Батмөнх.С 2015.01.21 | Сайт: Vip76.mn

С.Батмөнх: Хөдөөгийн сургуулиуд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч, дулаанаа шийдэх боломжтой

С.Батмөнх: Хөдөөгийн сургуулиуд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч, дулаанаа шийдэх боломжтой
ШУТИС-ийн Эрчим хүний сургуулийн багш доктор профессор, Ардын багш С.Батмөнх
  • ШУТИС-ийн Эрчим хүний сургуулийн багш доктор профессор, академич, Монгол улсын гавьяат  багш С.Батмөнхтэй сэргээгдэх эрчим хүчийг цаашид хэрхэн ашиглах ёстой талаар болон иргэд, аж ахуй нэгж, малчид эрчим хүчээ хэрхэн хэмнэж, хэрэгцээгээ хангах талаарх ашигтай саналыг ярилцлаа.

Тэрээр 2014 онд “Монголын нөхцөлд нарны энергийг дулаанд хувиргах технологийн онол, практикийн үндэс” гарын авлагыг боловсруулсан юм. Мөн 2015 оны зун Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн барилгыг нарны энергийг ашигладаг болгох ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ тавхан жилийн дараа хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Өсч буй хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангах ёстой гэж мэргэжилтнүүд санал нэгддэг ч ихээхэн өндөр зардал гаргадаг. Та мэргэжлийн хүний хувьд ямар санал дэвшүүлмээр байна вэ?

Шинэ эх үүсвэр зайлшгүй барих хэрэгтэй. Энэ нь юуны өмнө Дулааны цахилгаан станц байна. Ингэхдээ нүүрсний баялаг ордуудыг түшиглэж, байгуулагдах бөгөөд дор хаяж 300-600 мегаваттын хүчин чадалтай, түүнээс ч том чадалтай дулааны цахилгаан станцыг байгуулах ёстой.

Нөгөө нэг нь хэмнэлтийн бодлого. Эрчим хүчний салбар хэмнэлтийн горимд орж чадаагүй. Хууль боловсруулж байгаа ч батлагдаагүй. Энд зөвхөн дулааны энергийн тухай ярихад хэмнэхийн тулд, жишээлбэл барилгын дулааны алдагдлыг бууруулах ёстой. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй барилга, эрчим хүчний идэвхитэй, эрчим хүчний тэг зардалтай, бүр эрчим хүч нийлүүлэгч барилга гэсэн ойлголтууд гарч байна.

Эрчим хүчний хэмнэлттэй нь тухайн барилгыг энгийн дулааны норм нормативаас нь илүү хэмжээгээр дулаалга хийснээр дулааны алдагдлыг багасгана гэсэн үг.

Харин эрчим хүчний идэвхитэй барилга гэдэг нь нэгдүгээрт хэмнэлттэй, хоёрт байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж авдаг байна. Жишээлбэл, цонх нь наран тал руу харсан, наран талын ханыг нарны энергиэр, дулаан, халуун ус бэлтгэдэг коллекторуудаар /цуглуулагч/ тоноглосон, дээр нь фотовольтын хавтан тавьж цахилгааны эрчим хүчийг үйлдвэрлэж, өөрийнхөө хэрэгцээг хангаж, нэмэлт энергийг байгалиас авдаг барилгыг эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж ойлгож болно.

 Мөн дараагийн шатанд эрчим хүчний “0” (тэг) алдагдалтай барилга. Энэ нь өөрийнхөө бүх хэрэгцээг хангадаг. Нарны эрчим хүчээр дулаан, цахилгаан энергийг боловсруулан бүх хэрэгцээгээ хангадаг, дулааны алдагдлаа бууруулсан, доторхи агаарын сэлгэлтийн цэвэр агаарыг гадагш хаягдаж байгаа агаарын дулаанаар халааж байж барилгад өгдөг гэсэн үг. Ингэснээр өөрийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг гаднаас энерги авдаггүй барилнө юм.

Үүний дараа эрчим хүчийг нийлүүлдэг барилга. Өөрийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй, илүүгээ хажуугийн барилгад өгч, гудамжны гэрэлтүүлэгт ашиглаж, усан бассейныг халааж, эрчим хүч боловсруулдаг гэсэн үг.

-Одоо манайд шинээр баригдаж байгаа барилгууд дундаас тийм барилгууд байгаа юу?

Хараахан алга. Харин сүүлийн барилгын дулааны норм дүрмэнд барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилготойгоор чангаруулсан заалтууд нэлээдгүй орж батлагдсан.

Би 2014 онд Алслагдсан бүс нутгийн бие даасан хэрэглэгчдийн дулаан хангамжийн ачааллыг тооцоод, дулаан хангамжийн энергийн тооцоо судлагааг хийсэн. “Монголын нөхцөлд нарны энергийг дулаанд хувиргах технологийн онол, практикийн үндэс”-ийг боловсруулсан.

-Хэр зардалтай вэ?

Мэдээж зардалтай. Энэ монгол орны нутаг дэвсгэрийн нөөцийн байдал, гадны агаарын температурын жилийн өөрчлөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаална.

Эдгээрийг боловсруулж байгаад барилгын халаалтад нарны энергийг ашиглах талаар монголын бүс нутгийг дөрөв хувааж судалсан. Ингэхээр нэгдүгээр бүс бол нарны энергийг ашиглахад их өртөг зардал гарах бүс. Энэ нь хойд нутгийн хэсэг гэсэн үг. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Дорнод.

Хоёрдугаарт бүсэд нарны энергийг барилгын халаалтад ашиглахад нэлээд зардал гарах бүс. Улаанбаатар, Ховд, Завхан, Архангай, Төв, Сүхбаатарын хойд сумд.

Гуравдугаар бүсэд нарны энергийг барилгын халаалтад ашиглахад боломжтой бүс. Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгууд, Сүхбаатар, Ховдын урд талын нутаг

Дөрөвдүгээр бүсэд хамгийн урд талын нарны тааламжтай бүс. Өмнөговь, Дорноговь аймаг. Ийм бүсүүд бол зайлшгүй нарны энергийг барилгын халаалтад ашиглах шаардлагатай бүс.

Их зардалтай газрууд бол  эрсдэлтэй л гэсэн үг. Үүний үр дүнд нарны технологийг ашиглах талаар ерөнхий боловсролын сургууль дээр судалгаа хийсэн. Ингэхдээ 320-640 сурагчтай ба бага сургуулийн 4-р шатны иөслөөр баригдаж байгаа барилгуудыг авч үзсэн.

-Тухайлбал сургуульд нарны энергийг хэрхэн ашиглана гэсэн үг вэ. Одоо бол манайд малчид хөдөө орон нутагт нарны зайн хураагуурыг өрхийн хэрэгцээнд ашиглаж байгаа шүү дээ. Гэр хорооллын байшин нарны эрчим хүчийг ашиглаад өөрийн дулааныг гаргах боломжтой юу?

Сургуулийн хувьд тооцоход жилд нүүрс хэрэглэхгүйгээр 100 хувь өөрийн хэрэгцээний халуун ус, дулааныг шууд нарны энергиэр шийдвэрлэх боломжийг гаргасан гэсэн үг.

Ерөнхийдөө нарны халаалтын системд дулаан нөөцлөх хоёр аккумулятор ажиллана. Энд хамгийн гол нь улирлын дулааны, хоногийн дулааныг ашиглагч хоёр аккумулятор заавал байх ёстой гэдгийг санах нь чухал.

 Улирлын дулааны аккумулятор бол зуны их нарны эрчим хүч дулааныг хадгалаад өвөлдөө хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм.  Хоногийнх бол өдрийн нарны эрчим хүчийг хадгалж, шөнөдөө хэрэглэнэ гэсэн үг.

Нарны халаалтын системийн авсаархан хувилбарыг гэр хорооллын айлууд байшиндаа ашиглах бүрэн боломжтой.

-Эдгээр саналаа хэзээ амьдралд хэрэгжүүлэх вэ?

Ер нь амьдрал дээр туршсан байгаа. Бид энэ зун ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн барилгатаа нарны энергиэр халаадаг төхөөрөмжийг хийгээд хүмүүст харуулах төлөвлөгөөтэй. Ярих биш, хийж үзүүлнэ.  

-Манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Бүрэн ашигладаг болохын тулд юуг хийх хэрэгтэй гэж боддог вэ?

Ер нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудал 1973 онд дэлхийн нийтийг хамарсан эрчим хүчний кризис гэдэг ойлголттой холбогдож гарсан. Тэр үед улс төр, олон улсын байдлын шалтгаанаар нефтийн үнэ огцом өссөн учраас Европын улсуудад нефтийн үнийн өсөлтөөс болж асар их бэрхшээлтэй тулгарсан.

Тиймээс Дани, Швед, Герман, Скандиновын орнууд, бусад орнууд Хойд тэнгисийн усны эрчим хүчний долгион, нарны эрчим хүч, далайн эрэг орчим асар олон тооны том чадлын мегавтт орчмоор яригдах чадалтай “обшерные” хэмээгдэх салхины төхөөрөмжийг ашиглаад цахилгаан эрчим хүчийг гаргаж авах асуудлууд яригдсан. 

Энэ үеэс тухайн үеийн манай төр засгийн удирдлага монгол орон сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах нь зүйтэй гэсэн ойлголтод хүрээд санал дэвшүүлж, эхлээд нар салхины энергийг ашиглах ажлыг эхлүүлсэн түүхтэй.

Тэр үед МУИС (одоогийн ШУТИС), ШУА-ийн Физикийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн механикжуулалт цахилгаанжуулалтын станц зэрэг газар нийлээд нарны энерги ашиглах, бага оврын халуун ус бэлтгэх төхөөрөмж, нарны зайн үйлдвэр, салхины эрчим хүч ашиглаж хөдөө орон нутагт газрын гүнээс ус өргөх насосны бага чадлын төхөөрөмжийг хийж туршиж эхлэсэн.

Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчийг хөдөөгийн малчдын цахилгаан гаргах бага чадлын төхөөрөмжийн хэмжээнд нэлээдгүй ашиглаж байна. Отор, хөдөө, зусланд хэрэглэж байна.

Энэ бол олон тооны төхөөрөмжүүд монголын хэмжээнд ажиллаж байгаа гэсэн үг. Олон хувийн компаниуд энд хүчин зүгтэж ихээхэн хувь нэмэр оруулсан. Түүний зэрэгцээ хэдэн жилийн өмнөөс Засгийн газрын “100 мянган нарны гэр” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, олон хот айлыг нарны эрчим хүчээр хангасан.

Харин эдгээр нар, салхины төхөөрөмжийн жилд үйлдвэрлэж байгаа цахилгааныг тооцож СҮХ-ны гаргадаг Улсын хэмжээний  Цахилгаан эрчим хүчний балансад тусгах цаг болсон гэж бодогддог. “Олны олон таван цэн”, “Далайд дусал нэмэр” зэрэг үгс байдгийг санах хэрэгтэй мэт бодогдоно.

-Сэргээгдэх эрчим хүч нь нар салхи, уснаас гадна газрын гүний эрчим хүчийг ашиглах боломжтой гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

Газрын доорхи эрчим хүчийг геотермийн эрчим хүч гэдэг. Үүнд газрын гүнээс гарч байгаа халуун усны энерги, газрын хөрсний өөрийнх нь гүний температур нэмэгддэг шинж чанартай холбоотой энерги зэрэг хамаарагддаг. Иймд геотермийн энэ ялгааг гаргахын тулд дотор нь “гидро” болон “гео” гэж бүдүүвчлэн хоёр ангилж болно. Гидротермийн эрчим хүчинд газрын гүнээс оргилж байгаа халуун усны эрчим хүч байдаг.

Жишээлбэл Исланд улс өөрийн эрчим хүчний хэрэглээний ихэнхийг гидротермийн энергиэр хангадаг. Маш их халуун ус оргилдог газруудтай. Монголд тийм их халуун усны эх үүсвэр байхгүй учраас ашиглах боломжгүй. Исланд, Оросын Камчаткагийн хойг, Японы галт уулын идэвхтэй муж болох Өмнөд хэсэгт геотермийн цахилгаан станц ажилладаг.

Харин манайд газрын гүний температурын градиентийг /өсөлт/-ийг ашиглах байдлаар хэрэглэж болно. Ер нь газрын хөрс бол өнгөн хэсэгтээ хөлддөг боловч доод талдаа байнга дулуун байдаг. 3 метрээс доошоо “0 градус”, 100, 200 метрт бол бүр нэмэх хэмд очно. Ийм халаалттай сургууль, цэцэрлэг Төв аймагт бий.

-Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах тухай асуудал яригддаг ч хөгжүүлье гэхэд одоо байгаа эрчим хүчний сүлжээ, үнэ тариф өндөр зэрэг нь тулгамдаж буй асуудал болдог гэсэн.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол экологийн цэвэр энерги. Сэргээгдэх эрчим хүч бол  утаа, нүүрс хүчлийн хий зэрэг гурван атомын хий гаргадаггүй, дэлхийн дулааралд нөлөөлөхгүй.

Тийм учраас монгол улсын эрчим хүчний балансыг экологийн цэвэр, сэргээгдэх эрчих хүч ашиглан төгөлдөршүүлэх нь Засгийн газрын өмнө, улс орны өмнө тавигдаж буй зорилт мөн.

-Ярилцсанд баярлалаа.