С.Цэрэндорж: Хамгийн гол нь төр эрүү шүүлттэй тэмцэх хүсэл зоригтой байх ёстой
Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, хуульч С.Цэрэндорж
2014.11.25

С.Цэрэндорж: Хамгийн гол нь төр эрүү шүүлттэй тэмцэх хүсэл зоригтой байх ёстой

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог  эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан, хуульч С.Цэрэндоржтой ярилцлаа.

-Манай улс конвенцид нэгдэн орсноос хойш хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхэд таныг ажиллаж байх хугацаанд хэр анхаарсан бэ?

Эрүү шүүлттэй тэмцэх нь хүний эрхийг хамгаалах хамгийн чухал тэмцэл. Эрүү шүүлтийг хориглон зогсоох, эрүү шүүлттэй тэмцэх талаар олон арван жил дэлхий нийтээр тэмцэж ирсэн уламжлалт туршлагатай. Хүний эрхийн олон улсын байгууллагууд эрүү шүүлтийг устгах таслан зогсоох талаар олон компанит ажлыг өрнүүлж ирсэн.

Эдгээрээс хамгийн том нь НҮБ-аас баталсан Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци байгаа. Эрүү шүүлт гэж хэн нэгэн этгээдээс мэдүүлэг авах, хэн нэгэн хүний эсрэг мэдүүлэг авахад хүмүүсийн сэтгэл санаа, бие мах бодийг дарамталж, айлган сүрдүүлж хуурч мэхлэх замаар мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг эрүү шүүлт гэж олон улсын түвшинд тодорхойлж хүлээн зөвшөөрдөг.

Эрүү шүүлттэй тэмцэхэд эрүү шүүлтийг гэмт хэргийн хэмжээнд үзэж, хууль тогтоогчийн зүгээс томьёолж эрүүгийн хариуцлага хүлээлгэх өргөдөл болгож оруулах нь зарчмын ач холбгдолтой. Энэ талаар 2002 оны Эрүүгийн хуулинд зохих хэмжээний заалт орсон.

Үүнийг хожим нь сайн боловсруулж Эрүүгийн хуулинд 251-р зүйл ангид 2008 онд өөрчлөлт оруулж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж, тарчлан зовоох, тохуурхан тарчлаах, хууль бус арга хэрэглэх, эрүү шүүлт тулгавал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өөрчлөлтийг оруулсан байдаг.

Энэ зүйл ангиас үзэхэд хүч хэрэглэхээс заналхийлэх, тарчлан зовоох, хуурч мэхлэх хууль бус арга хэрэглэхийг эрүү шүүлт гэж байгаа. Эрүү шүүлт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамт үзүүлэх замаар мөрдөн байцаалт авах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр болдог.

-Эрүү шүүлтийн хамгийн том илрэл юу вэ?

Ер нь монгол улс эрүү шүүлтийн ихээхэн хар туршлагатай улс. Туршлага сайн ч, муу ч байж болно. Харин манайх муу туршлагатай. 1930 онд эрүү шүүлт явуулж, 30 гаруй мянган хүнд хилс хэрэг хүлээлгэж, 26-27 мянгыг цаазаар авсан гашуун сургамж бий.

Энэ олон арван жилийн өмнөх хууль бус хар ажиллагаанааны ор мөр одоог хүртэл манай хуулийн байгууллагуудаас ангижирч салж чадаагүй бөгөөд хэрэг шалгахдаа бусдад эрүү шүүлт тулгах, хууль бус арга ажиллагаа амь бөхтэй байсаар байна. Эрүү шүүлтийн хамгийн том илрэл нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол шууд цагдан хоридог явдал. Олон сараар үргэлжлүүлэн хорьдог.

Тухайн үед хэрэг нь шалгагдаад явж байхад, гэм буруутай нь тогтоогдох эсэх нь эргэлзээтэй байхад урьдчилан хорих төвд үргэлжүүлэн хорьдог нь эрүү шүүлтийн нэг хэлбэр.

Намайг ХЭҮК-ийн даргаар ажиллаж байхад буюу 2003 онд тэр үеийн ганц худгийн 461-р ангид судалгаа явуулахад 5 хүн тутмын 1 нь хилсээр хоригдож байсан бөгөөд дараа нь хэрэг нь хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс байсан. Одоо ч гэсэн ийм байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Удаан хугацаагаар хорихоос гадна хорих байруудыг хэсүүлж, сэлгэж хорьдог нь эрүү шүүлтийн хэлбэр.

УБ-ын хүнийг Төв аймаг, Дархан, Сэлэнгэд хорьдог. Энэ бол хэрэгт холбогдсон хүний эрхийг зөрчиж байгаа ноцтой зөрчил. Яагаад гэвэл гэмт хэрэгт холбогдож байгаа хүн өмгөөлөгчтэйгөө ганцаарчилж уулзах, ар гэрээсээ эргэлт авах, прокурорт гомдлоо гаргаж шийдүүлэх, захидал харилцаатай байх зэрэг олон эрхүүдтэй ч шилжүүлэн хорьсноос болж тэдгээр эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг.  Ингэснээр хоригдож буй хүн сэтгэл зүйн болон бусад ихээхэн хэрцгий дарамтад ордог. Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийн байгууллагууд энэ талаар их ярьдаг ч харамсалтай нь манай хуулийн байгууллагууд ноцтой зөрчлийг үргэлжлүүлэн явуулсаар байгаа.

Хүний эрхийн үндэсний байгууллагууд эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох талаар өөрийн хүч бололцоогоор ихээхэн хүч дайчилж ажиллаж байна. ХЭҮК 2005-2006 онд улсын хэмжээнд эрүү шүүлттэй тэмцэх үндэсний хэмжээний арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үндэсний хэмжээний нээлттэй хяналт шалгалтын хүрээнд томоохон хэмжээний илтгэл судлагаа гарч УИХ-д танилцуулагдсан. УИХ эрүү шүүлтийн талаар нээлттэй хэлэлцүүлгийн тайлан дүнг нэгдсэн байдлаар сонсоод томоохон хэмжээний тогтоол гаргаж байсан түүхтэй.  

-Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ. Ямар дүгнэлт гарсан бэ?

Тэр тогтоолын хэрэгжилт ямар түвшинд байгааг ХЭҮК жил бүр гаргаж тайлагнадаг уламжлалтай. Нээлттэй хяналт шалгалтын дүнгээс харахад эрүү шүүлтийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд эрүү шүүлтийн хэд хэдэн ноцтой хэлбэр, арга барил харагдасан.

Удаан хугацаагаар урьдчилан хохир төвд хорьж, томоохон хэмжээний эрүүл мэндийн болоод сэтгэл санааны хохирол учруулдаг түүнчлэн шилжүүлэн хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулдаггүй, эргэлт оруулдаггүй, тэнд хоригдож байгаа хүмүүсийг өөрсдөөр нь дарамтлуулж хэрэг хүлээлгэдэг ноцтой хэлбэр байсан.

Удаан хугацаагаар хүнд нөхцөлд хорьж байгаа явдал нь өөрөө угаасаа эрүү шүүлт. Яагаад гэвэл урьдчилан хорих байранд тухайн үед агааржуулалт, ахуйн ариун цэврийн байдал ихээхэн дор байсан. Сүүлийн үед ямар өөрчлөлт гарч байгааг мэдэхгүй байна. Сайжирч байгаа гэж найдаж байна.

Сүүлийн үед олон улсын хүний эрхийн байгууллагас урьдчилан хорих төв дэх ундны усны асуудлыг ярих болсон. Ус гэдэг бол хүний амьд байх, эрүүл байх хэрэгцээний үндсэн зүйл. Энэ баривчлах, урьдчилан хорих байранд цэвэр усны асуудал маш чухал болсон.

-Эрүү шүүлттэй тэмцэх хараат бус механизм манай улсад байна уу. Олон улсад ийм алба байдаг гэсэн?

Эрүү шүүлтийн эсрэг тогтмол системтэй тэмцэл явуулах ёстой. Яагаад гэвэл эрүү шүүлтийг жирийн иргэн, ердийн байгууллага зохион байгуулдаггүй. Эрүү шүүлтийг төрийн эрх мэдэлтэй хүчний байгуулага зохион явуулдаг учраас байнгын эрс шийдэмгий тэмцлийг шаарддаг. 2005 онд НҮБ-ын эрүү шүүлттэй тэмцэх тусгай илтгэгч монгол улсад айлчилж ирээд монголд эрүү шүүлт амь бөхтэй оршсоор байгаа болон эрүү шүүлтийн тодорхой илэрлүүд байна гэдгийг цохон тэмдэглэж, олон улсад мэдээлсэн. Хамгийн гол нь төрд өөрт нь эрүү шүүлттэй тэмцэх хүсэл зориг байх ёстой.

Эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлттэй тэмцэх хүсэл зориг төрд өөрт нь байх ёстой. Хамгийн гол нь эрүү шүүлтийг бие дээрээ амссан хүний хохирлыг нэн түрүүнд барагдуулдаг, юуны өмнө материаллаг хохирол, цалин, эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирол, нэр төр, алдар хүндийг сэргээх ёстой. Эрүү шүүлтэд өртсөн хүний хамгийн нөхөн сэргээгддэггүй, хүнд хохирол нь сэтгэл санааны хохирол.

Ийм хүн байнгын гутранги, насан туршдаа айж эмээсэн байдалд ордог. Түүнчлэн эрүүл мэндийн хохирол, хүнд нөхцөлд удаан хугацаагаар хоригдсон бол өвчин эмгэгтэй болдог, эмчлүүлэхийн тулд маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг.

Төрийн эрүүдэн шүүлттэй тэмцэх нэг хүсэл зориг нь эрүү шүүлтэд өртсөн хүмүүсийн хохирлыг бодитойгоор шийдвэрлэх явдал. Энэ тал дээр манай монголын төр хойрго ханддаг. Хуулийн байгууллагын практикт тогтдоггүй. Үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж, хасдаг тохиолдол бий.

-Хохирол барагдуулах талаар хууль эрх зүйн ямар орчин байдаг вэ?

Эрүүгийн хуулийн 44-р бүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус, буруутай үйл ажиллагаанаас болж ял зэмд унасан хүмүүсийн хохирлыг барагдуулах журмыг тусгасан байгаа.

Хохирлыг төр барагдуулдаг. Энэ талаарх мэдээллийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуулинд заасны дагуу тогтоолыг нь өгөөд эрхийг нь хэлж өгөх ёстой. Таныг хуулийн байгууллага үндэслэлгүйгээр шалгажээ. Та хохирлоо барагдуулах талаар ийм эрх эдэлнэ, ийм газарт хандана гэж тайлбарлаад явуулах ёстой. Гэтэл тэгдэггүй.  

-Яагаад ?

Мэдээж хуулийн байгуулгуудын хүнийг хохироодог, буруу ажилласнаа хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлдэггүйтэй холбоотой. Хэрвээ хууль бусаар шалгагдсан бол тухайн хүн тогтоолоо аваад өөрт учирсан хохирлоо шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлэх учиртай. Сэтгэл санаа, нэр төрийн зэрэг олон хохирлоо үнэлэх ёстой.

Үнэлгээний талаар нэр төр болон сэтгэл санааны хохирлыг үнэлж чаддаггүй. Ийм буруу практиктай. Энэ хоёр хохирлыг шүүх гаргаж өгдөггүй байсан. Гэхдээ сүүлийн үед ХЭҮК хэд хэдэн гомдолд томоохон нэхэмжлэл гаргаж, амжилттай шийдүүлсэн туршлага байгаа нь сайшаалтай.

-Хууль сахиулагчдын буруугаа хүлээж хүлээн зөвшөөрдөггүй нь ямар шалтгаантай вэ?

Хуулийн байгууллагын ажилтнуудын ажлыг дүгнэдэг шалгуур үзүүлэлт нь буруу. Яагаад гэвэл манайд одоог хүртэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ажлыг шалгасан, илрүүлсэн, шийдсэн хэргийн тоогоор нь үнэлж алдаршуулж цол өгч ирсэн.

Энэ нь өөрөө хууль бус үйл ажиллааганд нөлөөлдөг. Зүй нь бол шалгуур үзүүлэлтийн зэрэгцээ үндэслэлгүй үндэслэлтэй, хэдэн хэрэг нь хүний эрхийг хангасан зэрэг хүний эрхийн нөгөө талын үзүүлэлтүүд байх ёстой. Ингэвэл хуулийн сахиулахын ажилтнууд ч гэсэн сайжирна.

-Урьд нь байгуулагдсан мөрдөн байцаах албыг татан буулгасан нь ямар учиртай юм бэ. Тэр байгууллагын үүргийг АТГ, ЦЕГ шилжүүллээ гээд сайжирсан зүйл байна уу?

Чухал байгууллага байсан. Чухал гэдэг нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч прокурортой холбогдсон өргөдөл гомдлыг иргэдээс хүлээн авч шалгадаг, хэрэв тэд гэмт хэрэг хийсэн бол хэргийг нь бүртгэж, мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлэх үүрэгтэй мөрдөн байцаах байгууллага байсан.

Энэ бол эрүү шүүлттэй тэмцэх гол механизм байсан. Татан буулгасан нь үнэн хэрэгтээ тэмцэлд гарсан ухралт болсон. Тэдний чиг үүргийг АТГ, ЦЕГ-т шилжүүллээ гээд нэмэргүй. Тусгай, бие даасан хараат бус байгууллага байсан цагт эрүүдэн шүүхээс ангид байх эрх хангагдана.

-Ухралт болсноор ямар хор хохиролтой вэ?

Мэдээж хүний эрхийн нөхцөл байдалд хор хохиролтой. Эрүү шүүлт тулгадаг хүмүүст л ашигтай. Хамгийн гол нь би дахиад хэлье. Эрүүдэн шүүхээс ангид байх төрийн хүсэл зориг байх ёстой. Эрүү шүүлттэй тэмцэх сонирхол байх ёстой.

Ард иргэдээ, нийгмээ айдасгүй байхад чиглэх ёстой. Үүний тулд хамгийн гол нь хараат бус байгууллага шалгаж байж үр дүнд хүрнэ. Тэгж байж эрүү шүүлт багасч, аажимдаа арилна. Хүний эрхийн үндэсний комисс бол эрүү шүүлт тулгасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагийг хуулийн дагуу шалгахгүй, судлагаа хийж, хяналт тавиад зөвлөмж л өгнө.

-Энэ бүхний уг цаад учрыг та юу гэж боддог вэ. Үнэхээр мөрдөн байцаагчид эрүү шүүлт тулгахаас өөр ажлын арга барил байхгүй гэж үү?

Хэрэг илрүүлэх хэрэг мөрдөх, арга ажиллагаа бол хэзээнээс манайд буруу арга барилаар явж ирсэн. Ерөөсөө хэрэг хүлээлгэх байдлаар хэргийг мөрдөж ирсэн. Өөрөөр хэлбэл хэргээ өөрөө хүлээх нь нотолгооны хаан юм гэсэн онол дээр суурилж ирсэн бөгөөд үүнээс өөр нотолгоо хэрэгггүй гэж үздэг.

Нэг тооны машин өрөөнөөс алга боллоо гэхэд тэр өрөөгөөр орж гарсан таван хүнээс Доржийг хэргээ хүлээ гээд хүлээлгэчихээд шийдчихдэг. Гэтэл үнэндээ Бат тооны машиныг хулгайлсан байдаг. Мөрдөн байцаагчийн хувьд Бат авсан нь сонин биш. Ямар ч гэсэн хэн нэг нь хэргээ хүлээж илрүүлсэн гэдэг нь чухал болдог. Хэрэг хүлээлгэх байдлаар мөрдөн байцаалтыг авч, хэрэг илрүүлэх байдал нь эрүү шүүлтийг турхирдаг.

Зүй нь бол хэргийг мөрдөж илрүүлэх ёстой. Өрөөндөө сууж байгаад хүн байцаагаад хүнийг илрүүлээд байх биш гадуур нотлох баримт цуглуулж, асууж мөрдөж байж илрүүлэх ёстой.

 -Ярилцсанд баярлалаа.