Хямрал бол "ХАРАЙЛТЫН ТАВЦАН"
“Дельта” консорциумын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат
2015.03.24

Хямрал бол "ХАРАЙЛТЫН ТАВЦАН"

Өсч байгаа орны хямрал, уруудаж байгаа орны хямрал нь хоёр өөр зүйл

VIP76.mn сайтын VIP зочин” буланд хавар болж, эх оронд минь ид бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан “Дельта” консорциумын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбатыг урьж оролцууллаа. Тэрээр үнэхээр маш өөдрөг үзэлтэй нэгэн гэдгийг ярилцлагын эхэнд хэлэх нь зүйтэй байх.

Ц.Эрдэнэбат нь барилгын инженер мэргэжилтэй, Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй. Барилгын талбай дээр 32 дахь жилдээ тасралтгүй ажиллаж, нийтдээ 300 гаруй барилгыг барихад гар бие оролцжээ. Улаанбаатарын зүүнээс баруун тал, хойноос урд хүртэл явахад миний барьсан барилга таарахгүй байх нь ховор гэсэн шүү.

-Эх орны бүтээн байгуулалтад тасралтгүй 30 гаруй жил зүтгэжээ. Барилгын салбарт ажиллана гэдэг, бүтээн байгуулалтад оролцоно гэдэг их сайхан мэргэжил юм шиг ээ. Таны хувьд яг юугаар нь илүү бахархдаг вэ?

Хүмүүс ихэнхидээ хийсэн бүтээсэн нь нүдэнд ил гээд бахархдаг. Үнэндээ ч барьсан барилгаа маань миний үр, ач зээ, удмынханд дурсагдахаар 200-300 жил байна гэж бодохоор юутай ч зүйрлэмгүй сайхан байдаг. Чехийн элчингийн хажууд байрлах Embassy tower гэхэд хоёр зуун жилийн дараа ч дурсагдсаар байх болно.

Өөртөө үнэмшихээргүй их баяр цэнгэлтэй яваа тэр хоёр буурайгаас маш их баяр жаргалыг мэдэрсэн шүү.

Гэхдээ барилгачин хүн миний хувьд сэтгэл талаас нь илүү их баяр хөөрийг мэдэрдэг. Үйлдэл бүр нь дандаа буян болж, хүмүүст баяр баясгалан, сайн сайхан гэрэл гэгээг авчирдаг.

Цоо шинэхэн цэцэрлэгтээ орж байгаа хүүхдүүдийн тэр баяр хөөр, будаг нь ханхалсан анги танхимдаа орж байгаа хүүхдүүдийг харах, залуухан гэр бүл хоёр өрөө байр авчихаад сууж байхыг харах үнэхээр их баяр жаргалыг мэдрүүлдэг. Тэр хүмүүсийн баярлахыг хараад маш их эрч хүчийг авч, барилгачиддаа талархдаг.

Саяхан “Буянт ухаа”-1 орон сууцны хорооллыг ашиглалтад оруулчихаад байж байтал настай хоёр хөгшин жигтэйхэн их баярлачихсан ирж уулзсан юм. Тэр хоёр бүх насаараа байртай болох гээд хүүхдүүдээ байранд оруулах гээд зүтгээд бараагүй байсан.

Дал шахчихсан өндөр настнуудад байр олдоно гэж зүүдлээ ч үгүй явсан гэж билээ. Өөртөө үнэмшихээргүй их баяр цэнгэлтэй яваа тэр хоёр буурайгаас маш их баяр жаргалыг мэдэрсэн шүү.

-Тэгэхээр бүтээн байгуулалтын эзэд маань ажилд бэлэн үү. Компаниуд ямаршуухан байдалтай хаврын ажлыг эхлүүлж байна вэ?

Энэ сарын 15-наас албан ёсоор ажил эхэлж, талбай нэгдээд байна. Нийгэмд явж буй янз бүрийн мэдээллээс үзэхэд манай салбарыг унаж

байна, муу байгаа гэдгээр хараад байгаа.

Гэхдээ барилгын мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ хямралтай он цагийг хэрхэн даван туулах вэ, ямар өрсөлдөөний тактик, арга хэлбэрийг барих вэ, хэрхэн тэсч үлдэх вэ, ямар бодлого тактик, стратегийн тохируулгууд хийх вэ гэдгийг шийдэх нь энэ жилийн онцлог болж байна.

Ард иргэд маань хэрэглэгчийн нүдээр асуудалд хандаж байгаа бол байгууллагын хувьд удирдлага, бүтэц, зохион байгуулалт, чанарын шинэ тогтолцоо, менежментийн шинэ аргачлалын талаар арга хэмжээ авах ёстой гэдгийг соргогоор мэдэрч байна.

-Барилгын салбарт хямрал байна уу, эдийн засгийн хямрал эсвэл эдийн засгийн мөчлөг хэрхэн нөлөөлж байгаа талаар та ямар бодолтой байна. Хямралыг ер нь юу гэж харж байна?

Иргэдийн худалдан авах чадвар буурч, валютын ханш өссөнтэй холбоотойгоор хямрал байгааг үгүйгэхгүй. Гэхдээ энэ хямралыг барилгынхан өөр өнцгөөр харах ёстой.

Харин энэ цаг үеүүдэд төр засаг маань жинхэнэ том мега төслийг эхлэх, ажлын байрыг олноор бий болгох, найман хувийн зээлийн урьдчилгааг бууруулах байдлаар арга хэмжээг авах нь ухаалаг алхам болно.

\

Залуу гэр бүлийн хоолойг багалзуурдаад байгаа урьдчилгаа 30 хувийг бууруулж, 20 хувийг нь төрөөс батлан дааж, 10 хувь болгох боломжтой.

Засгийн газрын баримтлах ёстой гурван чухал амин зүйлийн нэгд, ажлын байрыг алдахгүй байх, хоёрт эдийн засагт байгаа үргүй хөрөнгө оруулалтуудыг болиод зорилтот хөтөлбөрүүдэд чиглүүлэх, гуравт найман хувиа хөнгөлөөд хариуцлагыг нэмэгдүүлээд эдийн засагт эргэлт явуулахад барилгын салбар улс орны эдийн засгийн найдвартай фронт нь болж чадна.

Хямралыг ашиглах хэрэгтэй.

Хямралыг ашиглах хэрэгтэй. Төр засаг нь аль болох ажлын байрыг бий болгоход анхаарч, харин компаниуд нь техникийн шинэчлэл хийж, менежментээ сайжруулж, эрэлтийг бий болгох тал дээр ажиллах ёстой. Барилгын салбар дотор компаниуд нэгдэж, сайн зохион байгуулалтад орж, сахилга хариуцлагаа өндөрсгөж, хөдөлмөр аюулгүй байдлаа хангах ёстой.

Тэгэхээр хямралын цаг үеийг би дахиад нэг оргил, “ХАРАЙХ ТАВЦАН” гэж харж байгаа. Ингэвэл сул хөрөнгө оруулагч нараас салж, жинхэнэ мэргэжлийн түвшин рүү үсэрч, харайх цаг үе. Тохиолдлын хөрөнгө оруулагч нар хүссэн хүсээгүй мориныхоо амыг татна. Би хямралыг бусдаас арай өөдрөг харж байгаа.

-Барилгын хэд хэдэн компаниуд нийлж консорциум болж байгаа. Танай хувьд ч гэсэн Дельта консорциумыг байгуулжээ. Нэгдэж нийлсэнээр ямар давуу талтай юм бэ?

Дельта консорциумыг байгуулж байгаа явдал нь бид хөгжилтэй хөл нийлэх гэсэн оролдлого. Өнөөдөр барилгын хамгийн шилдэг менежментийн компаниуд гэж байхгүй. Ерөнхий гүйцэтгэгч компаниуд нь өөрсдөө менежментээ хийгээд явдаг. Тиймээс гэр бүлийн компанийн

удирдлагаас хамтын удирдлагын хэлбэр лүү шилжиж компанийнхаа удирдлага зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх нь хамгийн зөв бодлого. Энэ хямрал бидэнд ийм зүйлийг л ойлгууллаа.

Би Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж хоёр жилийн хугацаанд “Буянт ухаа-1”,2 төслүүд дээр ажилласан учраас үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн үйл ажиллагаа зовлонг нь илүүтэй мэднэ.

Дотоодын компаниуд гадаадын барилгын компаниудаас дутуу явдгийг ойлгосон. Бүтэц зохион байгуулалт, удирдлагын схем, нөөцийн удирдлагын системд шилжээгүй нь нэг дутагдал. Тиймээс дутагдлаа засах учиртай.

Дотоодын компаниуд гадаадын барилгын компаниудаас дутуу явдгийг ойлгосон.

Манайхан командын удирдлагын системээс бүрэн салаагүй байна. Барилгын байгууллагууд хүний нөөц, материалын нөөц, техник тоног төхөөрөмжийн нөөцийн удирдлага, цаг хугацааны нөөцийн удирдлага руугаа анхаарах цаг болсон.

Консорциум болсноор зорилгоо томосгоод саваа томосгоод, чадвараа нэмэгдүүлж, дотооддоо байгаа нөөцийг өсгөж, олон улсын жишгээр барилгын ерөнхий гүйцэтгэгч компани болох чиглэл рүү тэмүүлж байна гэсэн үг.

-Хямрал энэ бүхнийг ойлгуулсан учир хямралдаа баярлалаа гэж хэлвэл яасан юм?

Тийм ээ. Үнэхээр л тухайн улс оронд хямрал болонгуут энэ үйл явц ажилладаг бөгөөд хүмүүс нөөцийн удирдлагаа зөв болгож эхэлдэг. Илүү бодож тархиа ажиллуулдаг.

-Менежментээ сайжруулагүй нэгэн нь дампуураад үлдэх үү.

Сайн нэгдлүүд бий болно. Дэлхийн жишигт ямар байдаг тийшээ л явна. Солонгосыг Самсунгаар тэргүүлсэн 10 компани босгосон бол манай улсыг ч гэсэн тийм компаниуд барих цаг ойрхон гэж би хардаг.

-2000-аад оны эхэн үе, 2008 оны хямралаас барилгын компаниуд хэрхэн тэсч үлдсэн юм бэ. Ямар замыг туулсан бэ?

Өсч байгаа орны хямрал, уруудаж байгаа орны хямрал нь тэс ондоо. Манай улс өсч байгаа орны хямралыг туулж байна. Энэ хямралын үед үйлдвэрлэгч, бүтээгчдэд хямрал нөлөөлдөггүй.

Харин ч хямрал нь шинэ өсөлт рүү үсрэх харайх тавцанг бэлдэж өгдөг. 2008 оны хямрал ч гэсэн ганцхан барилга барих бус, бүхэл бүтэн хотхоноор нь бариулдаг болсон. “БҮТИ” шиг, “Дельта” шиг компаниудыг төрүүлсэн хямрал болсон.

-Барилгын салбарт хөрөнгө оруулалт их нэмэгдэхийн хэрээр томоохон төсөл бүтээн байгуулалтаар гадны барилгын компаниуд орж ирдэг. Тэр болгон дотоодын компаниудад ширүүн өрсөлдөөнийг үүсгэж, өдөөж өгдөг байх. Юуг сурч байна?

Маш тулгамдсан асуудлын нэг. Өнөөдөр “Дельта” констракшны 49 хувийг Хятадын маш том компани худалдаж авах саналыг ирүүлсэн нь нэг “Сигнал” боллоо.

Тэд Монголын шилдэг компаниудтай нийлээд хамтарсан компани байгуулж, монголын ирээдүйд хэрэгжих том төслүүдэд хамтарч орох сонирхолтой.

Нөгөө талдаа бид нар  ч гэсэн өөрсдийнхөө чаддаг зах зээлийг бусдад алдах ёсгүй.

Тийм учраас орон сууцны зах зээл дээр өөрсдийн ноёрхлыг тогтоох хэрэгтэй. Харин тэднийг өөрсдийн хараахан туршлагжаагүй мега төслүүд рүү, усан цахилгаан станцын далан руу, 700 мегаваттын цахилгаан станц руу, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал руу оруулж болно. Харин орон сууцны зах зээлийг монголчууд өөрсдөө эзлэх ёстой.

Тэгэхгүй бол хүн амын орлоготой байж болох жижиг дунд, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ, зочид буудал, рестораныг гадны хөрөнгө оруулагчид эзлэчихээд байна.

Чадах зүйл дээрээ өөрийнхөө зах зээлийг хамгаалж, чадахгүй бол технологи сурах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.