Хэн ч улс төрч байж болно
МУИС-ийн Улс төр судлалын багш, доктор, дэд профессор Ц.Батболд
2018.12.14

Хэн ч улс төрч байж болно

Монголын төрийн өнөөгийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн чадавхи ямар түвшинд байна? 

Монголын төрийн тогтолцоонд засаж залруулах, өөрчилж сайжруулах маш их асуудал байгааг өнөөгийн улс төр, эдийн засгийн хямралт шинж, иргэдийн амьжиргааны түвшний бууралтууд илүү тод харуулах нэг нөхцөл болж байна.

Өнөөдөр иргэд сонгогчид төр засаг, улс төрийн намуудад итгэхгүй байх хандлага эрс нэмэгдэж байгаа нь төр, засаглалын тогтолцоог иж бүрнээр нь шинэчлэх, өөрчлөх нийгмийн захиалга, шаардлагыг бий болгосон гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл засаглалын өндөрлөгүүд болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх хэмжээ, хяналт хариуцлагын асуудал, нам, бүлэглэл, садан төрлийн хэлхээ холбооноос хамаарсан төрийн албаны чадваргүйжилт, хараат бус байдалгүй, шударга бус шүүх засаглал, хөдөө орон нутгийн засаг захиргаа, ИТХ дахь улс төржилт болон неопатримон буюу төрөл садан, найз нөхдөөрөө бүлэглэсэн, улс төрийн намуудын “мафи” маягийн санхүүжилт, түүний үр дагавар болон хатуу гишүүнчлэлийн асуудал, зөвхөн хоёр намын ноёрхлыг баталгаажуулсан сонгуулийн тогтолцоо зэрэг суурь шинжтэй томоохон гажуудлын асуудлуудыг Үндсэн хуультай нь хамт өөрчлөх шаардлага тулгарч байна.

Энэ бүхнийг өөрчлөхөд УИХ-ын гишүүдээс улс төрийн мэдлэг чадвар, туршлагын асуудлаас гадна үндэсний эх оронч үзэл, улс орон, ард түмнээ гэсэн зориг тэвчээр, тэсвэр хатуужил маш их шаардагдана. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн олонхид энэ чанар үнэхээр их дутагдаж байгаа нь хэн бүхэнд ил харагдаж байна. 
УИХ-д улс төрчдийг нэр дэвшүүлж буй процесс нь хэр зөв байна?

УИХ дахь улс төрчдийн олонхийг улс төрийн намууд л нэр дэвшүүлдэг. Бие даагчид цөөн байна. Тэгэхээр манай улс төрд давамгайлж буй хоёр том намын нэг л жишээг товчхон тайлбарлая. Нийтийг хамарсан гишүүнчлэл бүхий энэ хоёр том намд санхүүжилтийн асуудал их хүнд байдаг.

2012 оны сонгуулийн өмнө МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин манай нам 229 мянган гишүүнтэй гэж зарлаж байсан. АН 170 мянган гишүүнтэй гэдэг. Энэ хоёр нам нийлээд бараг 400 мянган гишүүнтэй болж байгаа биз дээ. 2012 оны сонгуулийн үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээлэлд 1 сая 600 мянга орчим сонгогчид сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн гэж мэдээлсэн. Эндээс харахад дөрвөн сонгогчийн нэг нь намын гишүүн болж таарч байна.

Ийм олон гишүүнтэй том намуудыг 4 жилийн турш байнгын ажиллагаатай байлгаж санхүүжүүлнэ гэдэг амаргүй нь хэнд ч ойлгомжтой байгаа биз.

Тиймээс намаа санхүүжүүлэхийн тулд намд хандивласан мөнгөний хэмжээгээр тойрог болон төрийн албан тушаалууд үнэлэгддэг шалгуур чухал үүрэгтэй байдаг.

Энэ зарчмаар бизнесменүүд олноороо намд орж ирж нэр дэвшдэг. Тэд оруулсан мөнгөө эргүүлж авч л таараа. Монголчууд “наймаанд найзгүй” гэж ярьдаг нь бизнесменүүдийн мөн чанарыг хэлж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс тэд намдаа мөнгөө хандивлачихаад зүгээр нэг гишүүн болж, нэр алдар хөөцөлдөж байна гэж бодвол маш гэнэн дүгнэлт болно.

Ер нь “маш нууц” гэж хэлж болох намын санхүүжилтийн асуудлын үр дагавраас хамаарсан олон сөрөг үзэгдлийг нөгөө “Тунгалаг тамир” кинонд гардаг шиг “Хошууны бузар булайг чи бид хоёр ухаад барахгүй” гэдэг шиг хэлж барахгүй олон юм бий. Энэ нь намын нэр дэвших процессыг буруу шалгуурт оруулах нэг нөхцөл юм. Намууд дахь нэр дэвшигчийг тодруулах бас өөр олонбуруу шалгуурууд бий. Тэр бүгдийг энд хэлж барахгүй.

Зөв улс төрч төрд гарахад тулгарч буй асуудлыг яаж шийдвэрлэвэл зүйтэй вэ?

"Улс төрийн намын тухай" хуулийг өөрчилж, мөн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр гаргаж байж л сая намын дотоод ардчилалыг бий болгож, нам доторх өрсөлдөөнийг шударга, зөв голдиролд нь оруулснаар л тэр сайн, зөв улс төрч чинь гарч ирнэ дээ.

Сонгодог утгаараа, УИХ-ын гишүүн, парламентч хүнд байх шинж, тавигдах шалгуур, шаардлага гэж байдаг уу? Ер нь ямар хүн Монголын төрд гарах нь зүйтэй вэ?

Сонгодог утгаараа хэн ч улс төрч байж болно. Улс төрч гэдэг бол улс орон, ард түмний төлөө энэ биеэ үл хайрлан тэмцэгч хүн юм. Түүхэн дэх агуу удирдагчид, улс төрчид гэрээ засчихаад төрөө засаж байсан түүх хаа ч байхгүй. Харин ч өөрт байгаа бүхнийгээ бараг бүгдийг шахуу золиосолж байж л улс орноо өөд нь татсан удирдагч улс төрчдийн түүх дэлхийн олон оронд бий.

УИХ-ын гишүүнийг сонгохдоо сонгогчид юуг анхаарах нь зүйтэй вэ? Та өөрөө юуг харгалзан үзэж сонголтоо хийдэг вэ? 

Сонгогчдод сонголт хийхэд гурван шалгуур байдаг. Үүнд нэгдүгээрт, ухайн намын мөрийн хөтөлбөр, хоёрдугаарт тухайн намын мөн чанар, нэр хүнд,гуравдугаарт тухайн нэр дэвшигч хүний мөн чанарын асуудал хамаарна. Эдгээр шалгуурыг сонгогчид харьцуулан үзэж байж сонголтоо хийдэг. Онолын хувьд хамгийн зөв шалгуур нь мөрийн хөтөлбөр юм. Дараа нь нам байх бөгөөд хамгийн муу шалгуур нь хүн юм. Олон бие даагч сайн хүн байлаа ч тэдэнд ямар нэг зүйлд хандах нэгдсэн ойлголт, нэгдсэн зорилго, нэгдмэл төгс мэдлэг, хамтын зохион байгуулалтын чадвар байхгүй.

Тийм олон сайн хүмүүсийг үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл зорилго, мэдлэг чадвараар нь нэгтгэн зохион байгуулдаг сайн дурын байгууллагыг улс төрийн нам гэдэг.

Улс төрийн нам нь тэдгээр олон хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил, хүсэл зорилго, мэдлэг чадварыг нээлттэй, шударга өрсөлдөөнөөр нэгтгэн зохион байгуулж, улс орныг хөгжил дэвшилд хүргэж, ард түмний амьдралыг сайжруулах зорилготой үзэл баримтлалд тулгуурласан улс төрийн бодлогыг боловсруулдаг.

Улс төрийн нам нь тэрхүү улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг бодит байдалд нийцүүлэн дэвшүүлэн гаргаж, олон нийтэд танилцуулсанаар сонгогчдын олонхийн дэмжлэг авч сонгуульд ялдаг. Ялсан нам засгийн эрхийг авч улс орныг удирдан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нь орчин үеийн ардчилсан улс орнуудын үндсэн зарчим юм.

Өнөөгийн нөхцөл байдалд сонгуулийн тогтолцоонд пропорционал буюу хувь тэнцүүлэх хувийг нэмэгдүүлсэн өөрчлөлт хийснээр жижиг намууд буюу гуравдагч хүчний орон зайг бий болгоно.

Жижиг болон шинэ намууд нээлттэй, шударга өрсөлдөөн бүхий дотоод зохион байгуулалтын хүчээр ноёрхогч “ялзарсан” хоёр намыг шахсанаар сая улс төрийн намуудыг хариуцлагын тогтолцоо руу хөтөлнө. 

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа