Барилгын салбар цусны эргэлтгүй болчихлоо
Ашиглалтад орсон орон сууцнуудын 80 хувь нь борлогдоогүй
2015.05.19

Барилгын салбар цусны эргэлтгүй болчихлоо

Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны гүйцэтгэх захирал Б.Батжаргалтай ярилцлаа.

- Энэ салбарт гадны хөрөнгө оруулалт бий юу?  

Манай салбарын онцлог нь гадны хөрөнгө оруулагчид байдаггүй. Зөвхөн үндэсний компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Хямрал бодитой нүүрлэсэн гэж хэлж болно.

Өнөөдөр бид бартерын сүлжээгээр ажиллахаас өөр аргагүй болж байна. Бетон зуурмагийн компаниуд барилга угсгалтын компаниас бартераар авсан орон сууцаа эргүүлээд  элс хайрга олборлогчдод бартераар олгодог.

Цонх хаалга, сантехник угсралтынхан ч мөн адил байраар бартер хийсэн. Бартераар авсан орон сууцаа зарж борлуулъя гэхээр 8 хувийн зээлд хамрагдах боломжгүй байна. Энэ зээл дундаас дээш түвшний хүмүүст зориулагдсан. Он гарснаас хойш банкнаас 8 хувийн зээл бараг гараагүй. Барилгын салбарын мөнгөний эргэлтүүд бартерийн байран дээр очоод гацчихсан.

- Хямралаас гарах гарц юу байж болох вэ?

Миний өгөх санал товч бөгөөд тодорхой. Ипотекийн зээлээ дунд түвшний иргэдэд хүртээмжтэй болгох ёстой. Ингэвэл орон сууцны борлуулалт нэмэгдэж энэ салбарын “цусны эргэлт” хэвийг явагдах боломжтой. Бэлэн мөнгөгүй байгаагаас аж ахуй нэгжүүд цалингаа тавьж, татвараа төлж чадахгүй байна. Татвар, нийгмийн даатгалаа төлөөгүй учраас алданги тооцогддог.  Улмаар хуулийн байгууллагад очдог. Үндэсний хэдэн компаниудаа санаатайгаар дампууруулах бодлого яваад  ч байгаа юм шиг харагдах юм.

Бартерын байрандаа НӨАТ-ын 10 хувь, эргүүлээд байраа зарахаар татвар гээд нийт 22 хувийн НӨАТ төлөх болчихоод байна.

Туул голын элс, хайрга, дайрга олборлодог 30 орчим компани бий.

- Ажил эхлэх төлөв байна уу?

Эдийн засгийн хүндрэлээс болоод зарим компаниуд ажлаа эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

- Элс хайрга олборлож байгаа компаниудын нөхөн сэргээлтийг хангалттай хийж чаддаг уу?

2007 оноос элс, хайрга олборлохын тулд тусгай зөвшөөрөл авдаг болсон. 2012 оныг хүртэл олборлоод, үйлдвэрлээд л хаядаг, нөхөн сэргээлт хийдэггүй байсан. Нөгөө талаас МХЕГ –ыг зөвхөн хаадаг, лацаддаг байгууллага гэсэн ойлголт үйлдвэрлэгч нарт байсан. Холбоо байгуулагдаад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, МХЕГ, дүүргийн мэргэжлийн хяналттай дхамтран ажилласанаар компаниуд мэргэжлийн хяналтаас шахалт биш тусламж авч болно гэдгийг ойлгож эхэлсэн.  Нөхөн сэргээлтийн ач холбогдлыг ойлгуулах сургалтуудыг явуулснаар компаниуд стандартын дагуу нөхөн сэргээлтээ хийдэг болсон. Өнгөрсөн жил Нийслэлийн байгаль хамгаалах газартай хамт явж шалгасан. Компаниудын 92 хувь нь 75-96 хувийн гүйцэтгэлтэй нөхөн сэргээлт хийсэн байгаа.

- Жишээ нь ?

“Очир нэмэх” ХХК өөрсдийн олборлолт хийсэн 7 га талбайд 25 мянган ширхэг үхрийн нүд, чацарганы мод суулгаж, жимсний аж ахуй эрхэлж байна. “Дэлгэр мөрөн” ХХК Монос компаниас эмийн ургамлыг нь авчирч тарьж байх жишээтэй. Нөхөн сэргээлтийг амжилттай хийж байгаа 20 гаруй аж ахуй нэгж бий.

Сүүлийн гурван жил нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналт, Туул голын сав газрын захиргаа, Ашигт малтмалын газрууд компаниудын үйл ажиллагааг шалгасан. Эхлээд хяналтын шалгалт, дараа нь гүйцэтгэлийн шалгалт хийдэг. Дөрвөн сар ажиллахад 4-5 байгууллага хоёр удаа хяналт шалгалт хийхээр тухайн аж ахуй нэгжид 8-10 удаа шалгалт орж ирж байна гэсэн үг.

- Бусад улс орнуудад энэ салбар хэрхэн үйл ажиллагаа явуулдаг юм бол?

Өнгөрсөн жил Солонгосын элс, хайрга, дайрга олборлогч компаниудын холбоотой хамтран ажиллаж, туршлага солилцох зорилгоор очиж үзсэн. Солонгос зөвхөн дайргын үйлдвэрлэлийг дэмждэг. Голын ай сав дахь 0,5 марктай элсээ авч чаддаггүй учраас далайгаас шүүж, цэвэр усаар хоёроос гурван удаа угаадаг юм байна лээ. Тэдэнтэй ярилцаж байхад манайх шиг нөхцөл байдал 60-80-аад онуудад тулгамдаж байсан гэж хэлсэн. Хан мөрөн  Туул шиг нарийхан байсан цаг бий. Эхлээд хоёр талаар нь далан бариад  бүх элс хайргыг нь соруулаад мөрөн болгосон. Ингэснээр нэгдүгээрт ом цөөрөм үүсч, хоёрдугаарт улс орны бүтээн байгуулалтад томоохон түлхэц үзүүлсэн. Хурдны зам, орон сууц барихад ашигласан байдаг. Бид далайд гарцгүйгээс хойш голынхоо ай саваас л олборлолт хийхээс өөр аргагүй. Үүнээс өөр технологи одоохондоо нэвтрээгүй байна.

Барилгын чанар бетон зуурмагаас хамаардаг. Бетон зуурмагийн чанартай байх эсэх нь элс, хайрга, дайрганаас шалтгаалдаг.

Тэгэхээр бид хүссэн хүсээгүй Туул голынхоо л ай сав дахь элс хайргыг ашиглаж, бүтээн байгуулалтынхаа ажлыг хийнэ. Хэрэв ашиглахгүй гэвэл эсгий гэртээ амьдрахаас аргагүй болж байна. Харин яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг л чухал. 1948 оноос хойших судалгаагаар Улаанбаатар орчмын 180 км радиус дотор олборлолт хийхэд хамгийн ойр бөгөөд боломжтой нь Гишүүний ам буюу Биокомбинат, Шувуун фабрикийн ойр орчим дахь туул голын сав газар гэдэг нь тогтоогдсон.  Эндхийн хайргаар  1, 3, 4, 11, 13-р  хороололууд баригдсан. Одоо ч гэсэн ашигласаар л байна. Нэг хэсэг Төв аймгийн Баянчандманаас олборлоно гэж ярьсан ч хотоос  76 км зайд хэрхэн тээвэрлэх, ямар замыг ашиглах нь тодорхойгүй. Тэгээд ч холоос зөөвөл барилгын өртөг өсч таарна.  

- Элс, хайрганы карьеруудаас болж Туул голын ус ширгэж  байна гэдэг. Энэ хир үндэслэлтэй вэ?

Био комбинат, Шувуун фабрикийн орчимд олборлолт хийж байгаа.  Туул голын урсац Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх хэсэгт  багасдаг. Энэ нь Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэлх газарт арьс шир, бетон зуурмагийн үйлдвэрүүд, мөн хүнсний бүх төрлийн үйлдвэрүүд, амины орон сууцнууд  байрлаж байгаатай холбоотой. Тэд бүгд гүний худагтай. Туул голын сав газрын захиргаанаас гаргасан судалгаагаар энэ хэсэгт нийт 6000 орчим гүний  худаг байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр карьеруудаас болж Туул гол усгүй болж, загаснууд үхэж байгаа мэт ярьдаг нь ташаа ойлголт. Нэмж хэлэхэд элс, хайрга олборлолт хийж байгаа манай компаниуд ганц ч химийн бодис хэрэглэдэггүй.

Туул голын саваас өөр газар элс, хайрга олборлох боломжтой газар байхгүй.

Энэ буруу ойлголтоос болж компаниудад төрөөс  бодлогын  шантааж, дарамт ирдэг. Элс хайрганыхан тээвэрлэлт хийснээр Био комбинат, Шувуун фабрик, Эмээлтийн зам эвдэрчихлээ, тусгай зам барь гэсэн шаардлага ирж байгаа. Нэг жишээ хэлэхэд 2012 онд “Бэрх Зараа” ХХК –ийн барьсан 22-ийн товчооноос Хүй долоон худаг хүртэлх замыг наадмын гурван хоногт нээгээд хаахад л цөмөрсөн. Энэ цөмрөлтийг хүнд даацын машин явсантай холбож тайлбарладаг. Наадмаар хүнд даацын машин явахыг хориглосон байсан учраас ганц ч  машин яваагүй. Тэгэхээр замын чанар стандартыг ярихгүйгээр хүнд даацын  машинуудад буруу өгөх нь утгагүй.

Манай авто замынхан  60, 70-аад оны стандартыг мөрдөж байна. Чанаргүй зам барьчихаад хүнд даацын машинуудад буруу өгч болохгүй. Үнэхээр стандарт, норм нь таардаггүй юм бол хүнд даацын машинуудыг  гааль дээр оруулж ирэхийг нь л хориглох хэрэгтэй шүү дээ. Хориглоогүй техник хэрэгслийг нь худалдаж авсан аж ахуй нэгж, хувь хүмүүс хохирч байна.

- Тусгай зам барих шаардлагыг биелүүлэх боломж компаниудад байна уу?

Компаниуд элс хайрга олборлох тусгай хоёр зам барьсан. Голын урд талаар Бөхөгийн хөндий - Шувуун фабрик - Магнаг трейдийн ШТС,  хойд талаараа Тавантолгойн гүүр – Эмээлт хүртэл барьсан. Аж ахуй нэгжүүд маань өөрсдөө хөрөнгө, ажиллах хүчээ гаргаад энэ замуудыг барьсан гэсэн үг л дээ. Энэ нь сайжруулсан шороон зам байгаа юм. Харин одоо энэ замаа хүнд даацын машин явах асфалтан зам болго гэсэн шаардлага тавьж байгаа. Үүнийг концессийн гэрээгээр барихгүй гэхээр аж ахуй нэгжүүдэд маань зардал мөнгө нь хүнд тусч байна. Замыг барихаар зураг төслийг нь батлуулах, холбогдох газруудаар зөвшөөрлийг нь авах гээд бараг хоёр жилийг зарцуулдаг. Энэ төрлийн зам нь 24 см зузаантай , 8 м өргөнтэй бетон зам байх юм. Өртөг нь 15 тэрбум төгрөг  болохоор тооцоо гарсан. Энэ үнэхээр аж ахуй нэгжүүдэд хүндээр тусаж байна. Бараг дампуурах хэмжээний зүйл яригдаж байна.