Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томилов
2016.08.29

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томилов

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгч, Ардчилсан Намын шинэчлэлд өөрийгөө зориулах болсон талаараа мэдээлсэн билээ. 

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч дараагийн Тамгын газрын даргаа томилсон байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Баярсайхан толгойлохоор болжээ. 

Ц.БАЯРСАЙХАНЫ НАМТАР

Ц.Баярсайхан 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль, 1989 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй.  Эдийн засгийн ухааны магистр, докторант.  

Тэрбээр 1986-1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан.

 Ц.Баярсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрээр  2004-2008, 2008-2012 онд УИХын гишүүнээр сонгогдож улмаар 2004-2006 онд Монгол  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,  2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч юм.

2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож,  2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-өөс Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан.

1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан,  2006 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Англи, орос хэлтэй.