Түмэннасан.А 2016.03.14 | Сайт: Vip76.mn

Иргэд эвлэлдэн нэгдсэнээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байна

Иргэд эвлэлдэн нэгдсэнээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэж байна
БЗД-ийн ИТХ-ийн төлөөлөгч, БЗД-ийн Хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан

БЗД-ийн ИТХ-ийн төлөөлөгч, БЗД-ийн Хөгжлийн төвийн дарга А.Түмэннасантай иргэдийн оролцоог хэрхэн  бий болгох, дэмжиж ажиллах, тус төвийнхөн иргэдээ хэрхэн дэмжин ажилладаг талаар ярилцлаа.

Та БЗД-ийн 5 дугаар хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч. Мөн дүүргийн хөгжлийн төвийн даргаар ажиллахдаа төлөөлөгчийн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

Иргэдийн төлөөлөгчийн хувьд иргэдийн санал бодлыг сонсох нь чухал. Энэ утгаараа миний ажил төлөөлөгчийн үүргээ биелүүлэхтэй уялдаж, нэгдэж өгдөг. Иргэдийн  санаачилсан ажил, тэдний боловсруулсан төсөл хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжихэд нь манай байгууллага хяналт тавьж, хамтран ажилладаг.

Орон нутгийн удирдлага нь иргэдээ ингэж дэмжиж байгаа нь олзуурхууштай зүйл. Бид иргэдийн оролцоог бий болгохын тулд тогтмол сургалт зохион байгуулдаг. Ингэснээр иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлэг байгуулж байна.

Иргэд бүлэг болж, нэгдсэнээр тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, хамтаараа шийдвэрлэх хүчтэй болдог.
...Тэд оюун ухаан, хөдөлмөр хүч, хөрөнгө мөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хамтын хүчээр асуудал шийдвэрлэж болдгийн тод илрэл болж байна...

БЗД-ийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх, 35 дугаар гудамж

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв байгуулагдсанаас хойш хийсэн гол ажлууд юу вэ? Энэ хугацаанд иргэдтэйгээ хэр ойр ажиллав? Тэдний оролцоо хэр байв?

Манай хөгжлийн төванх 2013 онд иргэдийн оролцоотойгоор дүүргээ хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Анхны жилээ нэг хороог жишиг хороо болгох зорилго тавьж, тэр хороогоор 28 дугаар хороог сонгон, ажиллаж эхэлсэн. Бид маш олон сургалт хийсэн. Эхэндээ иргэд үл итгэсэн, идэвхи оролцоо сул, шүүмжилсэн хандлагатай байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Байгуулагдаад гурав шахам жил болж буй манай төв эдгээр жилүүдэд хийсэн гол ажил гэвэл гэр хороололд амьдарч байгаа иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нийтийн эзэмшлийн зам талбайгаа хамтран цэвэрлэж, тохижуулж болдгийг нотолж чадсан гэж бодож байна.

...Иргэд эхлээд хур хогоо цэвэрлэснийхээ дараа хашаа хороогоо будаж, гудамж талбайгаа засаж янзлан, улмаар хүүхдийн тоглоомын талбай байгуулах болсон. Энэ бүх ажилд хөрөнгө мөнгө шаардагдахгүй бөгөөд зөвхөн иргэдийн санаачилга, хичээл зүтгэл л хангалттай...

Дүүргийн хороодын иргэдийн бүлгүүдээс жишиг гудамж байгуулах, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулах, камержуулалтын нэгдсэн систем бий болгох зэрэг төсөл бичин, ирүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор “Төсөл сонгон шалгаруулах журам” боловсруулж, дүүргийн ИТХ-аар батлуулсан. Энэ журмын дагуу иргэдийн бүлгийн бичсэн төслүүдийг шалгаруулж, дэмжиж ажилласнаар манай дүүрэг олон жишиг гудамж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замтай болсон.

Жишээлбэл, 28 дугаар хороонд анх байгуулагдсан гурван иргэдийн бүлэг хамтран орчин тойрныхоо хур хогийг цэвэрлэн, нийтийн эзэмшлийн зам талбайгаа тэгшилж, уг талбай дээр тоглоомын талбай байгуулах төсөл бичсэний дагуу манай байгууллага дэмжсэнээр тус хороо тоглоомын талбайтай болж чадсан. Энэ бол иргэд нэг санаа, зорилгын дор нэгдэн нийлж чадвал хийж, бүтээж болдгийн нэгээхэн жишээ юм.

БЗД-ийн 5 дугаар хороо, Өлгийн 29, 30 дугаар гудамж

Иргэдийн бүлгийн ажиллах гол зарчмыг илүү тодруулаач?

Одоо иргэдийн бүлгүүд жишиг гудамж тохижуулах, явган хүний зам барих ажлыг бага зардлаар хийж чаддаг болсон байна.

Иргэдийн бүлэг анх байгуулагдахдаа хуралдаж, ахлагч болон санхүүгийн хүнээ томилон, мөн цаашид хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ тодорхойлж, түүнд зарцуулах төсвөө бүрдүүлэх зорилгоор иргэдээс тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж, асуудлаа хамтран шийдэж ажилладаг.

...Иргэд өөрсдийн бие сэтгэл, хөдөлмөр бүтээлээрээ бий болгосон зүйлийнхээ хадгалалт, ашиглалт, хамгаалалтыг бүрэн хариуцаж ажилладаг...

Өмнө нь иргэдээс нь санал авахгүйгээр Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай гэх мэт ажлыг багагүй төсвөөр байгуулдаг байсан. Гэвч тэнд өдөр тутамд ямар ч хамгаалалт, хяналт байдаггүй байсан. Харин иргэдийн бүлэг өөрсдөө бүтээн байгуулж байгаа тохиолдолд зөв газар зөв зүйлээ хийсэн байдаг.  

БЗД-ийн 19 дүгээр хороо, Цайзын 15 дугаар гудамж

Иргэдийн бүлэг байгуулах, сурталчлан таниулах, мэдээ мэдээлэл дамжуулах ямар арга хэрэгсэл ашигладаг вэ?

Иргэдийн бүлэг байгуулах, тэднийг идэвхжүүлж тогтвортой байлгахын тулд манай байгууллагын газар өмчлөгчдийн холбоо (ГӨХ) хариуцсан албаны ажилчид тухайн хорооны айлуудаар тогтмол явж, мэдээлэл өгөн, иргэдийн бүлэг байгуулах хүсэлтэй иргэдийн дунд сургалт хийдэг.

Манай байгууллага нь 2014 оноос эхлэн Хот байгуулалт, мэдээлэл судалгааны төвтэй (ХБМСТ) хамтран ажиллаж байгаа бөгөөд иргэдийн бүлгүүдэд тухайн цаг үед ямар сургалт шаардлагатай байгааг хамтран тодорхойлж, сургалтаар дамжуулж, мэдээлэл зөвлөгөө өгдөг.

Мөн иргэдийн бүлгүүдэд зориулан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, мэдээллийг сошиал сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэдэг.

...Онцолж хэлэхэд, иргэдийн бүлэг тогтвортой байж чадвал зөвхөн дүүрэг, нийслэлийн төсөв биш бусад хөрөнгө оруулагч, дэмжигч байгууллагуудаас хөрөнгө татаж, оршин суугаа нутаг дэвсгэртээ бүтээн байгуулалтын ажил өрнүүлж болдог гэдгийг манай дүүргийн иргэд ойлгож байна...

Үүний нэг жишээ нь бид энэ жил дүүрэгтээ Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар 380 сая төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн бүлгээрээ дамжуулан хийсэн. Иргэдийн оролцоог дэмжсэнээр тэд хүчтэй байж, сайхан зүйлс бүтээн бий болж чадна.   

Нийслэл болон хөдөө орон нутгуудад иргэдийн бүлгүүд байдаг. Жишээ нь “Дэлхийн зөн”-гийн иргэдийн бүлгүүд байна. Мөн “Хот байгуулалт, мэдээлэл судалгааны төв” ТББ-ын хуримтлалын бүлгүүд хөдөө орон нутгуудад олон. Энэ ажлыг далайцтай болгохын тулд тухайн орон нутгийн удирдлагууд иргэдийн бүлгийн талаар ойлгоцтой болох, иргэдийн бүлгүүдээ дэмжиж, сурталчлах шаардлагатай.

БЗД-ийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий, 22 дугаар гудамж

Иргэдийн бүлгийн үйл ажиллагааг улам далайцтай болгох үүднээс ямар бодлого, ажил төлөвлөж байна?

Нөгөө талаас иргэд идэвхтэй, зөв оролцоотой, хувийн соёлтой  баймаар. Учир нь зарим иргэд орчин тойрныхоо хог, шороог цэвэрлэхэд хойрго ханддаг. Бусдынхаа санаачилсан ажилд идэвх, зүтгэл муутай оролцож байна. Тэр ч бүү хэл гудамж талбайд үнс, муу усаа асгах тохиолдол одоо ч байсаар. Тиймээс иргэн бүр цэвэр, эрүүл орчинд амьдрах чин хүсэл эрмэлзлэлтэй байж, иргэдийн бүлэгт нэгдэн, амьдрах орчноо сайжруулцгаая гэж уриалж байна. 

Ярилцахад таатай байлаа. Танд баярлалаа.