Дахин төлөвлөлт гээд баахан орон сууц бариад байдаг борлуулалт байхгүй бол яах вэ?
“Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэмбаяр
2016.02.02

Дахин төлөвлөлт гээд баахан орон сууц бариад байдаг борлуулалт байхгүй бол яах вэ?

Нийслэл Улаанбаатар хот XXI зуун эхэлсэнтэй зэрэгцэн бодлогогүй хот төлөвлөлт, замбараагүй газар олголт, хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалан арваадхан жилийн дотор хөрс, ус, агаарын бохирдол зэрэг асуудал хурцадмал түвшинд хүрээд байна.

Тиймээс эдгээр асуудлыг шийдэх нэгэн гарц гэж харж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар холбогдох холбооны тэргүүнээс цөөн асуултаар тодрууллаа. 

Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо яагаад байгуулагдах болов?

Хот дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн холбоо нь 2014 оны наймдугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төр хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гишүүддээ үйлчилдэг ТББ хэлбэрээр байгуулагдсан.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийслэл-компани-иргэд гэсэн гурван субьектийн хоорондын харилцан ойлголцлыг холбоо хэрхэн хангаж ажиллав?
Гэр хорооллыг дахин төлөвлөх  төслүүд нь сонгодог утгаараа Public-private partnership буюу PPP төслийн хэлбэр юм.

PPP төслүүд нь бүтцийн хувьд олон янз байдаг. Гол зарчим нь тоглоомын дүрэм нэг, харилцан оролцогчдын эрх, үүрэг тодорхой байх ёстой.

Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч байсан, одоо ч тулгамдаж буй гол асуудлууд гэвэл юуг нэрлэх вэ?

Тулгамдаж байгаа гол асуудлууд гэвэл  хууль эрх зүйн орчин дутмаг, нийслэл болон төрийн бодлого нэг цэгт зангилагдаж чадаагүй, нийслэлийн орон сууцны бодлого алдагдсан буюу орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг үндсэн төсөл амжилттай хэрэгжих эсэх нь хамаарах асуудлууд байна.

Эдгээр болон өдөр тутамд тулгамдаж буй бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Ямар ч байсан баримтлах хууль эрх зүйн орчин тодорхой боллоо.

"Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай" хууль батлагдсан. Энэхүү хуулийг батлуулахад санаачилга гарган, хуулийн төсөлд санаа бодлоо тусгасан.

Одоо уг хуулийн хэрэгжүүлэх журам гэж гарах ёстой. Нийслэлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх гэх мэт макро түвшний бодлого нь төрийн бодлого болж явах шаардлагатай. Дахин төлөвлөлт гээд баахан орон сууц бариад байдаг борлуулалт байхгүй бол яах вэ?

Төсөл хэрэгжүүлэх компаниудыг сонгон шалгаруулах процесс, нийслэл болоод иргэдийн тавьсан шаардлагууд хэр шударга, зөв зүйтэй гэж үзэж байна?

Ямар ч шинэлэг ажилд алдаа, дутагдал байдаг. Гагцхүү аливаа эхэлсэн ажил алдаа, дутагдлаа засаж цаашид улам сайжирч явж байна уу гэдэг нь чухал. Иргэдийн оролцоо ямар байх вэ? Төр буюу нийслэлийн оролцоо ямар байх юм гэдэг нь анхнаасаа тодорхой байх ёстой.

Одоогоор нэг талаас, иргэний хашаа байшинг хямд авах гэсэн төсөл хэрэгжүүлэгч, нөгөө талаас газраа үнэтэй өгөх гэсэн иргэд байгаа юм шиг л  харагдаад байна.

Гэтэл үүний цаана тооцоолол, уг газраа орон сууцаар сольсон иргэдийн хувь заяа, цаашлаад Улаанбаатар хотын утааны асуудал, иргэдийн эрүүл, тайван амьдрах орчны асуудал яригдана.

Цаашид ямар бодлого, арга хэмжээ авч энэхүү төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна?

Ямар ч байсан дахин төлөвлөлтийн төслүүд цаашид хэрэгжих ёстой. 2015 онд 2100 орчим айлын орон сууц гэр хороолол байсан газар ашиглалтад орсон. Энэ онд дор хаяж 4000 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Мөн төдий дайны орон сууцны барилга эхэлж үргэлжилнэ.

Тэгэхээр манай холбооны голчилж анхаарах зүйл бол нэгэнт бариад ашиглалтад оруулсан орон сууцны борлуулалтад анхаарч ажиллана. Мөн шинээр байгуулагдсан Нийслэлийн орон сууцны корпораци болон арилжааны банкуудтай цаашид хэрхэн хамтарч ажиллахаар ярилцаж байна. 

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа.