Транспэрэнси Интернэшнл ТББ-ын тэргүүн, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга 2016.10.11 | Сайт: Vip76.mn

Гадаадад данстай бол мэдээлж, оффшор дансаараа гүйлгээ хийсэн, хийгээгүйгээс үл хамааран орлого олж л байгаа бол татвар төлөх ёстой

Гадаадад данстай бол мэдээлж, оффшор дансаараа гүйлгээ хийсэн, хийгээгүйгээс үл хамааран орлого олж л байгаа бол татвар төлөх ёстой
Транспэрэнси Интернэшнл ТББ-ын тэргүүн, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од

Манай байгууллага нь жил бүр авлигын асуудлаар тодорхой судалгаа хийж, улс орнуудыг тодорхой шалгуурын үндсэн дээр эрэмбэлдэг. Сүүлийн 4-5 жилд Монгол Улсад бага хэмжээний авлига үгүй болж, дунд хэмжээний авлига тодорхой хэмжээнд буурч байна. Харин өндөр түвшний авлига бол нэмэгдсэн дүр зурагтай байна.

Энэ нь зөвхөн Монголд ч биш, уул уурхайн салбар өөрөөр хэлбэл олборлох үйлдвэрлэлд суурилсан эдийн засагтай хөгжиж буй орнуудад тулгардаг гол бэрхшээл л дээ. Хууль эрх зүйн орчин сул, засаглалын түвшин доогуур орнуудад түгээмэл тохиолддог бэрхшээл.

Өндөр түвшний авлигыг бууруулах, таслан зогсоохын тулд тухайлсан улс төрчид төвлөрөх бус асуудлыг яаж ул суурьтай шийдвэрлэх вэ гэдэг нь гол асуудал. Татварын диваажин буюу татваргүй бүс дэлхийд нилээдгүй бий. Эдгээр бүсийг яаж зохицуулдаг вэ гэдэг нь хоёр дахь асуудал.  

2009 оноос АНУ-д нилээн эрчимтэй арга хэмжээ авч байна. Олон улсын томоохон банкууд оффшор данстай байснаа мэдээлээгүйн улмаас сая сая ам.долларын торгууль ногдуулдаг. Дансаа мэдээлээгүй, орлогоо нуун дарагдуулсан буюу тухайн улсын татвараас зугтсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулж байна. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Манай улсад энэ талын зохицуулалт байхгүй гэж болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь анхны алхмуудын нэг.

Одоо бол хууль бус дансны гаднах илрэлтэй тэмцээд байна. Асуудлыг ул сууриар нь шийдвэрлэж чадахгүй байна. Тухайлбал, АНУ гэхэд гадаадын улсад банкны данс нээсэн бол түүнийгээ Сангийн яамны татварын газар мэдэгдэх үүрэгтэй. Тухайн жилд 10 мянган ам.доллараас дээш дүнтэй харилцах, хадгаламжтай бол заавал мэдэгдэх ёстой. Хадгаламж, харилцахаасаа тодорхой хэмжээний орлого олж байвал тэр орлогоосоо татвар төлдөг. Хэрэв ингэж мэдээлээгүй, татвар төлөөгүй тохиолдолд 250 мянган ам.долларын торгуультай, мөн 5-10 жилийн хугацаанд шоронд суух ял ногдуулдаг. Манайд ийм зохицуулалт алга.

Ул сууриар нь шийдвэрлэнэ гээд толгойгоо гашилгана гэсэн үг биш. Бусад орны бэлэн туршлагаас суралцах хэрэгтэй. АНУ, Европын холбооноос туршлага судал. ОХУ-ын ерөнхийлөгч Б.Путины гаргасан шийдвэрээс үлгэр авч, манайд хуулийн төсөл боловсруулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17,3-д Монгол Улсын иргэний 4 үндсэн үүргийн нэг нь хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэж заасан. Татвартай холбоотой татвараас зайлсхийх, татвараас зугтаах гэсэн хоёр ойлголт бий. Ихэнх оронд татвараас зугтаасан бол Эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулдаг бол татвараас зайлсхийсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэж болдог. Үндсэн хуулийн дээрх заалтыг аваад үзэхэд, улс төрч, бизнесмен гээд нийгмийн аль давхарга, ямар мэргэжил, мэдлэгтэй байхаас үл хамаарч Монгол Улсын иргэн бүр татвар төлөх үүрэг хүлээж байна.

Хэрэв оффшор бүс буюу гадаад улсад банкны хадгаламж, харилцах данстай, түүгээрээ орлого олж байгаа л бол түүнээсээ заавал татвар төлөх үүрэгтэй.

Үндсэн хуулийн дээрх зүйл заалтыг нарийвчилж, Татварын тухай хууль тогтоомжид оруулах ёстой. Тэгж байж л асуудал ул сууриараа шийдэгдэнэ.  

Үүнийг эдийн засагч, хуульчид сайн мэдэж байгаа. Бодлого гаргагчид буюу УИХ, Засгийн газрын гишүүдийн түвшинд хэрхэн, яаж, ямар хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах вэ гэдэг нь чухал байна.

Эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулах стратегийн нэг чухал арга нь татвар нэмэхдээ гол нь биш төвлөрүүлэх ёстой татвараа бүрэн хурааж авах юм. 

Татвартай холбоотой эдийн засгийн өршөөлийн хууль гараад ирэхээр шударгаар татвараа төлж байсан жижиг, дунд ААН-үүд хохирдог. Том, далд нууцаар үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд боломж олгодог. Тийм учраас татварын шударга ёс буюу татвараа үнэнч шударгаар төлөх, авах нь дэлхийн нийтэд чухлаар тавигдаж байна. Татварыг шударга, эрх тэгш болгох нь хамгийн зөв зохистой шийдэл.  

Төрийн тодорхой албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Мөн хувийн ашиг, сонирхлоо мэдээлэх ёстой. Оффшор данс нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй шууд холбоотой. Өөрийн кредит, дебют картаа ч тэр, Таван толгой 1072 хувьцаагаа ч тэр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдах ёстой. Гадаад ч бай, дотоодын ч бай банкинд харилцах данс, хадгаламжтай бол мэдээлэх л ёстой.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлүүлдэг байснаа хуульд өөрчлөлт оруулж больсон. Төрийн мэдээлэл эмхэтгэлд биш зөвхөн цахим хэлбэрээр нийтэд мэдээлнэ гэж заасан нь хөрөнгө, орлогын мэдүүлэгт засвар орох магадлалтайг харуулж байна.

Хуульд, “цахим хэлбэр” гэж заасан ч parliament.mn, zasag.mn, iaac.mn дээр тавина гэж тодорхой заагаагүй. Тиймээс ч засварлах магадлалтай гэж бид хардаж байна.

АНУ-ын жишээгээр бол оффшор бүсэд бүртгэлтэй мөнгө нь зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийг санхүүжүүлэх, татвараас зугтаах зорилготой гэж үздэг. Дэлхийн нийт баячуудын хөрөнгийн 1/3-ээс илүү хувь нь оффшор дансанд байршиж байна гэсэн мэдээлэл бий. Нэг ёсондоо 17,3 триллион ам.доллар татварын орлого ард иргэдэд очих ёстой байтал хэдхэн хүмүүсийн оффшор дансанд байршаад байна шүү дээ. Үхмэл хөрөнгө гэж гэсэн үг.

Тиймээс гадаадад данстай бол мэдээлдэг байх, оффшор дансаараа гүйлгээ хийсэн, хийгээгүйгээс үл хамааран орлого олж л байгаа бол татвар төлдөг байх ёстой.

УИХ, Засгийн газрын гишүүд, төрд зүтгэе гэж байгаа улс төрчид ашиг сонирхлын зөрчлөөс хол байх хэрэгтэй. Гадаадад данстай байна гэдгийн гол сэдэл бол Монгол Улсад татвар төлөхгүй, татвараас зугтааж буй нэг хэлбэр. Тийм учраас миний үзэж байгаагаар УИХ, Засгийн газар, улстөрчид Монгол Улсын хууль тогтоомжоо ёсчлон биелүүлэх ёстой. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn