Равдандорж.Ж 2014.09.08 | Сайт: Vip76.mn

Ж.Равдандорж: Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ерөнхийд нь сайн гэж үнэлдэг

Ж.Равдандорж: Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ерөнхийд нь сайн гэж үнэлдэг
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржтой төрийн өмчийн компанийг хэрхэн удирдаж байгаа талаар ярилцлаа.

-Алдалгүй ажиллах боломж байгаа юу. Танайх хэдэн тэрбумын алдагдалтай ажиллаж байна вэ?

2-3 тэрбум төгрөгний алдагдалтай. Яагаад гэвэл 1 төгрөгөөр эрчим хүчээ үйлдвэрлэчихээд 50 мөнгөөр өгөхөөр 50 мөнгөний алдагдалтай гарах нь ойлгомжтой

Алдагдал гэдэг бол манай компанийн үйл ажиллагаа гэхээсээ илүү эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал. Үйл ажиллагааны зардал нь орлогоосоо давах гээд байдаг. Гэхдээ манай компанийн хувьд хамгийн бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн тодорхой зөвшөөрөгдсөн хэмжээнд үндсэн үйл ажиллагааны хүрээнд үйлчилгээ үзүүлэх байдлаар орлого олдог. Ер нь компаниа алдагдалгүй ажиллуулах ямар боломж байна бүгдийг нь шавхаж ажилладаг.

-Та жишээ нь компанийн захирлаар хоёр жил ажиллаад ямар шинэ санал санаачилга гаргасан бэ, хэрэгжүүлж байгаа юу?

Үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан аюулгүй ажиллагааны “Алтан дүрэм”-ийг батлан гаргасан. Осол авааргүй, аюулгүй ажиллагааг хамгийн гол зорилгоо болгож ажиллаж байна. Дэлхийн олон улс орны томоохон компаниуд аль хэдийнэ хэрэгжүүлчихсэн зүйл. Манай улсад анх удаа Бороо гоулд, Оюутолгой нэвтрүүлсэн.

Барууны хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн үйлдвэрлэлийн технологийг оруулж байгаа гэж ойлгож болно. Ажилчдын ухамсартай холбоотой зүйл байдаг.

-Ямар үр дүн гарч байна вэ?

Үр дүн гарч байгаа. Томоохон үйлдвэрийн ослын дараа хэрэгжүүлсэн. Гэхдээ олон том арга хэмжээ, техник технологийн шийдлийг авсаны дараа хавсарч хэрэгжүүлж байгаа гэдгийг зөв ойлгох хэрэгтэй.  Үр дүн нь жилийн дараа мэдэгдэх болов уу.

-Эрчим хүчний компаниуд хэдийгээр алдагдалтай ажилладаг ч үйл ажиллагаа нь доголдолгүй байдаг гэдгийг олон экспертүүд хэлдэг. Ялангуяа менежмент сайтай гэх юм билээ. Танай хувьд ямар вэ?

Өрсөлдөх чадвар гэдэг бол байгууллагын нөөцийг бүрэн хэмжээгээр нь хөдөлгөж ажиллана гэсэн үг. Энэ утгаараа орчин үеийн тэргүүлэх техник, технологийг нэвтрүүлж тасралтгүй сайжруулж, шинэчлэх үйл явц юм. Хамтран ажиллах багаа бүрдүлэхдээ мэргэшсэн туршлагатай, гэдэг шалгуур баримталдаг.

Миний хувьд гол баримталдаг зарчим бол аливаа ажлыг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд төгс хийхийг шаарддаг. Нийтлэг монголчуудын хувьд ажлаа цагт хугацаанд хийж ачааллаа тэнцвэржүүлж, жигд ажиллах нь хамгийн үр дүнтэй гэж боддог.

Компанийн хөгжлийн асуудал бол хүний хөгжлийн асуудал.

Компанийн хөгжлийн асуудал бол хүний хөгжлийн асуудал. Тэгэхээр өндөр боловсролтой, чадварлаг хүний нөөцтэй болох явдал гэж сүүлийн үед тодорхойлож байна шүү дээ.

Компанийн засаглалыг ч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Компанийн засаглалыг сайн болгоогүй цагт өнөөдөр маргааш хоёрт мундаг байсан ч ирээдүйдээ нурж унадаг гэдгийг ойлгосон. Жишээлбэл манай компани санхүү менежмент, санхүү төлөвлөлт, нябо бүртгэл, хүний нөөцийн асуудал, захиргаа удирдлагын асуудлууд бүгдээрээ програмчилалд оруулсан. Алхам алхмаар явж байна.

-Төрийн өмчит компани байхын давуу тал нь юу байдаг вэ?

Төрийн өмчтэй гэдэг утгаараа баталгаатай, найдвартай гэсэн ойлголт байна. Эсрэгээрээ ямар ч өрсөлдөөн байхгүй монополь гэсэн ойлголт байна. Давуу сул тал гэж ярихаас өмнө төрийн компани төрийн бодлого юуг чухалчилсан, төрийн бодлогоор юуг зохицуулж байх ёстой талаас нь харах ёстой.

Жишээлбэл эрчим хүч бол улс орны үндсэн гол түлхүүр. Эрчим хүчтэй байсан цагт эдийн засаг хөгжинө, аж ахуй эрхэлнэ, бизнесийн үйл ажиллагаа явагдана. Тийм учраас аливаа улс орон эрчим хүчийг  төрийн бодлогодоо нэг номерт тавьсан байх ёстой.

Бид чухам үүний л дагуу ажлаа хийж байгаа.  Манай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний хувьд монополь. Учир нь дэлхийн практикт дамжуулах сүлжээ хэзээ ч хувьчлагддаггүй.

-Төрөөс татаас өгөхөөс гадна өөр ямар дэмжлэг байдаг уу?

Төрийн компани бол улс орон, ард иргэдийнхэээ өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээнэ. Мөнгө нэхээд суугаад байхгүй. Эрчим хүчний салбар маань олон жилийн турш  бэлтгэгдсэн найдвартай чадварлан боловсон хүчинтэй учир асуудал гаргалгүй ажлаа л хийдэг.

Манай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний хувьд монополь.

Барууны Англи, Америк, бар  болсон Солонгос, Сингапур зэрэг орны инженер техникийн ажилчидтай цуг ажиллахад манай мэргэжилтнүүд илүү гарна уу гэхээс дутна гэж байхгүй. Илүү чадварлаг байдгийг бахархалтай хэлнэ.  Манай ажилчдын цалин эрчим хүчний салбар дундаа цалин өндөрт тооцогддог.

Энэ байдалд явуулж буй үйлдвэрлэл, зохион байгуулалт, удирдлагын үр ашигтай ажиллагаа бүгд нөлөөлж байгааг хэлэх хэрэгтэй.

Монгол улсын төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ерөнхийд нь сайн гэж үнэлдэг. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хувьд ихэнхи төрийн өмчит компаниуд улсаас хараат татаасаар санхүүжиж байдаг. Ийм нөхцөлд илүү сайн ажиллахад хүндрэлтэй. Эдгээр компаниудын үйл ажиллагааг төр удирдаж байгаа учраас төрийн бодлого шууд үйл ажиллагааны тусгал болдог.

Эрчим хүчний компаниудын хувьд үнийн асуудал бүх асуудлын гогцоо байдаг. Эрчим хүчний үнийг чөлөөлөх гэхээр ард түмний нуруур дээр асар их ачаа болох гээд байдаг. Энэ байдлаар татаас аваад яваад байхаар улсын төсөвт ихээхэн дарамт учирдаг. Тэгэхээр эндээс гарах гарц бол хамгийн үр ашигтай технологиор хямд эрчим хүч үйлдвэрлэх явдал юм. Хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудал хамгийн чухал юм.

-Ажилчид дундаас гарсан санал санаачилгыг хэрхэн ажил хэрэг болгодог вэ?

Би хүнийг ялгаж харьцдаггүй. Хэн ч байсан байгууллагын үйл ажиллагаанд хэрэгтэй бол санаа саначилгыг хүлээж авдаг. Дороос дээрээс гэсэн ялгаа байхгүй.

-Төрийн өмчийн байгуулагуудын удирдлага ямар байх ёстой вэ, тавигдах шаардлага, сэтгэлгээний онцлог?

Төрийн өмчийн байгууллгауудын удирдлага их өргөн хүрээнд сэтгэж, алсыг харсан бодлого баримталж ажиллах шаардлагатай. Сэтгэлгээний хувьд шинэлэг, бүтээлч байх хэрэгтэй. Төрийн болон хувийн байгууллагуудын хувьд өмчийн эзэмшлийн ялгаа байгаа учраас хүмүүсийн хандлага нь бас өөр. Гэхдээ удирдлага бол ажлынхаа зорилгод тулгуурлан хүмүүсээ удирдаж чиглүүлж ажиллах нь чухал.

Нэмж хэлэхэд хувийн зах зээлийн онол, хувийн секторыг хөхүүлэн дэмжих тусам улс орон хөгжинө.

Төр засгийн зүгээс хувийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, хувийн секторын улсуудыг төр засгаас системтэй бодлоготойгоор өөд нь татах хэрэгтэй. Монгол орныг хувийнхан босгож байна.

 -Ярилцсанд баярлалаа.