Номтойбаяр.Н 2016.09.01 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийнэ

Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт шинэчлэл хийнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр

Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Суреш Бабу нар оролцов.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэр, урлал урлахуйн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 50 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  багш сурагчдад УИХ, Засгийн газрын өмнөөс хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

Тэрбээр сургуулийн хамт олонд амжилт хүсч хэлсэн үгэндээ хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсныг онцолсон.

Тэрбээр энэхүү шинэчлэлийн хүрээнд юуны өмнө ажил олгогч талын бодлогыг сургалтын бодлоготойгоо уялдуулах замаар залуус ажил олгогчийн захиалгын дагуу суралцаад төгсөөд шууд ажлын байртай болдог байхын хамт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төгсөгчдөд хувиараа ажил хөдөлмөр эрхлэхэд бизнесийн гарааны дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх, МСҮТ, политехник коллеж төгсөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан залуусыг их дээд сургуульд суралцахад мэргэжлийн боловсролын сургуульд сурсан хугацаанд үзсэн хичээлийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үндсэн таван чиглэлд тодорхой ажлуудыг хийхээ дуулгасан юм.

1965 онд нийтийн ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш  45  мянган  мэргэжилтнийг бэлтгэсэн тус сургууль энэ хичээлийн жилд хамгийн олон буюу 32 мэргэжлээр 600 гаруй суралцагч элсүүлснээр нийтдээ 1300 орчим оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж буйг захирал Б.Даваажав танилцуулаад Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй 2,8 сая ам.долларын тусламжаар сургалтын материаллаг баазаа сайжруулж, 2016-2017 оны хичээлийн жилд гагнуур, хэвлэлийн ажилтан, үйлдвэрийн цахилгаан, электрон техник, мехатроник мэргэжлийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  лабораториуд, хичээл, дадлагын байртай болж залууст суралцах таатай орчныг бүрдүүлснээ “Эрдмийн баяр”-ын үеэр онцолж байлаа.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж улс, орны хөгжлийн түлхүүр болсон гар урлал, үйлдвэрлэл, үйлчилгээний 30 гаруй мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн ес болон арванхоёрдугаар анги төгсөгчдөөс гадна насанд хүрэгчдийг 1-3 жилийн хугацаанд сургаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэн төгсгөж байна.

Тус сургууль хичээлийн хоёр байр, 300 оюутны дотуур байр, номын сан, биеийн тамирын танхимтай. Мэргэжлийн болон мэдээлэл технологийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, дадлагын газрууд бүхий сургалтын иж бүрэн орчинтой тус сургуулийн суралцагчид төгсөөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадах хэмжээнд бэлтгэгдэж буй нь хамгийн том давуу тал.  

Тухайлбал, үсчин, гоо засалч, оёдолчин зэрэг мэргэжлээр төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болдгийн багагүй хувь нь өөртөө ажлын бай бий болгоод зогсохгүй ажил олгогч болж чаддаг тухай нээлтийн ёслолын үеэр ярьж байлаа. “Эрдмийн баяр”-т оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт  тус сургуулийнхан БНЭУ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулсан зарим мэргэжлийн лаборатори, дадлагын газруудаа танилцуулж, суралцагчдынхаа хийсэн бүтээлийг сонирхууллаа.