Ганбат.Б 2016.05.25 | Сайт: Vip76.mn

Татваргүй болвол ажилчдын цалинг нэг саяд хүргэх бололцоотой

Татваргүй болвол ажилчдын цалинг нэг саяд хүргэх бололцоотой

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбаттай ярилцлаа. 

Төр засгийн дэмжлэг ноосны салбарт хэр хүртээмжтэй байна вэ?

Монгол ноосоор даавуу хийх, барилгын дулаалга хийх хоёр том төсөл дээр манай салбарын компаниуд ажиллаж байна. Энэ ажлууд төгсгөлийн шатандаа явж байна.

Засгийн газраас 2010 онд 29 тэрбум төгрөг, Чингис бондоос 45 сая доллар зээлээр өгсөн. Энэ мөнгөний зориулалт нь тоног, төхөөрөмжийг шинэчлэх байсан. Харин одоо бидэнд эргэлтийн хөрөнгө шаардлагатай.

Хонины ноос, тэмээний ноос, сарлагын хөөвөр гэсэн үндсэн түүхий эдүүд нь Монголдоо байна.

... Тиймээс бид шинээр бүрэлдэх Засгийн газарт эдгээр түүхий эдээр үйлдвэрлэл явуулж буй үйлдвэрүүдийн татварыг тэглээд өгөөч гэсэн хүсэлт тавина. Төсөвт оруулж буй татварын мөнгөний өчүүхэн хэсгийг ноосны салбарынхан өгдөг болохоор татвар тэглэлээ гээд алдах зүйлгүй, харин хожих зүйл их ...

Бусад орнуудын хөнгөн үйлдвэрээ хөгжүүлсэн туршлага ч ийм байна. Хэрэв татварыг тэглэчих юм бол гадны хөрөнгө оруулагчид мөнгөө тоног төхөөрөмжтэйгээ аваад ороод ирнэ.

Засгийн газарт тавих дараагийн нэг санал бол ноосны салбарын ажилчдын цалингийн асуудал. Өнөөдөр ажилчид дунджаар 500 мянган төгрөгний цалинтай. Хэрэв татварыг тэглэчихвэл ажилчдынхаа цалинг сая төгрөгт хүргэх боломж бидэнд байна. Цалин өндөр болвол боловсон хүчний бааз нэмэгдэж, үйлдвэрлэл өргөжинө. Тэгэхгүй бол орлого багатай энэ салбарт ажиллах хүний тоо улам л цөөрөөд байна.

Түүхий эдийн хангамж өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ?

Ноосны урамшууллын системтэй болсноор байдал дээрдсэн. Өмнө нь хятадууд ноосны аль сайныг нь аваад явчихдаг, дотоодын үйлдвэрүүд 4-5 сар ажиллаад л түүхий эдгүй болдог байсан. Бид жилд шаардлагатай түүхий эдийнхээ бараг 90 хувийг дотоодоосоо хангаж байна. Гэхдээ гүйцэтгэн боловсруулалт хангалттай хийж чадахгүй байна. Голдуу угааж, самнаад 50 орчим хувийг нь экспортолдлог. Үлдсэнээр нь дотооддоо хивс, эсгий  голдуу хийдэг. Цаашдаа нарийн самнасан түүхий эдээрээ утсаа, даавуугаа, сүлжмэл хувцсаа, завсрын үсээр нь эсгийгээ хийгээд явах бүрэн боломжтой.  Түүнчлэн жилд 1200 тонноор бэлтгэгддэг тэмээний ноосоороо ээрмэл утсаа хийх бололцоотой. Одоогоор 10 орчим үйлдвэр тэмээний ноосоор утас ээрдэг ч хангалтгүй байна. Мөн сарлагийн хөөврийг гүйцэд бэлтгэж, боловсруулдаг болох хэрэгтэй. Одоогоор бид боломжит 350 тонн сарлагийн хөөврөөс дөнгөж 50-60 тонныг нь бэлтгэж байна.  

Ноосны салбарын компаниуд түүхий эд бэлтгэн нийлүүлэхдээ, боловсруулахдаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ямар зохион байгуулалттай ажилладаг вэ?

Манай холбоонд 360 ААН бүртгэлтэй. Үүнээс гадна түүхий эд бэлтгэн нийлүүлдэг 1080 итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хуучнаар бидний ченж гэж нэрлэдэг байсан хүмүүс  харъяалагддаг. 360 ААН-ээс 160 нь жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үлдсэн нь улирлын чанартай ажилладаг орон нутгийн үйлдвэрүүд, хоршоод бий.

... Хоршоодын хувьд зөв зохион байгуулалтанд ороогүй байна. Угтаа хоршоо нь малчиддаа үйлчилдэг ёстой байтал мөрөөрөө яваа малчныг хоршоондоо элсүүлэнгүүтээ гишүүний татвар нэхээд байдаг ...

Малчид ч зарим хоршоонд дургүй болсон. Хоршоо бол эхний 2-3 жилд малчиддаа үйлчилж, үйлдвэрт нийлүүлэх ноосныхаа чанарыг сайжруулах ёстой. Түүнээс биш сумын төвд дэлгүүр ажиллуулдаг нэг нөхөр хоршооны бичиг авчихаад малчдыг хамруулж, зүгээр татвар аваад байж болохгүй.

Хөдөө аж ахуйн бирж ч бас ялгаагүй дээрээсээ байгуулагдсан учраас түүхий эд нийлүүлэлтийн дундаас татвар аваад л байж байна. Малчиндаа үйлчилж байгаа зүйл алга.

Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо хэр байна вэ?

Дээр хэлсэнчлэн татварыг тэглэх хэрэгтэй. Түүнчлэн дотоод зах зээлээ хамгаалж, гадагшаа чиглэсэн түүхий эдийг татвартай болгох ёстой. Харин саяхан Засгийн газрын тогтоол гарч 10 хувийн татвар авахаар болсон нь зүйтэй алхам болсон. Хятад улс 17 хувийн татвар, ОХУ 30 орчим хувийн татвар авдаг.

Монголын зах зээлд Хятадын хоёрдогч түүхий эдээр хийсэн чанаргүй утас их байдаг гэсэн яриа байдаг?

Энэ бол Хятадаас зөвхөн Монголд нийлүүлдэг, синтетик түүхий эдээр хийсэн утас. Энэ утас бидэнд их гай болдог нь үнэн. Эрээн хотод л гэхэд Монголд ийм утас нийлүүлдэг хэд хэдэн компани байх жишээтэй. Саяхан хөх хотод болсон үзэсгэлэнд ийм утсаар хийсэн мөртөө монгол ноосоор хийсэн гэсэн бүтээгдэхүүнүүд очсон байна лээ. Энэ бол яаралтай шийдэх ёстой асуудал. Тэгэхгүй бол бид гадаадын хэрэглэгчдийн итгэлийг алдана.

Ноосны компаниуд экспортод бүтээгдэхүүн гаргахад юу саад болоод байна?

Хятад, Өвөрмонголын маш том зах зээл биднийг хүлээж байгаа. Япон ч бас татваргүй болсон учраас гаргах боломж бий. Харамсалтай нь том хэмжээний захиалга биелүүлэх гэхээр компаниудын хүч хүрдэггүй. Тиймээс компаниуд томрох хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэгдэх ёстой.

Энэ зуны төлөвлөгөө юу вэ?

Зургадугаар сарын 15-наас өмнө бүх аймагт семинар зохион байгуулна. Ингэхдээ 12 аймагт ажилладаг ноос угаах үйлдвэрүүддээ түшиглэнэ. Малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлдэг итгэмжилсэн төлөөлөгчидтэйгээ уулзаж чанартай түүхий эдээ 100 хувь хангах зорилт тавиад ажиллана даа. 

Монгол ноосоор хийсэн төрөл бүрийн даавуунууд

Монгол ноосоор хийсэн дулаалгын материалууд