Наранхүү.Б 2016.11.14 | Сайт: Vip76.mn

Б.Наранхүүгийн “найзууд”

Б.Наранхүүгийн “найзууд”
УИХ-ын гишүүн Б.Наранхүү

УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдоод буй түүнийг чуулганы хуралдаанд хааяахан үг хэлэхэд “хэлд орлоо” гэж гоочлох нь бий. Тэрээр одоогоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болоод Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль хэлэлцэж байх үеэр хоёр удаа дуугараад байна.

Түүний үг хэлсэн хоёр тохиолдлоос харахад, томоохон бизнесменүүдийн ч тэр, энгийн ажилчдын ч тэр зовлонг ойлгодог бололтой. 

Компанийн эздийг өмөөрөв

Зарим улстөрчид нэгэн цагт бизнес эрхлэхийн жаргал, зовлонг ханатлаа амсаж, эцэстээ төрд орсноо мартсан бололтой байдаг. 4 жилийн өмнөөс бизнесээс “хөндийрч” УИХ-ын гишүүн болсон Б.Наранхүү Монголын төр компанийн эздийг “баялаг” гэж харах ёстой гэсэн байр суурьтай байна.

Тэр дундаа MCS-ийн Ж.Оджаргал, МАК-ын Б.Нямтайшир, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт”-ийн Д.Эрдэнэбилэг, “Дорноговь”-ийн Б.Дэлгэрсайхан, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн нар бол Монголын баялаг гэж онцолсон.

Бизнес эрхлэгчдийг шүүмжлэхийн оронд яаж томоохон баялгийн эзэдтэй болох вэ гэдэгт Монголын төр анхаарах ёстойг Б.Наранхүү санууллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг улстөржүүлж байгаад бухимдсандаа ийнхүү хатуу үг чулуудав бололтой. 

АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад жижиг, дунд үйлдвэрүүд биш үндэстэн дамнасан корпорациуд нь тухайн улс орныг авч явдаг учраас эздийг нь “баялаг” гэж хардгийг ч хэлээд авсан.

Түүнийхээр бол, 100 төгрөг олдог компанийг яаж 1000 төгрөг олдог болгох вэ гэдэгт Монголын төр бодлогоо чиглүүлж, үр дүнд хүрснийхээ дараа 40 хувийн татвар ногдуулж болно. Бизнесүүдээ дэмжинэ гээд татвараас хөнгөлж, чөлөөлөхийн нэр биш. Бизнесийн таатай бүрдүүлэхэд л болно. Тэгвэл 40 хувийн татвар төлөхөөс татгалзахгүй гэсэн санал дэвшүүлсэн юм.  

“Төр компанийн эздийг хардах биш итгэх ёстой. Төр болж, бүтэж буй болгонтой битгий зууралд. Битгий оролц. Гагцхүү компаниудаа дэмжиж, татварын орлогоо бүрдүүлэх тал дээр л анхаарлаа хандуул” гэж “Мон Уран”-ы тодотголтой УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулганы танхимаас нийт гишүүд, олон нийтэд хандан хэллээ.  

Төрийн албан хаагчдыг хамгаалав

5 ам бүлтэй айл өрхийн орлогынхоо хагасаар зээлээ төлж, үлдсэнээр нь амьдралаа залгуулах гэж мэрийдэг өнөөгийн бодит амьдралыг тэр хөндлөө. Ингэхдээ, гурван хүүхдийн аав Б.Наранхүү 3 хүүхэдтэй, цагдаагийн албан хаагчийн гэр бүлийг жишээ татсан.

Төрийн албан хаагчдын авдаг хэд амьдралд нь хүрдэггүй учраас авлига авч байна гэж тэднийг “хамгаалав”. 600 мянган төгрөгийн цалинтай цагдаагийн албан хаагч 3 хүүхдээ хоолтой хонуулахын тулд авлига авахаас өөр аргагүйд хүрдгийг Б.Наранхүү учирлалаа.

Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа талаар асуудал эрхэлсэн сайдаас асуусан юм.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn