Төрд зүтгэх хүнийг эхнээс нь системтэйгээр бэлдэх ёстой
Улс төр, менежментийн академийн захирал Д.Уламбаяр
2015.12.15

Төрд зүтгэх хүнийг эхнээс нь системтэйгээр бэлдэх ёстой

Монголын төр 2200 гаруй  жилийн түүхтэй. Энэ төр цаг зуурын дайрлагад өртөн, нурах ёсгүй.

Улам хүчирхэгжиж, хөгжин дэвжих   ёстой.  Харин  энэ  төрийг  ардчилал  гэдэг  нэрийн  доор   хариуцлагагүй   болгож,   хүссэн   хүн   нь   тоглож    буйд харамсаж байна.  “Монгол төрийн түшээ” хэлэлцүүлгийн хүрээнд ээлжит ярилцлагаа хүргэж байна.

  Улс төр, менежментийн академийн захирал Д.Уламбаяр

 Танай академийн зүгээс улс төрчдийг сургах, бэлтгэх чиглэлд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг уу? 

Залуусын  сэтгэл  зүй, хандлагыг өөрчлөх, тэднийг   эх орноо   хайрладаг,  өөрийгөө   үнэлж  хүндэлдэг, амжилтад хүрч чадна гэсэн итгэл үнэмшил бий болгох чиглэлээр сургалт  зөвлөлгөөнүүдийг зохион байгуулдаг. Мөн заримдаа  улс төрчдийн  гаргаж буй шийдвэрүүдийн үр дүнгийн талаар судалгаа хийх тохиолдол бий.

 Төрийн удирдах түвшний хүмүүс ямар төлөвшилтэй байх нь зүйтэй гэж үздэг вэ?  

Төрийг удирдах хүмүүсийг бүр  эхнээс нь  бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэгдэнэ гэдэг нь соёл, боловсрол төдий  асуудал биш. Ёс зүй, үнэт зүйлийн  хувьд улс орон хүн ардаа  дээдлэн, хүндлэх, сэтгэл зүрхийг төлөвшүүлэх хэрэгтэй. Төрд алба хашиж буй хүмүүс амьдралаа залгуулахын төлөө   биш Монгол төрийн эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг  хүмүүс байх нь зөв гэж боддог.                                              

Таны бодлоор одоогийн төрийн түшээдийн алдаа юундаа байна? Нам, эвсэл боловсон хүчнээ бэлдэж чадаж  байна уу? 

 Төрийн алба тэр дундаа төрийн өндөр дээд албан тушаалд огт бэлтгэгдээгүй, би чадна гэж  цээжээ дэлдсэн захын “сайн дурын уран сайханч”  томилогдож буй  нь төрийн залгамж бодлогыг алдагдуулж байна.   Үүнээс болоод Монгол  төрийн, төрийн  түшээдийн  нэр хүнд унаад байна. Өнөөдөр төрийн алба үнэндээ намаас томилогдсон хурган дарга нарын үзэмжээр гуйвж дайвж явдаг болсон. Төрийн албан хаагчид хууль дүрэм, ёс журам, нийтийн эрх ашгийн төлөө бус ажлаасаа халагдчихгүй  л бол боллоо  гэсэн аминчхан үзэл дээр тулгуурлаж даргын үгээр хөдөлдөг болсон. 

 Энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Үндэсний ёс зүй, үнэт зүйлийн тогтолцоог  бий болгохгүйгээр цаашаа явахгүй нь хэмээн бодогдох боллоо. Үүний тулд сургалтын системдээ өөрчлөлт оруулж эхлээд  англи хэлтэй, тоондоо сайн хүүхдүүдтэй болохоосоо өмнө  Монгол хүн болгож   бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй.  Тэр дундаа төрийн албанд ажиллах хүсэлтэй хүмүүсийг эхнээс системтэйгээр бэлдэх нь чухал. Бид үндэсний манлайллын индекс гэж юм бий болгох санаачилга дэвшүүлээд  эрдэмтэд мэргэдтэй зөвшилцөж байгаа.   Ингэснээр төрд хийгдэж байгаа томилгоог шударга нээлттэй болгох,  улс төрийн намууд, улс төрчидийн   нөлөөллийг  байж болох хамгийн бага хэмжээнд нь хүргэхэд хувь нэмэр оруулж магад  хэмээн горьдож байна.

Та сонгогч хүнийхээ хувьд сонгуульд саналаа өгөхдөө ямар шалгуурыг мөрдлөгө болгодог вэ?

 Өнөөгийн сонгуулийн тогтолцоонд ганц хувь хүн хүчгүй. Тухайлбал би 2012 онд өгсөн саналынхаа төлөө харамсаж байгаа.  Одоо бол  санал өгөх нэр дэвшигчийнхээ эцэг эхийнх нь зам мөр,  удам угсааг  сайн харах ёстой юм байна гэж боддог болсон.  Хүний сэтгэл зүрх,  ёс зүй,  жудаг,  мөн чанар нь генеер нь дамжин өвлөгддөг байх.  Хатуу ч гэсэн  өнөөгийн зарим улс төрчид, тэдний  үр хүүхдүүдийг хэдэн үеэр нь Монголын төрд ойртуулмааргүй  байна, ойртохыг хүссэн ч бүтэхгүй   гэдгийг  хаана хаанаа ойлгож эхлэх цаг болсон.  Төрд ажиллаж байгаа, цаашид Монголын төрийн төлөө зүтгэхийг хүсч байгаа хэн бүхэн үр хүүхдийнхээ төлөө  үүнийг дотроо бодож яваасай.