Байдраг.Д 2016.01.22 | Сайт: Vip76.mn

Нэгдсэн журмаар зах, авто зогсоолууд үйл ажиллагаагаа зогсоовол тэд нүүхэд бэлэн байна

Нэгдсэн журмаар зах, авто зогсоолууд үйл ажиллагаагаа зогсоовол тэд нүүхэд бэлэн байна
"Авто худалдааны цогцолбор" ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдраг

Улаанбаатарын баруун бүсэд, 8656 айлын орон сууц бүхий хотын шинэ төв байгуулагдахаар төлөвлөгдсөн газартай хаяа залган орших, 130 га талбайтай “Авто худалдааны цогцолбор” нь авто техникийн бүх төрлийн худалдаа, үйлчилгээний нэгдсэн төвлөрөл, эмх цэгцтэй, зохион байгуулалттай, хангалттай зай талбай бүхий худалдааны төв байх юм.

Өдгөө нийслэл хотын томоохон худалдааны захууд зүүн талдаа төвлөрснөөс замын хөдөлгөөний ачаалал хэтэрсэн асуудлыг шийдэхийн тулд цогцолборыг баруун зүгт байгуулж, бүх талаасаа холбогдсон авто замын сүлжээтэй байхаар зохион байгуулж байгаа юм.

Бүх талаараа харилцан ашигтай төсөл мэт боловч төсөл хэрэгжүүлэгч байгууллагынхан тодорхой хэмжээний шүүмжлэлтэй тулгарч, төсөл амжилттай хэрэгжихэд тодорхой бэрхшээл тулгарч байгаа нь олон нийтэд ил байна. Тийм учраас бид энэхүү асуудлаар холбогдох албаны хүнтэй уулзаж, бодит байдлыг тандлаа. 

Уншигч та түүний яриа болон нэмэлт мэдээллүүдээс энд зөвхөн автомашины худалдаа бус өргөн хүрээний, олон талт асуудал хамаарч байгааг ойлгох буй заа.  

Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, авто зогсоолууд хөдөлгөөнд ороод эхэлчихлээ. Үүнтэй зэрэгцээд төслийг гацаах, эсэргүүцэх хандлага ажиглагдаад байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ? Энэ үнэхээр зөв бодлого, шийдвэр мөн үү?

Миний бодлоор аль эрт “Авто худалдааны цогцолбор”-ын ажил эхлэх ёстой байсан. Харин ч цаг хугацааны хувьд хожимдож эхэлсэн гэж боддог. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруйн хугацаанд бид Улаанбаатар хотод автомашин, түүний дагалдах хэрэгсэл ил задгай худалдаалж буй цэгүүдийг цэгцлэх үүднээс цогцолбортоо авто зогсоол байгуулж байна. 

Хоёрдугаар сарын 1-нээс автомашины ил задгай худалдааг цэгцлэх ажлаа эрчимжүүлж, цогцолбортоо бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотыг анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн гэж ярьдаг. Тэр үеийн хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн өмнөхөөсөө 2,5 дахин нэмэгдээд байна. Хүн бүр хот руу тэмүүлж байна. Тэр хэрээр хот төлөвлөлт бүтээн байгуулалтын зохион байгуулалтгүй байдал, үйлчилгээний төвлөрөл зэрэг олон хүчин зүйл, хүндрэлтэй нөхцлийг бид өглөөнөөс орой хүртэл өдөр тутамдаа мэдэрч байна.

Өнгөрсөн жилүүдэд автозамуудыг өргөтгөж, шинэ авто зам тавин, уулзвар, гарцуудыг шинэчиллээ. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл нэмэгдэхүйц хэмжээнд буурахгүй байна. Тиймээс замын хөдөлгөөний энэхүү төвлөрлийг задлах, сааруулах нэг арга нь төвлөрсөн захууд тэр дундаа автомашины ил задгай зогсоол, зах, төвүүдийг  нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг нийслэл гаргасан.

Одоогоор манай цогцолбор импортын автомашины бүртгэлийг дангаараа хариуцаж байна. Мөн өмнө нь авто тээврийн бүртгэл, үйлчилгээг нийслэлд долоон цэгт явуулдаг байсан бол цаашид манай цогцолбор энэ ажлыг хариуцах болно.   

Энэхүү шийдвэрийг ил задгай автомашин худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээн авч байна? Хөндлөнгийн хүний нүдээр харахад олонхи нь зөвшөөрөхгүй байх шиг?

Одоогоор Улаанбаатар хотод автомашины худалдаа, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулагч 3000 орчим аж ахуйн нэгж, хувь хүн байна гэсэн тоо бий. Тэрхүү зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй ажилчин, албан хаагчид гэвэл багагүй тоо гарах нь ойлгомжтой.  

Улаанбаатар хотын агаар, хөрс, дуу чимээний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл зэрэг асуудалд өдөр тутам бухимдаж байдаг хотын иргэд “Авто худалдааны цогцолбор” байгуулах, хотоос энэ төрлийн үйлчилгээг хотоос нүүлгэн шилжүүлэхийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Нийслэлийн харьяа төрийн байгууллагууд ч дэмжин ажиллаж байна.  
Автомашины худалдаа эрхлэгчид нүүхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ...

Ингэж нүүлгэн шилжүүлэхэд хоёр талын ашиг сонирхол яригдана. Нэг талд, Автомамшин, түүний дагалдах хэрэгслийг ил задгай худалдан борлуулагч хувь хүн, жижиг ААН, нөгөө талд нь зогсоол, газар, хашаагаа түрээслүүлж буй эзэд. Худалдаа эрхлэгчид нүүхэд татгалзах зүйлгүй, тухайн зах, төвлөрсөн авто зогсоол нэгдсэн журмаар үйл ажиллагаагаа зогсоох юм бол нүүнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ ч утгаараа эхнээсээ манай цогцолборын зогсоолуудаас худалдан авч байна.

Одоогоор 1000 авто зогсоол борлуулаад байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй автомашины бизнес эрхлэгчид 1-3 авто зогсоол худалдан авч, ажлын байраа бэлдчихсэн атлаа худалдаалах автомашинуудаа энд байршуулахгүй байна.

Төвлөрсөн худалдаа, худалдан авагчид нь хотдоо төвлөрсөн хэвээр байгаа учраас бизнесээ эрсдэлд оруулахгүй гэдэг утгаараа нөгөө л газар, хашаа, зогсоолоо түрээсэлсээр байна. Тиймээс Авто худалдааны цогцолборын даргын хувьд бизнесээ эрсдэлд орно гэж эмээхгүйгээр эндээ бизнесээ эрхлэхийг урьж байна.

Мэдээжийн хэрэг шинэ зүйл гэдэг бол бага зэргийн эргэлзээ, эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ бүхэнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байх. Нөгөө талаас цогцолборын дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа эрхлэгчийн нийгмийн асуудал, ажиллах нөхцөл боломж зэрэгт асуудал байгаа юм биш биз?

Манай цогцолбор автомашины бизнес эрхлэгч, худалдан авагч гэсэн хоёр талын сэтгэл ханамжийг хэд хэдэн шатаар ахиулах бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна.

Худалдаа эрхлэгчийн хувьд манай цогцолбор тухайн хүний ажлын байр болж байна гэсэн үг.

Бид ажлын байрны нөхцөл шаардлагын дагуу тухайн хүний амь нас, эрүүл мэндэд хоргүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүднээс агааржуулалт, ус зайлуулах, камер, гэрэлтүүлгийн нэгдсэн системтэй, утасгүй интернэт, узель, нийтийн бие засах газар, чанарын шаардлагад нийцсэн хоолны газрууд, бусад хэрэгцээт үйлчилгээ, нэгдсэн ажиллах цагийн хуваарь зэргийг шийдэж өгсөн.

Нөгөө талаас автомашин худалдан борлуулах явцад гардаг аливаа асуудлыг шийдвэрлэх зорилготой банк санхүү, татвар, даатгал, бүртгэл, нотариат, үзлэг оношилгоо зэрэш төвлөрсөн үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдэж байна.

Ямар нэгэн бухимдалгүй, соёлч боловсон хүчинд ажил, үйлчилгээ эрхлэх, үйлчлүүлэх боломжтой орчин үеийн худалдааны төв гэж хэлж болно.

Автомашин гэдэг бол импортын бараа гэдэг утгаараа гадаадаас машинаа оруулж ирээд гаалиас авах үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлд Зам тээврийн яам, УБТЗ-тай хамтран ажиллаж байна.  

Манай цогцолбор хотын баруун талд, Сонгинохайрхан дүүрэгт байрладаг учраас хангалттай хэмжээний газар талбайтай, авто болон төмөр замын сүлжээ, зангилаа сайтай, цаашид өргөтгөх боломжтой гэдэг утгаараа маш том давуу талтай.

4 сая төгрөгөөр нэг удаа авто зогсоол худалдан авснаар ирээдүйд үнэ цэнэ нь үргэлж өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй болно гэсэн үг.

Зөвхөн автомашины худалдаа эрхлэгчдэд хамаатай бус үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, эрхлэх сонирхолтой хэн бүхэнд өргөн боломж олдож байна. Цаашид орон сууцны хороолол, хүн амын хэрэгцээт бусад үйлчилгээг нэвтрүүлээд ирэхээр Сонгинохайрхан дүүргийн хөгжил цаашлаад нийслэл, улс орны хөгжилд сайнаар нөлөөлөх болно.  

Цогцолборын ажил эрчимжсэн энэ цаг үетэй давхцаад Да хүрээ, Өгөөмөр зэрэг авто худалдааны зах, зогсоолууд үйл ажиллагаагаа зогсоож байна уу? Та бүхэн тэдэнтэй харилцан зөвшилцөлд хүрч чадаж байна уу? Тэд ямар байр суурьтай байна?

2013 онд анх энэ төслийг эхлүүлж байхад нийслэлээс ил задгай автомашины худалдаа, үйлчилгээ эрхлэгч зах, төвүүдийн эзэд, өөрийн эзэмшлийн газрыг түрээсэлдэг бизнес эрхлэгчидтэй хоёр ч удаа уулзсан байдаг.

Ер нь “Авто худалдааны цогцолбор” бол хоёр талын хамтарч гаргасан санал ч гэдэг. Тиймээс ч Сонгинохайрхан дүүргийн 130 га газрыг цогцолбор барьж, байгуулахад зориулсан.

Ингээд ерөнхий төлөвлөгөө гарч, төсөл хөтөлбөр хэрэгжээд ирэхийн цагт харилцан тохиролцсон зах, худалдааны төв, зогсоолын эзэд анхны ярьсан, тохирсоноо умартаж, нүүрээ буруулсан байдаг.

Тухайлбал, 1991 онд байгуулагдсан 25 жилийн түүхтэй “Да Хүрээ” захын авто худалдааны захын зориулалттай газар эзэмшлийн эрх нь 2014 онд дуусгавар болсон. Нийслэл энэ зориулалтаар дахин зөвшөөрлийг сунгаагүй учир тус захын удирдлагууд цэцэрлэг, сургууль, үйлчилгээ, орон сууц бүхий цогцолбор хороолол барина гэж өөр зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон байдаг.

Хэн нэгний өнөө, маргаашийн ашиг хонжоо бус нийтийн ашиг сонирхол энд яригдаж байна.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл автомашины худалдаагаа зогсоолгүй, цогцолбор хорооллын ажил нь эхлээгүй байна. Өгөөмөр захын хувьд доторх чингэлгүүдээ шахаж, газар талбайн чөлөөлөлтөө эхэлчихсэн, барилгын ажил нь эхлэх гэж байна.

Миний бодлоор энэ мэт үйлчилгээ эрхлэгч компани, аж ахуйн нэгж, хувь хүнд төр төмөр нүүр үзүүлэхгүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл нэг ч удаа зориулалтын бусаар газар эзэмшиж, ашиглаж байна гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, үйл ажиллагааг нь зогсоож байсангүй. Харин ч тэдний санал хүсэлтийг байнга сонсож, цогцолборын төслийн ажилдаа тусгаж, сайжруулсаар ирсэн.

Ер нь аль нэг зах, төвийн эздийн өнөө маргаашийн түрээсийн орлогоос илүү энд нийслэл хотын иргэд, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил энд яригдаж байна. “Хотыг дахин хөгжүүлэх тухай”, Нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ төсөл явж байгаа.

Авто зогсоолыг 4 сая төгрөгөөр худалдан авна гэхээр өөрийн бүрэн эзэмшлийнх болж, түрээс төлөхгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Бэлнээр болон банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр авах боломжтой. Худалдан авсан тохиолдолд цаашид ашиглалтын зардлаа төлөөд автомашины бизнесээ чөлөөтэй эрхэлж болно. Арилжих, худалдаалах боломжтой. Түрээс, давхар түрээсийн дарамт үгүй болно.

Үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэдэг утгаараа банк, санхүүгийн байгууллагаас эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой.
Ирээдүйд үнэ цэнэ өссөөр, одоогийн үнээсээ даруй 7 дахин өснө гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан.

Нөгөө талаар тогтмол ажлын байртай болж, түрээсийн дарамтгүй учраас автомашин худалдан борлуулах савлагаа үүсэхгүй бөгөөд энэ нь эргээд худалдан авагчид ирэх эдийн засгийн ачааллыг бууруулна гэж харж байна.

“Авто худалдааны цогцолбор” бол иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүжилтаар босож буй төсөл гэж ойлгож болно. Учир нь цогцолборын төсөл хэрэгжиж эхлээд 1000 авто зогсоол худалдан борлуулж, 4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадсан.

Эхэн үедээ автомашины худалдаа дагасан орчин үеийн худалдааны төв гэсэн статустай байгаа бол цаашид логистикийн нэгдсэн систем, 15 000 айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж баригдаад ирэхээр томоохон суурьшлын бүс бий болно гэж харж байна. 

Уншигч та үргэлжлүүлэн цогцолборын нийгэм, эдийн засгийн үр өгөөж, зах зээлийн мэдээлэлтэй танилцуулна уу. Бид энэхүү мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын эдийн засагчдаас авсан болно.

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

"Авто худалдааны цогцолбор"-ын хүрээнд төлөвлөгдөж буй бүтээн байгуулалтын ажлууд

Хэрэглэгч

- Нийслэлд ил задгай автомашины худалдаа эрхэлж буй 5 дүүрэгт 102 иргэд, аж ахуйн нэгжүүд 7000 орчим авто машины худалдаа эрхэлж байна. Хэрэглэгч эдгээр автомашиныг бүгдийг явж үзэхэд хүндрэлтэй бөгөөд маш их цаг хугацаа, шатахуун тос гарздаж байна. Үүнээс гадна авто худалдаа эрхлэгчид нэг цэгт төвлөрснөөр хямд үнээр чанартай машин худалдан авах боломжтой болно.

Тус цогцолборын бүсчилсэн хөгжлийн загвар

- Авто худалдааны цогцолбор нь авто худалдааг төрөлжүүлэн /япон машин, солонгос машин, дугаартай машины худалдаа, араб америк машины худалдаа гэх мэт/, мөн шаардлагатай банк, даатгал, нотариат, бүртгэл, хаягийн хөдөлгөөн, дугаарын үйлдвэр, оношлогоо, авто угаалгын газар, нийтийн халуун хоол, нийтийн ариун цэврийн газар, татварын байгууллага зэрэг байгууллагуудыг нэг цэгт төвлөрүүлсэн.

- Тээврийн хэрэгслийн зорчилтын зардал хэмнэх

- Цаг хугацааны үнэ цэнэ

"Авто худалдааны цогцолбор"-ын өнгөрсөн ба одоо

Бизнес эрхлэгч

- Өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй болсноор эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой.

- Шинээр бизнес эрхлэгчид нэмэгдэж зах зээл нэмэгдэх боломжтой.

- “Авто худалдааны цогцолбор” нь олон улсын жишигт нийцсэн худалдааны төв болсноор хөрш орнуудтай хийх реэкспортыг нэвтрүүлж улмаар бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх боломжтой.

- Гаалийн баталгаат агуулахыг “Авто худалдааны цогцолбор”-ын дэргэд байгуулснаар ачаа тээврийн зардал буурч, мөн бизнес эрхлэгчдийн цаг зав хэмнэгдэн хараа хяналт сайжрах боломжтой.

Ирээдүйн үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх магадлалтай

Нийгэм, эдийн засаг

- Бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх, орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хүрээг нэмэгдүүлэх эдийн засгийн таатай нөхцөл бий болгох

- Дээрх зах, худалдааны төвүүдийн газар суларснаар эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой болно. Мөн одоогийн техникийн захуудын ойр орчимд байгаа авто машины хэт их төвлөрөл, замын хөдөлгөөний ачааллаас үүдсэн зөрчлүүд арилах бөгөөд авто машины эд ангийн хулгай болон сэлбэгийн наймаа дагасан иргэдийг хохироох үйлдлүүд багасна.

Автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдааны зах зээлийн мэдээлэл

- Улаанбаатар хотын авто замын ачааллыг багасах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй автомашины 70-аас дээш хувь нь 10 жилээс дээш насжилттай автомашинууд байгаа бөгөөд хүний биед хортой 200 гаруй төрлийн хорт хий ялгаруулж байна.

Иймээс зөвхөн Да хүрээ зах орчмын 25 000 айлын дунд шигүү байрлаж зогссон 5000-6000 орчим машинаас ялгарах хорт хийнээс Баянзүрх дүүргийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа болно. Харин хүн амын нягтрал багатай орчинд авто худалдаа эрхлэгчид шилжсэнээр дээрх иргэд автомашины утаанд хордох асуудал болон автомашинаас гарах дуу чимээ, бухимдал эрс багасч иргэдийн амар тайван амьдрах боломж бүрдэнэ.

- Сонгинохайрхан дүүрэгт ажлын байрууд шинээр бий болох, татвар төлөлт

- Дэд бүтцийн хөрөнгө оруулалт /15000 айлын орон сууц/