Б.Золзаяа: Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал хамгийн бага байгаа

Б.Золзаяа: Улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал хамгийн бага байгаа

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Золзаяа

Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна.  

Энэ удаад “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын захирал Б.Золзаяатай ярилцлаа.

Жендэрийн тэгш байдал хангагдсанаар бодлого, шийдвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй гарна
Эмэгтэйчүүдийн манлайлал манай улсад ямар түвшинд байна вэ?

Ерөнхийд нь харвал бүх салбарт гүйцэтгэх эсвэл дундаас доод түвшинд эмэгтэйчүүд их. Харин дундаас дээш шийдвэр гаргах түвшин буюу манлайллын түвшинд эмэгтэйчүүд бага байна. Мэдээж салбар, салбарын онцлогоос хамаарна л даа. Тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн их. Гэхдээ энэ хэрээрээ удирдах, шийдвэр гаргах түвшинд байна уу гэвэл бас үгүй.

улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал хамгийн бага байгаа.

Бизнесийн салбарт мөн ялгаагүй. Хэдийгээр жигд оролцоотой байгаа ч яг ТУЗ-ийн түвшинд бусад салбартай харьцуулбал дундаж хэмжээнд байна.

Онцолбол,  улс төрд эмэгтэйчүүдийн манлайлал хамгийн бага. Гүйцэтгэх түвшинд 70 хувь, шийдвэр гаргах түвшинд 20 хүрэхгүй хувьтай байна. Харин иргэний нийгмийн чиглэлээр харьцангуй олон эмэгтэй удирдах түвшинд ажилладаг.

Шийдвэр гаргах түвшинд, тэр дундаа улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал бага байгаа гэлээ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байхын ач холбогдлыг Та тайлбарлаач?
Ардчиллын хамгийн гол үнэт зүйл, тулгуур нь ТӨЛӨӨЛӨЛ, ОРОЛЦОО юм.

Монгол улс Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно” гэж тунхагласан.

Энэ үүднээсээ эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг нь ардчиллын үнэт зүйлтэй илүү холбогддог.

Эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлж байгаагийнхаа хувьд аливаа бодлого шийдвэр гаргахад энэ хэмжээнд оролцох нь зүй ёсных байх ёстой. Ингэснээр бодлого, шийдвэр нь нийгэмд хүртээмжтэй болно.

Нөгөө талаасаа жендэрийн тэгш эрх хэр их хангагдана, тэр хэмжээгээр ардчилал баталгаажна, тэр хэмжээгээрээ хувь хүн болоод улс орон хөгжин дээшилнэ. Энэ бол олон улсын туршлагаар баталгаажсан зүйл.

Жендэр гэдэг нь эмэгтэйчүүдэд л эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт юм.

Жендэр гэдэг нь эмэгтэйчүүдэд л эрх мэдэл эдлүүлэх тухай ойлголт биш. Энэ бол нийгмийн давхарга бүрт ашигтай, хүртээмжтэй шийдвэр гаргуулах тухай ойлголт юм.

Эмэгтэйчүүдийг улс төрд оруулахад квотыг чухалчилдаг. Сая сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь байсныг 20 хувь болгож бууруулсан. Та үүн дээр юу хэлэх вэ?

Квот бол төрөөс авч хэрэгжүүлж буй тусгай арга хэмжээ.

Хүмүүс эрэгтэй, эмэгтэй гэдгээс үл харгалзан бодлого, үзэл баримтлалыг нь нэн тэргүүнд тавьж сонголт хийдэг болсон цагт л квотыг тогтоохоо больж болно.

Харин тэр хүртэл зайлшгүй хэрэглэх ёстой арга хэмжээ юм. Энэ нь олон зуун жилийн турш тогтсон хүйст суурилсан ялгаварлан гадуурхах үзэл, хандлагыг өөрчлөх арга хэрэгсэл юм.

Тиймээс квот гэдэг бол улс төрийн оролцооны хувьд маш чухал.

Нэг арга хэмжээний үеэр надаас “Эмэгтэй гишүүдийн тоо хэд байвал болох вэ?” гэж асууж байсан. Би “73” гэж хариулсан. Нөгөө хүн маш их гайхаж “Яагаад тийм олон” гэж асуухаар нь “Монголын парламентын түүхэнд 73 эрэгтэй гишүүн сонгогдсон тохиолдол бий шүү дээ. Хэн ч ямар олон эрэгтэй гишүүн бэ гэж уулга алдаагүй шүү дээ” гэж хариулсан юм даа. /инээв/

Гэхдээ энэ бол хошигнол л доо. Мэдээж 73 эмэгтэй гишүүнтэй болчихвол эргээд л нөгөө жендерийн тэгш байдал алдагдана.  Олон улсад нэг хүйс тухайн шийдвэр гаргах түвшинд доод тал нь 30 хувь байх хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг.

Скандинавын зарим улсад  квотыг хэрэглэхээ больж байна. Тодорхой хугацаанд хэрэглэсний дараа квоттой, квотгүй сонгогчид хүйсээс үл хамааран бодлогыг нь харж сонголт хийдэг болж байна.

Квотын хэмжээнд хүрэх эмэгтэй боловсон хүчний нөөц алга гэж намуудын тайлбар яваад байдаг.  Үнэхээр манай эмэгтэйчүүд улстөрийн манлайллын түвшинд бэлтгэгдээгүй байна уу?

30 хувь болгох гэхээр дэвших эмэгтэйчүүд алга. Өнгөрсөн сонгуулиар 20 хувьдаа хүргэж, эмэгтэй нэр дэвшигч олох гэж намууд их “зовсон” гэж ярьдаг. Нэг талаараа энэ үнэн.

Эмэгтэйчүүд  мэдлэг, боловсрол, бодлогоор дутагдсан зүйл байхгүй

Ямар үзүүлэлтээр эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвших шалгуурт хүрэхгүй байна гэдгийг судлаж үзэхээр тэд мэдлэг, чадвар гэхээсээ илүү мөнгө, танил тал, холбоо харилцаа, сүлжээ байхгүйээс болдог.

Сонгуульд нэр дэвшихийн тулд их мөнгөтэй, холбоо харилцаа, сүлжээ сайтай байх хэрэгтэй болдог.

Өнөөдөр улс төрийн намын тогтолцоо ийм л болсон байна. Тогтолцооны гажуудлаас үүссэн энэхүү хандлага, жишигт эмэгтэйчүүд “нийцэхгүй” байна. Түүнээс биш мэдлэг, боловсрол, бодлогоор дутагдсан зүйл байхгүй гэдэг нь судалгаанаас харагддаг.

Та ярианаас зөвхөн квот тогтоогоод хангалтгүй бөгөөд намын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж ойлголоо?

Тийм ээ. Зөвхөн квот тогтоож өгөхөөс гадна улс төрийн намуудэмэгтэй нэр дэвшигчийн санхүүгийн босгыг намсгах шаардлагатай байна.

Эмэгтэйчүүдийн квот 20 хувь байна гэж заасан атлаа дэнчинг өндөр тогтоосноор эмэгтэйчүүдийн нэр дэвших боломж хумигдаж байгаа юм.

Эмэгтэйчүүд олон байгаа ч УИХ-д нэр дэвших дэнчин, хандивын мөнгийг төлж чадах нь цөөн байна.

Ер нь мөнгөтэй хүн төрийн эрх мэдлийг атгалцаж байгаа нь нь эргээд нөгөө ардчиллын төлөөллийн зарчмыг алдагдуулж байгаа хэрэг. Их хэмжээний мөнгийг нийгмийн олонхи төлөх чадвартай уу гэдгийг өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. “Үгүй” гэж л хариулах байх.

Ер нь эмэгтэйчүүдийг улс төрийн манлайлалд бэлтгэх, төлөвших үйл явц манай улсад ямар байна?

Улс төр рүү орох сонирхолтой, амбицтай хэсгийн заавал дамждаг байгууллагууд байдаг. Тухайлбал, Залуучуудын холбоо, Оюутны холбоо, намын дэргэдэх залуучуудын байгууллагууд байна.

Эдгээр байгууллагад үе үед эрэгтэйчүүд л манлайлсаар байна.  Залуу эмэгтэйчүүдийг манлайллын түвшинд бэлтгэх орон зай ховор. Өнөөдөр эмэгтэйчүүд “бор зүрхээрээ” л явж байна. Яг бодитоор залуу эмэгтэйчүүдийг.

Наад зах нь залуучуудын холбоонд квот байх ёстой шүү дээ. Сургуулиудын оюутны холбоо, МОХ, МЗХ гэх зэрэгт хэзээ ч эмэгтэй удирдагч байгаагүй. Ийм нөхцөлд эмэгтэйчүүд ямар замналаар улс төрд хүрэх үү гэх зэрэг асуудлууд бий.

Манай байгууллага төрөл бүрийн хөтөлбөр зохион байгуулахад 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Нийгмийн харилцаанд эмэгтэйчүүд илүү идэвхтэй байна. Гэсэн атлаа тэр чадавхиараа үнэлэгдэж чадахгүй байна гэдэг нь өөрөө шударга бус тогтолцоо байгааг харуулж байна.

Манлайллыг бид эрэгтэйчүүд төсөөлдөг он удаан жилийн уламжлалт хандлага байсаар байна. Харин эмэгтэй хүн манлайлъя гэвэл хоёр, гурав дахин илүү хөдөлмөрлөж байж гарч ирэх болчхоод байна.

Та улс төрийн намууд эмэгтэйчүүдийг дэмжих хэрэгтэй гэж хэллээ. Нөгөө талаасаа сонгогчид эмэгтэй улстөрчдийг дэмжих хэрэгтэй байх л даа. Эмэгтэйчүүдийг хүлээж авах нийгмийн сэтгэл зүй хэр бэлэн байна гэж та үздэг вэ?

Энгийн жишээ татахад, 2016 оны сонгуулийн үеэр ажиглаж байхад нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэл ихэвчлэн эмэгтэй нэр дэвшигчид рүү чиглэсэн. Агуулга нь улс төрийн үйл ажиллагаатай нь ямар ч холбоогүй, хувь хүний амьдралын тухай үнэн, худлаа нь тодорхойгүй мэдээлэл гарч байлаа.

Энэ нь сонгогчдын улс төрийн боловсролтой шууд холбоотой. Мөн нийгэм өөрөө эмэгтэй улстөрчдөд илүү өндөр шаардлага тавьж, анхааралтай ажиглаж байдаг.

Юу өмсөж, хэнтэй уулзаж байна, чөлөөт цагаараа юу хийдэг гэх мэтээр алхам бүрийг нь ажигладаг гэж хэлж болно. Нэг үгээр бол эмэгтэйчүүдэд илүү шүүмжлэлтэй ханддаг. Угтаа бол сонгогчид бүх улстөрчид хүйс хамаарахгүйгээр ижил шаардлага тавих ёстой.

Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд сонгогдох эрхээ эдэлье гэхээр давхар маш олон шалгуур давах хэрэгтэй болдог. Гишүүн болсных нь дараа ч элдвээр хэлж, шүүмжилдэг. Гэтэл хууль санаачилдаггүй, чуулгандаа ирдэггүй эрэгтэй гишүүд үе үеийн парламентад байсаар байна. Гэтэл бид үүнийг ердөө авч хэлэлцдэггүй.

Эмэгтэй улстөрчид рүү хандсан дайралтууд их гарах боллоо.

Гаргасан алдааг нь хэт томруулж харагдуулж байна. Энэ нь нэг талаар сонгогчдод “Эмэгтэй хүнийг улс төрд гаргаад хэрэггүй юм байна” гэсэн сөрөг сэтгэгдэл төрүүлдэг.

Нөгөө талаар улс төрд орох сонирхолтой эмэгтэйчүүдэд “Улс төрд орох нь эрсдэлтэй” гэсэн сануулга болж байна.Энэ нь нийгэмд маш хор уршигтай.

Эрэгтэй улс төрчдийн хувийн амьдрал руу өнгийх нь бий ч эрх мэдэлтэй болсон ч эхнэрээ солиогүй гэж магтдаг.

Энэ байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Эмэгтэйчүүдийг өөлж, гоочлохын эсрэг дуугарах ёстой.

Сонгогчдын улс төрийн боловсрол бага байгаа учраас улс төрийн өнөөгийн дүр зураг ийм байна.

Сонгогчид улстөрчид улс эх орныхоо хөгжил, дэвшилд ямар үүрэг, оролцоотой гэдэгт л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гаргасан бодлого, шийдвэр нь оновчгүй байвал шүүмжлэх ёстой.

Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй. Өнөөгийн нийгэм манлайллын орон зай нь эрэгтэйчүүдийнх гэж үзэж байгаа учраас эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжиж, манлайллын орон зайд тодорхой байр суурь эзлэхэд нь туслах хэрэгтэй. Зөвхөн та өөрөө мундаг байгаад хангалтгүй юм.

Бид явцуу утгаараа “эмэгтэйчүүд” гэдэг нэг л нэрэн дор явж байгаа гэдгээ мартаж болохгүй.

Тиймээс бид хамтарч байж л нийгмийн хандлагыг өөрчилж чадна.

Нөгөө талаас эмэгтэй улстөрчид гарч ирлээ гээд бүх зүйл ид шидийн мэт өөрчлөгдөнө гэж байхгүй. Хүйсээс хамааралгүй бүгд хамтарч байж улс орон хөгжинө.

Олон улсын бүгд найрамдахчуудын холбооноос сүүлд нэг судалгаа гаргасан байна.

Судалгаанд оролцогчид, “Хүйсээс үл шалтгаалан бодлогыг нь харж сонгоно” гэж сонгогчдын 50-аас дээш хувь хариулжээ.

Эндээс харахад нийгмийн хандлага “наашаа” эргэсэн байна.

Монголчууд манлайлагч гэдгийг ямар дүрээр илэрхийлэх вэ гэсэн судалгаагаар, 45-60 насны, эрэгтэй, мөнгөтэй, хүрээлэл сайта, боловсролтой гэсэн дүр гардаг. Энэ дүр нийгмийн олонход байхгүй. Улс төрд олонхийн төлөөлөл байхгүй учраас олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр биш гарахгүй байгаа юм.

Эмэгтэй парламентын гишүүд УИХ-ын үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна гэж харж байна?

Одоогийн парламентын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааг дүгнэхэд эрт байна. Өмнөх парламентын хувьд өөр өөр намаас сонгогдсон ч нам, улстөрийн ашиг сонирхлоос давж  “Эмэгтэйчүүдийн бүлэг” байгуулсан нь онцлог байсан.

Энэ нь нилээд олон асуудлыг урагшлуулахад нөлөөлж чадсан гэж үздэг.

Үүнээс гадна эмэгтэй гишүүд гэхээрээ л заавал нийгмийн асуудал шийдэх ёстой биш. Тэд уул уурхай, эдийн засаг ярьж болно. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр “Энэ асуудлаар эмэгтэй гишүүд дуугарах ёстой” гэсэн хандлагатай байсан.

Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл, цэцэрлэг, сургууль, хүүхэд асрах зэрэг нийгмийн асуудалд хүйсээс үл хамааран бүх гишүүд анхаарах ёстой. Нийгмийн асуудал бол эмэгтэй улстөрчдийн анхаарах ёстой асуудал гэж хандах нь бий.

Нөгөө талаас эмэгтэй улстөрчид шийдвэр гаргах түвшинд гарч байж л шийдэгддэг нийгмийн асуудал гэж бий.

Танай байгууллага бүх салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, хөгжүүлэх зорилготой гэж ойлгодог. Та байгууллагын зорилгоо юу гэж тодорхойлох вэ?

Манай байгууллага нь жендэрийн тэгш эрх, хүний эрх, эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.

Энэ чиглэлийн дагуу олон хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Эрэгтэй, эмэгтэй бүгд л жендэрийн тэгш эрх гэж юу болохыг ойлгодог байгаасай гэж бид хүсдэг. Яагаад гэвэл жендэрийн асуудал бол хүн бүрт хамаатай.

Ярилцсан: О.Батзаяа

Зочин

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд ТББ-ийн Захирал Б.Золзаяа