Б.Мөнхсоёл:

Хамгийн гол нь зөв хандлагатай хүмүүсийг сонгох хэрэгтэй


6 минут уншина
Б.Мөнхсоёл: Хамгийн гол нь зөв хандлагатай хүмүүсийг сонгох хэрэгтэй
Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёл

Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна. 

Энэ удаад Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой ярилцлаа.

-Өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал, тэр дундаа эдийн засгийн хүндрэл, хямрал нь улстөрчидтэй хэр хамааралтай вэ? Та юу гэж харж байна?

Одоогийн улс төрийн тогтолцооноос нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамааралтай байна. 

Тухайлбал, Төсвийн  тухай хуулийг жишээ татаж яръя л даа. Улсын төсөв нь нийгэм, эдийн засгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн болон хөрөнгийн орлого, хуримтлалыг бий болгож, түүний оновчтой зарцуулалтыг хийдэг.

Хуваарилалтыг хийхдээ төрийн үйлчилгээний зайлшгүй гарах зардлуудаас гадна бодлогын хэмжээнд ямар салбараа хэрхэн дэмжих вэ гэдгийг шийддэг. Улсын төсвийг Засгийн газар, Сангийн яам эдийн засгийн тодорхой үндэслэл, тооцоонд суурьлан боловсруулж, УИХ-д өргөн барьдаг.

Ингээд УИХ дээр хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд төсвийг хэт улстөржүүлдэг. Энэ ньмажоритор буюу тойргоос сонгогддог системтэй холбоотой. 

УИХ-ын гишүүд эргэн сонгогдохоо боддог, нөгөө талаас сонгогчиддоо өгсөн бодит бус амлалтуудаа биелүүлэхийн тулд улсын төсвөөс тойрогтоо хөрөнгө хуваарилуулахын төлөө зүтгэдэг.

Ингэж УИХ жижиг буюу тойргийн хэмжээнд бодож, сэтгээд байхаар улс орны хэмжээний асуудлыг бүхэлд нь харж, түүнд тохирсон бодлого боловсруулж чаддахгүй байна.

Хатуухан хэлэхэд тойргийн жижиг асуудлыг шийдэх нь өнөө маргаашаа аргацаасан явцуу ашиг сонирхол шүү дээ.

Өөрөөр хэлвэл, улс төрийн намууд сонгуулийн үед ямар нэгэн тооцоогүй, хариуцлагагүй амлалт өгдөг.

Ингэж сонгогдсож, суудал авсан улстөрч, улстөрийн нам амлалтаа биелүүлэхийн тулд улсын төсвийг ашигладаг.

Энэ нь эцсийн дүндээ улсын эдийн засгийн тогтвортой, урт хугацааны өсөлтийг хангах, цаашдын хөгжилд зориулсан хуримтлалыг нэмэгдүүлэх замаар улсыг хөгжүүлэхэд бус, богино хугацааны хэрэглээнд илүүтэй чиглэсэн төсөв болж хувирахад хүргэж байна.

Энгийнээр жишээлэхэд, Сангийн яам улсын төсвийн орлогыг 7 их наяд төгрөг гэж тооцсон байхад 7.5 их наяд төгрөгийн орлого олно гэж өөрчилвөл зөрүү 500 тэрбум төгрөгийг хэн, хаанаас, яаж олох вэ? Ийнхүү УИХ төсвийн орлогыг зохиомлоор өсгөж алдагдалтай төсөв баталдаг.

Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр угаас төсвийн зарлагыг дагаж тэлсээр ирсэн учраас бидэнд янз бүрийн сандаа хуримтлуулсан хөрөнгө байхгүй.

Зарлагаа нөхөхийн тулд Засгийн газрын бонд гаргах гэх зэрэг оновчгүй, өгөөжгүй, цаг үеээ олоогүй хөрөнгө босгодог. Энэ мэт төсвийн сахилга батгүй байдлаас болоод манай улс потенциалаа бүрэн ашиглаж чадахгүй байна.

Төсвийн төлөвлөлтийг хөгжлийн дунд хугацаа, хэтийн төлөв, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогуудтай уялдаа холбоотойгоор тооцож, төлөвлөж байх зайлшгүй шаардлагатай.

Ийм байхад Засгийн газрас бэлдсэн төслийг их хэмжээгээр нэмэх, өөрчлөлт оруулах эрх, боломж нь УИХ-д байгаа нь Үндсэн хууль, засаглал, эрх зүйн систем, түүний мөн чанартай холбоотой.

-Улс төр, эдийн засгийн хавсарсан хямрал нүүрлэлээ гэж зарим улстөрч, эдийн засагч үзэж байна. Үүнтэй та санал нийлж байна уу?

Энэ эдийн засгийн хямралыг нийгмийн аль, аль  түвшиндээ засаглалын хямрал гэж тодорхойлон ярьцгааж байна.

ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ ГЭДГИЙГ УЛСТӨРИЙН ХЯМРАЛ ГЭЖ ДҮГНЭЖ БОЛНО.

Яагаад ингэж дүгнэх болов гэхээр эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчиндоо тохироогүй, гэнэтийн тодорхойгүй байдал, эрсдэл үүсгэх шинэ хууль, тогтоомж гаргах, эсвэл байгаа хууль дүрэм, бодлогоо хэрэгжүүлэхгүй байх гэх зэргээр тогтворгүй байдлыг бий болгодог.

Эдийн засгийн төрөлжилт муу, уул уурхайн салбараас хэт хамааралтай, жижиг, эмзэг эдийн засагтай гэдгээ бид мэдэхгүй биш мэдэж байгаа. Маш олон эрдэмтэн, судлаачид энэ талаар ярьж хэлж байж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлуулсан.

Гэтэл шийдвэр гаргагчид төсвийн тогтвортой байдлыг хангахын оронд өөрсдөдөө тааруулж уг хуулийг хэд хэдэн удаа өөрчиллөө.

-Энэ байдлаас бид хэрхэн гарах вэ?

Одоо байгаа эрхзүйн актуудаа эргэн харж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Үүнээс гадна иргэд дөрвөн жилд нэг удаа тохиох сонгох эрхээ бүрэн дүүрэн, зөв ашиглах хэрэгтэй байна. 

Дийлэнх иргэдийн амьжиргаа муу, сонгуулийн болон улс төрийн талаарх мэдлэг, мэдээлэл, боловсрол сул байгаагаас энэ эрхээ сайн ашиглаж чадахгүй байна.

-Сонгогчид сонгох эрхээ эдлэхдээ юуг анхаарах нь зүйтэй гэж та зөвлөх вэ?

Нэр дэвшигчийг эхлээд “Тэр хүн хэн бэ?” гэдэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагаад гэхээр яг сонгуулийн үеэр нэр дэвшигч болгон сайн сайхан хүн болж харагдахыг хичээдэг.

Таны хүссэн бүх зүйлийг биелүүлэх юм шиг амладаг. Тиймээс иргэд ярьж байгаа зүйл нь хэр үнэний ортой болохыг судлах хэрэгтэй.

Үүний тулд дөрвөн гол асуултыг өөртөө тавих ёстой гэж боддог. 

Нэгд, Тухайн нэр дэвшигч юу хийж, яаж амьдарч ирсэн бэ? Үг, үйлдэл нийцэх эсэхийг мэдэхийн тулд өмнөх түүхийг нь судлах.

Хоёрт, Тэр хүн үнэхээр “мундаг” эсэхийг судлах. Ямар эрдэм боловсролтой, юу чаддаг хүн бэ? гэдгийг мэдэх. Суралцах хугацаандаа ямар амжилт гаргаж байв, хөдөлмөрч хичээнгүй шинж чанарыг өөртөө хэр суулгасан зэргийг харгалзах нь зөв.

Гуравт,  Юу хийхийг зорьж байгаа хүн бэ? Тухайн нэр дэвшигчийн эсвэл намын мөрийн хөтөлбөр нь таны судлах гол материал. Мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтууд нь хэрэгжих боломжтой эсэх талаар өөрийн дүгнэлтийг хийгээрэй.

Дөрөвт, Багийн гишүүд, хамтрагчид нь хэн бэ?

Сонгогчид дээрх гол асуултуудын хариултыг судалсаныхаа дараа сонголтоо хийгээсэй гэж хүсч байна.

-Удахгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Ерөнхийлөгчөө сонгох тал дээр зөвлөөч?

Дээрх асуултуудад хариулт олох хэрэгтэй. Тэр дундаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн тойрон хүрээлэгчид, багийнхан ямар хүмүүс байна вэ гэдэг нь маш чухал.

Цаашилбал ямар хүмүүсийг шүүхийн тогтолцооны гол гол албан тушаалд томилох гэж байгаа юм гэдгийг нь хүртэл харах ёстой болов уу.  Зарим тохиолдолд хүн нь болж байна гэхэд улс төрийн тогтолцоо, тойрон хүрээлэгчид тухайн хүнийг их эвддэг, өөрчилдөг, уусгадаг.

-УИХ-ын гишүүдийн эдийн засгийн боловсролын түвшинг та хэрхэн хардаг вэ?

Бид олон төрлийн судалгаа хийдэг л дээ. Саяхан Европын Холбооноос  хийсэн төсвийн дэмжлэг үзүүлэх судалгааны багт би ажилласан. 

Тэр үед УИХ-ын гишүүд энэ чиглэлийн мэдээлэл, судалгаагаар хангагдах хүсэлтэй, эрэлт хэрэгцээтэй байдаг тухай хэлж байсан. 76 гишүүн ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөөлөл. Тэд бүгд эдийн засагчид байх албагүй.

Гэхдээ зөв бодлого гаргая, уншъя, судалъя, мэдье гэсэн эрмэлзэлтэй байх ёстой.

Жишээ нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх үед тэр олон том тоо харахаар ойлгохгүй байж болно. УИХ-ын дэргэд чадварлаг судалгааны нэгж, интститут зайлшгүй хэрэгтэй.

Одоо ч бий л дээ, гэхдээ гишүүдийг бүрэн, хангалттай мэдээллээр хангаж чадахгүй байх шиг байна. Гадны туршлагаас харахад Үндэсний аудитын газар нь судалгаа, чиглэл өгч, мэдээллээр хангах үүрэг хүлээдэг.

-Та төлөөллийн тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Тухайлбал, УИХ-д эдийн засагчид хангалттай байж чадаж байна уу?

Хамгийн гол нь зөв хандлагатай хүнийг сонгох хэрэгтэй. Зөв хандлагатай, тодорхой туршлага, мэдлэгтэй хүмүүсээс бүрдсэн УИХ нь Ерөнхий сайдаа томилж, Ерөнхий сайд нь Засгийн газраа байгуулахдаа чадварлаг мэргэжилтнүүдээр бүрдүүлж болно.

УЛСТӨРЧДИЙН МЭДЛЭГ, ЧАДВАР ДУТАХААС ГАДНА ХАМГИЙН ГОЛ НЬ ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ ДУТАГДАЖ БАЙНА.

Монголд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Зохицуулаагүй асуудал харьцангуй бага байна.Гол нь хууль тогтоомийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хариуцлагагүй, ёс зүйгүй байгааг илтгэнэ.

Эмэгтэйчүүдийн квотын асуудлаарх таны байр суурь?

Бүх зүйлийг квотоор тогтоохтой 100 хувь санал нийлдэггүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд аль ч салбарт шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байгаа учраас квотын асуудлыг их ярьдаг.

Гэхдээ квот тогтоолоо  гээд эмэгтэйчүүдэд давуу эрх олгоод байгаа зүйл байхгүй шүү дээ. 

Эрэгтэй, эмэгтэй байна уу гэдгээс үл хамаарч сонгогчдын итгэлийг олсны үндсэн дээр ялалт байгуулж УИХ-ын гишүүн болдог.

Манай улс төрийн намын тогтолцоо, хөгжил муу, улс төрийн бүлэглэл, танил талын сүлжээ үйлчилж байгаа энэ нөхцөлд эмэгтэйчүүдийн квот чухал болчихоод байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүдийг тойрсон таагүй мэдээллүүд хааяа гардаг. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

Эмэгтэйчүүд илүү өртөмтгий байгаа байх. Эрэгтэй гишүүн алдаа хийлээ гэхэд хурц тод харагдахгүй, эмэгтэйчүүдийнх илүү харагддаг байх гэж хувьдаа боддог.

УЧИР НЬ ОЛОН ДОТОР ЦӨӨНХ ИЛҮҮ ТОД ХАРАГДДАГ ЖИШИГ БАЙДАГ.

Эрэгтэйчүүд хэдийгээр тоо нь олон байгаа боловч зоригтой дуугардаг, тэмцдэг, олон нийтийн төлөө үг хэлдэг хэсэг нь харьцангуй цөөн.

Ихэнх нь дуугүй сонсож суудаг.

Харин эмэгтэй гишүүд зөв ч, буруу ч олон нийтийн төлөө дуугаръя гэсэн идэвх, хандлагатай байдаг учраас шүүмжлүүлэх нь их байдаг байх. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гишүүнийг хэн сонгож байгаа вэ гэхээр ард түмэн л сонгодог.

Тиймээс миний өмнө нь хэлсэн  шалгуурыг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай  нэр дэвшигчид тавьж УИХ-ын гишүүнийг сонгох хэрэгтэй.

-Таныхаар улстөрч хүн гэж хэн бэ?

Улс төрч гэдэг хүн бол хувь хүний эрх ашиг, карьерийг чухалчилдаг бус улс эх орны хөгжилд санаа зовж, тэднийг төлөөлөн өөрийн потенциалыг  дайчилж ажиллая гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хүн байх ёстой гэж ойлгодог.

Тэр хүн мэдлэг, чадвар, туршлагаас гадна шударга, ёс зүйтэй, бусдыг үлгэрлэх, манлайлах чадвартай байх ёстой болов уу. 

Ярилцсан: О.Батзаяа