Чулуунбаатар.Г 2016.07.08 | Сайт: Vip76.mn

Цөөн хэдэн компаниас биш хөдөлмөрчин хүн бүрээс хамаардаг эрүүл эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй

Цөөн хэдэн компаниас биш хөдөлмөрчин хүн бүрээс хамаардаг эрүүл эдийн засагт шилжүүлэх хэрэгтэй
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, акедемич, доктор, профессор Г.Чулуунбаатар

Сонгуулийн үр дүн болоод өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, акедемич, доктор, профессор Г.Чулуунбаатартай ярилцлаа.

Сонгууль болоод дууслаа. Сонгуулийн үр дүнд хэр сэтгэл хангалуун байна вэ?

Сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна гэхээс илүү ямар сонгууль болсон бэ?, ард түмэн яагаад ийм сонголт хийвээ?  гэдэг  талаар эхлээд бодох нь  чухал. Энэ удаа сонгогчид   Монгол оронд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгох,  улс орны хөгжлийн удаашрал, хүндрэл хийгээд ард түмний амьдрал доройтсоны  шалтгааныг арилгах боломжийг хайсан сонголт хийлээ.

 Сөрөг хүчин байсан нам сонгогч олны үнэмлэхүй олонхийн дэмжлэг авч парламентын 76 суудлын 65-ыг  авсан үр дүн  бол үнэхээр хөсөрдүүлэх аргагүй итгэл найдвар юм.

   Монголын улс төрийн ууган хүчинд ард түмэн  яагаад ингэж их найдвар хүлээлгэх   болов оо?  Хэдхэн хүчин зүйл энд  нөлөөлсөн. Тухайлбал, 

  • Эрх баригчдын бодлогын алдаанаас улс оронд бий болсон хүндрэл
  • Эрх баригч хүчний бодлогыг хэрэгжүүлж, эрх мэдэлд хүрсэн боловсон хүчний мэдлэг, туршлагагүй байдал, хэт дураар авирласан  ёс суртахууны доройтол
  • Хууль ёс, хариуцлага, сахилгыг уландаа бүх шатандаа уландаа гишгэсэн уваагүй байдал,
  • Улс төрийн 3 дахь хүчний орон зай бодитой үүсч чадаагүй, шинэ тулхтай улс төрийн хүчин төлөвшөөгүй байдал
  • Сонгуулийн хууль тогтоомж, тойрог хуваарилалт зэрэг  сонгуулийн өмнөх улс төрийн акцууд

Иймэрхүү хүчин зүйлүүдийн зэрэгцээ улс төрийн ууган хүчний туршлага,  боловсон хүчний нөөц, үзэл баримтлал хөтөлбөр, улс  төрийн үйл явцад баримталж ирсэн бодлого, байр суурь зэрэг нь  энэ намд бусдаас илүү  итгэх үндэслэл болсон болов уу гэж бодож байна.

 Монголын улс төрийн ууган хүчинд ард түмэн  яагаад ингэж их найдвар хүлээлгэх   болов оо?

Эцсийн дүндээ    хариуцлагыг бодитой болгох, шударга ёсыг тогтоох, улс орны хөгжил,  ард түмний амьдралыг өөд нь татах гэсэн том  зорилтыг илүү хэрэгжүүлнэ гэсэн итгэл найдварыг тээсэн ард түмний  сонголт гэж үзэж болно.Тиймээс МАН энэ гурван зорилтод  голлон  анхаарч, нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх   ёстой.

Энэ удаагийн ард түмний сонголт бол монгол хүний голч, холч, саруул ухааны сонголт,  өөдрөг ирээдүйн төлөө иргэдийн итгэл үнэмшилд суурилсан сонголт.

Өөрөөр хэлбэл, сонгогчид цаг үеийн сурталчилгаа, хоосон амлалтанд  хууртаагүй, нэгийг бодож, нөгөөг тунгаасан  буурьтай сонголт байсан. Өнгөрсөн 25 жилд ихэнхдээ мөрийн хөтөлбөрийн амлалт, улс төрийн сурталчилгаа, хүмүүсийн ярьж буй зүйлийг харж сонголтоо хийж байсан бол энэ удаад өнөөгийн тулгамдсан асуудлыг МАН шийдэж чадна гэж сонголтоо хийсэн. Үүгээрээ ухаалаг, хариуцлагатай, итгэл найдварын эцсийн гэж хэлж болох  сонголт гэж ойлгогдож байна.

 УИХ харьцангуй шинэ бүрэлдэхүүнээр багаа бүрдүүллээ?

Сонгогдсон 76 гишүүнийг харахад аль үеийн парламентаас илүү сайн шинэчлэл хийгдсэн. Ер нь шинэ уур амьсгал бүрэлдэж, түүний хүрээнд шинэ алхмууд хийгдээсэй. Засаглалын тогтолцоо, эдийн засгийн асуудлыг шинэ хүний нүдээр өөр өнцгөөс харж зоригтой алхмуудыг хийх нь чухал байна. Либарел ардчилал гэдэг зүйл түүхэн сорилтын босгон дээр ирсэн. Тиймээс ардчилсан тогтолцоонд үүсч буй тулгамдсан асуудлын гарц, шийдлийн зоримог алхмууд энэ парламентын үед хийгдэх ёстой.

МАН нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Монгол Улс жижиг эдийн засагтай, боломжийн байгалийн баялагтай улс. Байгалийн баялаг байхгүй байсан ч амгалан тайван, чинээлэг амьдрах боломжтой тийм л улс.Тэгэхлээр алт, зэс, нүүрсний үнэд бурууг тохоод байж болохгүй.  Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг нилээн хүнд байсан нь үнэн.

Өрийн дарамтыг богино хугацаанд ард түмний нуруун дээр үүрүүлэхгүйгээр шийдэх аргыг олох хэрэгтэй байна
Харин Монгол орны боломжийг хараад, онцлогийг тооцож, алт зэсийн үнээс үл хамаарсан бодлогоор ард түмнийхээ ахуй амьдралыг хэвийн сайн  аваад явчих  бололцоо байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Одоо энэ тулгамдсан асуудлыг их тодорхой бодлогоор хэрэгжүүлж эхлэх шаардлага байна. Тийм бодлого нь миний бодлоор :

-Өрийн дарамтыг богино хугацаанд ард түмний нуруун дээр үүрүүлэхгүйгээр шийдэх аргыг олох хэрэгтэй байна.
Стратегийн томоохон орд, мега төслүүдээс бүх зүйл хамаардаг тогтолцоог халах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, газар тариалангаа сайн хөгжүүлж, хөнгөн хүнсний болон жижиг, дунд үйлдвэрлэлээ зөв дэмжээд явбал  гурван сая иргэн өлсөхгүй, амгалан тайван амьдрах бололцоо бүрдэнэ гэж бодож байна.
-Гадны ардчилсан тогтолцоотой орнуудад хууль маш сайн хэрэгжиж, ёс суртахууны хариуцлага өндөр түвшинд үйлчилдэг. Бид  ардчилсан тогтолцоог тийм хэв маяг руу оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд улстөрийн тогтолцооны хэд хэдэн гажигийг арилгах ёстой болно.

-Төрийн байгууламжаа зөв болгох нь чухал. Үүний тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэхийг нэн тэргүүнд бодлогын түвшинд шийдэх ёстой.

Үндсэн хуульд эрх мэдэл хуваарилсан зарчмыг оновчтой тодорхойлсон хэдий ч хэрэгжүүлж буй хэлбэрүүд нь оновчгүй байна. Засаглалын хэлбэрийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл ард түмнээс асуух хэрэгтэй.

Үүнийг даган улс төрийн намын тухай хууль, төрийн албаны тухай хууль зэрэг гол хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн тодорхой болгох 

Өдөр тутам, цаг тутамд хөлс хүчээ гарган ажиллаж байж, юманд хүрдэг гэдгийг ойлгодог хүмүүсийн хүрээ хумигдсан байна.

 -Эрх зүйн орчин ингэж тодорхой болсон нөхцөлд хүний нөөцийн асуудал ч шийдэгдэнэ. Сүүлийн жилүүдэд хүний нөөцийн бодлогын дампуурал бий болсон. Хэн аль салбарт юу хийж чадах вэ, тэр газраа л ажиллах бололцоог төр бүрдүүлж өгөх нь чухал. Гэтэл өнөөдөр би юу хийж чадах вэ гэдгээ ойлгохгүй, хийхийг хүсч байгаа зүйл рүүгээ тэмүүлдэг болсон. Өдөр тутам, цаг тутамд хөлс хүчээ гарган ажиллаж байж, юманд хүрдэг гэдгийг ойлгодог хүмүүсийн хүрээ хумигдсан байна. Төрийн албанд багийн засаг даргаас эхлээд төрийн ажилд шат дараатайгаар ажилласан, төрийн албыг яс, махандаа тултал мэдэрсэн, өндөр  ёс суртахуунтай, шударга ёс, хууль цаазыг   дээдэлдэг тийм хүн л албан тушаал шат дараалан ахидаг зөв тогтолцоог төрийн албаны  хуулиар бүрдүүлж хэрэгжүүлэх

-Эцсийн эцэст  Монголын эдийн засгийг аль нэг  салбар, томоохон хэдэн компаниас биш Монголын хөдөлмөрчин хүн болгоноос хамаардаг эрүүл эдийн засагт шилжүүлэх ёстой. Мөн улс орны томоохон зорилтуудыг чирч явах хүчирхэг компаниудыг зөв бодлогоор дэмжих хэрэгтэй. Үүнд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг тэргүүн зэрэгт тавих

-Засаг бүрдэхэд ч ард түмний хүсэн хүлээж буй шаардлагуудыг хангах нь зүйтэй. Тухайлбал, давхар дээлний асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн хүмүүсээр багаар бүрдүүлэх  нь чухал. Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөснөөр эдийн засаг сэргэнэ. Энэ асуудалд зөв бодлогоор,  ард түмний эрх ашгийг дээдэлсэн  зарчимаар хандах ёстой.

Парламент солигдох бүрт халаа сэлгээ их явагддаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Энэ их буруу тогтолцоо. Ардчилсан тогтолцоотой орнуудад парламент болон Засгийн газрын сонгуулиас үл хамаарч төрийн нийтлэг үйлчилгээний систем огт хөдөлдөггүй. Тийм ч учраас улс төрийн засаглал  хэд солигдож байсан ч ард түмэнд төдий л  мэдэгддэггүй.

Харин манай улсын хувьд халаа, сэлгээ их явагдаж байгаагаас гурван сая хүн улс төрөөс хэт хамааралтай амьдардаг болчихоод байна

Харин манай улсын хувьд халаа, сэлгээ их явагдаж байгаагаас гурван сая хүн улс төрөөс хэт хамааралтай амьдардаг болчихоод байна. Өнгөрсөн дөрвөн жилийг харахад төрийн албаны шалгуурыг хангаагүй, мэргэжил боловсрол сул, хууль эрх зүйн мэдлэг дутмаг хүмүүс олноороо төрд орж ажилласан. Ийм нөхцөлд  хуульд нийцүүлэн ажлын шаардлага хангах хүмүүсээр төрийн албыг шинэчлэх шаардлагаар зарим нэг халаа, сэлгээ хийх нь ойлгомжтой. Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, төрийн албанд тавигдах бүх шалгуур, үзүүлэлтийг тодорхой болгочихоод, сонгон шалгаруулалт хийх хэрэгтэй. 

Хүний нөөцийн салбарт  мэргэшсэн, ёс суртахуунтай, хууль дээдэлдэг, туршлага дадлагатай хүн байх ёстой. Ийм хэдэн шалгуур тавихад л хангалттай.

МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцаж амжсан уу?

Сонгуулийн өмнө бүх нам, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулж харсан. МАН-ын хөтөлбөр нилээн тодорхой байсан. Гэхдээ хөтөлбөрийг боловсруулаад санал авна гэдэг нэг асуудал, харин үг, өгүүлбэр бүрийг гардан хэрэгжүүлдэг систем үүсгэж, тус систем дээр ажиллах чадвартай боловсон хүчнийг томилж, журмын дагуу ажиллах нь өөр хэрэг.

Гарсан мөрийн хөтөлбөрийг амьд ажил болгодог хүн, хүнийг ажиллуулдаг дүрэм журам, хүнтэй хариуцлага тооцдог ёс суртахууны болоод улс төр, хууль зүйн эрүүл, саруул тогтолцоо л чухал.

Манай улсад ардчилсан нийгэмд байдаг бүх зүйл бий. Харин үүнийг хэрэгжүүлдэг хүнийг олохгүй, олсоноо ажиллах боломжоор хангахгүй, улс төрийн шахалт, мөнгө хөрөнгө, танил талын нөлөө их байдаг нь  гол бэрхшээл шүү дээ.

МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих бололцоотой. Харин хэрэгжүүлэх механизм, боловсон хүчний зөв хуваарилалт хамгийн чухал байна.

ШУ-ны салбарын санхүүжилтыг тав дахин нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Ер нь ШУ-ыг хөгжүүлэхэд юунаас эхлэх ёстой байдаг вэ?

Өндөр хөгжилтэй улс орнуудад  шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ  маш өндөр байдаг.  Харин манай улс дэлхийн дунджаас бараг  15 дахин доогуур байна.  Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд Шинжлэх ухаанд зориулсан хөрөнгийн ДНБ-нд эзлэх хувиариа  Монгол улс  дэлхийн улс орнуудын дотор сүүлээсээ айрагийн тавд  л ордог, Хуулинд заасан хэмжээнээс ч хэд дахин бага байх жишээтэй. Тиймээс ШУ-ны салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг  наад зах нь тав дахин нэмэгдүүлэх ёстой. МАН-ын хөтөлбөрт ийм зорилт орсныг хэрэгжүүлэх  нь чухал.

Монгол төрийн  бүхий л үйл ажиллагаа, шийдвэр шинжлэх ухааны үндэстэй судалгаа дүгнэлтэнд тулгуурлан явах хэрэгтэй.

Зарчмын хувьд Монгол улсын хөгжлийн  бодлого,  Монгол төрийн  бүхий л үйл ажиллагаа, шийдвэр шинжлэх ухааны үндэстэй судалгаа дүгнэлтэнд тулгуурлан явах хэрэгтэй. Үүний тулд шинжлэх ухаанд  итгэдэг болох, хөрөнгө зардаг болох, шаардлагатай  судалгаа, инноваци, технологийг шинжлэх ухааны байгууллагад, эрдэмтдэд захиалж сурах хэрэгтэй юм. Энд  мэдээж хэрэг мөнгө шийдвэрлэх үүрэгтэй.  

Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хэмжээг дагаад шинжлэх ухааныг дэмжсэн  бодлогууд явах ёстой.

1990 оноос хойш ШУ-ны салбарт тавих анхаарал суларсан. ШУ-ны салбарын санхүүжилтийн механизм, эрдэмтэн судлаачдын цалин, урамшууллын системийг оновчтой болгохгүйгээр үүнийг шийдэх боломжгүй. Өнөөдөр манай  нийгэмд ШУ-ыг хэтэрхий хялбаршуулсан,  элдэв мэргэ, төлөг, шашны номлол, мэттэй адилтгах төвшний   ойлголт сэтгэлгээ газар авч байгаад сэтгэл эмзэглэж байна.  Өөрөөр хэлбэл, нийгмээ соён гэгээрүүлэх, олон нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэхэд шинэ засаг төр анхаарах учиртай.  Тиймээс ШУ-ыг олон улсын хэмжээнд үнэлдэг систем рүү орох цаг болсон гэж үзэж байна даа. 

Нөгөө талаар ШУ-ны салбарын боловсон хүчний мэргэжил боловсролыг дээшлүүлж, цалин хөлсийг нь нэмж  үр бүтээлтэй ажиллах боломжийг ихээхэн дээшлүүлэх шаардлага бий.