлөгддөггүй. Манайх бол эсрэгээрээ. Гадны хөрөнгө оруулагчид өндөр татварыг тоолгүй тогтвортой бодлогыг л хүсдэг.

-Намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоо нөлөөлж байгаа байх. Та үүнтэй санал нийлэх үү?

Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Намуудын төлөвшил ч нөлөөлж байна. Өнөөдөр манай улс төрийн намууд  төлөвшиж амжаагүй, ерөөс хэдэн хүний  ашиг сонирхлыг хамгаалдаг, хэрэгжүүлдэг байгууллага болоод байна.  

Дээр нь төрийн зүгээс эдийн засаг, бизнесийн харилцаанд оролцох оролцоо, хязгаар зэргийг тогтоосон, заасан, хориглосон хууль эрх зүй байхгүй байгаа нь  томоохон нөлөө үзүүлж байна.

Аль ч улсад төрийн өмч төрийн өмч л байдаг, идэж уух, ашиглах явдал гардаг. Тиймээс   тэд төрийн оролцоогоо  хууль журмаар  зохицуулсан байдаг.   Өөрөөр хэлбэл төр юунд  оролцох, оролцохгүйг хуулиараа зааглаад өгдөг. 

Уг нь өнгөрсөн жил Эдийн засгийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг томилоод төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх  хуулийн төсөл явж байсан. Даанч таг болчихсон. 

Дээр нь улс төрийн тогтолцооны гажуудал байгаа. 1992 оны Үндсэн хуулийг  өөрчлөх, шинэчлэх  цаг болсон.  Тэгэхгүй бол энэ чигээрээ явбал монгол улсын ирээдүй,  эдийн засгийн хөгжил нэн бүрхэг харагдаж байна.

Ярилцсанд баярлалаа.