Ж.Баттөр: Улстөрчид алдааныхаа төлөө уучлалт гуйдаг, ард түмэн уучилдаг соёлд суралцах хэрэгтэй

Ж.Баттөр: Улстөрчид алдааныхаа төлөө уучлалт гуйдаг, ард түмэн уучилдаг соёлд суралцах хэрэгтэй

Vip76.mn сайтын редакциас сонгогчдын боловсролд зориулж "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагуудаа хүргэж байна.  Энэ удаад  Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөрийг урьж, ярилцлаа.

-Олон улсад парламентын гишүүнийг тодорхойлох ямар жишиг байдаг вэ?

-“Noblesse oblige” гэсэн ойлголт байдаг.

“Noblesse oblige” гэсэн ойлголт байдаг.

Энэ нь язгууртан, эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдлээ нийгмийн сайн сайхны төлөө ашиглах, нийгэмд туслах гэсэн агуулгатай. “Өөрийн төлөө бус бусдын төлөө ажиллах” гэсэн энэ ойлголтыг өөртөө сайтар суулгасан хүнийг парламентын гишүүн гэж ойлгодог.

Өндөр хөгжилтэй улсуудад парламентын гишүүд нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах мэдрэмж өндөртэй байдаг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Английн Лордын танхимын гишүүн 50 фунт стерлингийн бэлэг авснаа мэдүүлээгүйгээс болж, огцорч байсан. Өөрөөр хэлбэл төрийг удирдана гэдэг өндөр ёс суртахууны асуудал юм. Үнэхээр буруу зүйл хийсэн бол уучлалт гуйгаад огцордог ёс зүйтэй байх хэрэгтэй.

Харамсалтай нь, манайд “Noblesse oblige” гэдэг ойлголт байдаггүй. Хий хоосон амлалт өгөх замаар төрийн эрх мэдэлд хүрдэг. Заль мэхтэй, үл бүтэх этгээдүүдийн бүлэглэл  төрд гарах болж. Төрийн түшээ хүн түмний хүндэтгэл хүлээдэг байх ёстой байтал эсрэгээрээ хамгийн их шүүмжлүүлдэг хүмүүс болчихсон байна.

-Манай улстөрчид, парламентын гишүүд олон улсын жишгийн дагуу ажиллахгүй байгаа нь юутай холбоотой гэж та хэлэх вэ?

Авлигын асуудлыг жишээ татья л даа. Эхнэр нь үнэтэй цүнх бэлгэнд авсан нь илэрч, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөх нь саяхан огцорсон. Талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг өгөх нь муу зүйл биш. Гэхдээ үүнийг авч болохгүй гэдэг ойлголт ард түмнээс сонгогдсон парламентын гишүүн хүнд байх л ёстой. 

Өөрөөр хэлбэл хуулиас гадна энэ асуудлыг ёс суртахуун, ёс зүй гэдэг зүйл зохицуулж байдаг. Эрх мэдэл, ёс зүй хоёрыг хослуулж авч явна гэдэг төвөгтэй байх л даа.

Товчхондоо, бид нийтээрээ ёс суртахууны хэмжүүр доогуур байна. Энэ нь нэг талаас улс орны хөгжлийн түвшин, нөгөө талаас үндэсний онцлог, хүмүүжил, төлөвшлийн буруу хандлагаадаас болж байгаа юм.

Өнөөгийн парламентын гишүүд нь нийгмийн тусгал, нийтлэг монгол хүнийг илэрхийлж байна гэж хэлж бол

-Та хүмүүжлийн буруу хандлага байна гэлээ. Ямар буруу хандлага байна вэ?

-Наад зах нь бид “гялс хийх”, “цөм хийх” гэж ярьдаг. Эдгээр үг нь маш түргэн хугацаанд дутуу хагас ч хамаагүй хийж дуусгах гэсэн санааг агуулдаг. Өнөөдрийн хямралын гол санаа энд байгаа.

Бас “Бор зүрхээрээ” гэж үг байна. Хэн ч надад тусалдаггүй, ганцаараа /гэр бүлийн хүнтэйгээ/ зүтгэж өдий хүрлээ гэдэг. Гэтэл хорвоо дээр ганцаараа эсвэл эхнэр/нөхөртэйгөө/ хоёулхнаа зүтгэж ажилтад хүрнэ гэж байдаггүй.

Биднийг тойрон хүрээлж буй бүх хүн тухайн хүнд ямар нэг байдлаар тусалж, амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн байдаг.  Энэ ач мэддэггүй, ачийг хариулдаггүй,  хүнлэг бус сэтгэл бизнес, улс төр бүх зүйл дээр харагдаж байдаг.

-Та бол Солонгос судлаач эрдэмтэн хүн. Солонгосын улстөрийн соёлоос бидэнд суралцах зүйл юу байна вэ?
Азийн улстөрд тогтсон соёл бол “уучлалт гуйдаг соёл” юм. 

Солонгосчууд удирдагчдаа нийгэмдээ үлгэр дууриалал болсон, хамгийн ухаантай, эрдэмтэй, чадалтай хүн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Нэр цэвэр байдлыг чухалчилдаг. Өмнө нь ямар нэг муу зүйлд нэр холбогдож байгаагүй нь нэн тэргүүний шалгуур болдог.

Харин манай сонгогчдын хувьд үүнийг гол шалгуураа болгодоггүй. Тиймээс олигархиудад улам ахиж, дэвших боломж олгоод байгаа юм. Энэ бүхнийг ажиглаж буй залуу үеийнхэн хүнийг хуурч, муу зүйл хийсэн хүн амжилтад хүрдэг гэсэн ойлголттой болж байгаа нь хамгийн харамсалтай.

Азийн улстөрд тогтсон соёл бол “уучлалт гуйдаг соёл” юм. Хэрэв улстөрч хүн алдаа хийсэн бол “Уучлаарай миний буруу. Ахиж энэ алдаагаа давтахгүйн төлөө Би чармайнаа” гээд хэлчихдэг. Хэн ч алддаг шүү дээ.

Харин нөгөө талаасаа уучилж чаддаг соёлын аль аль шатандаа бий болгох л хэрэгтэй. “Алдаа хүнд байдаг зүйл, уучлах нь тэнгэрлэг хүний хийх зүйл” гэсэн Англи үг байдаг. 

Тэгэхээр Монголчууд уучлаж сурах хэрэгтэй.

Солонгост хэн нэг албан тушаалтан хэрэгт холбогдвол албан тушаалаасаа огцорч, хуулийн дагуу шалгуулдаг. Хэрэв гэм буруугүй гэдэг нь нотлогдвол буцаад албан тушаалдаа очдог. Харин гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн тавцанд дахин хөл дахин эрхгүй болдог.

Та бүхэн одоо ч харж байгаа байх БНСУ-д ямар нэг хэрэг гарахад прокурорын байгууллага шууд очдог.

Энэ нь шууд мөрдөн байцааж эхэлж байна гэсэн үг. Манайх бол харин  ингэдэггүй. Өөр бусад олон байгууллагаар дамжиж явсаар байтал хэрэг замхардаг.

Нөгөө талаасаа ийм төрлийн хэргийг хурдан шуурхай илрүүлж, шийддэг болох хэрэгтэй. БНСУ-д улс төрийн албан тушаалтантай холбоотой хэргийг маш хурдан нэг сарын дотор шийддэг.

Энэ системийн манайд оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн улс төрчийн  зөв ч юм шиг, буруу ч юм шиг сунжраад замхардаг. 

 -Солонгосын ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутгагдан, ард түмний эсэргүүцэлтэй тулгарсны эцэст огцорлоо. Харин Монголд  Ерөнхийлөгч байтугай, Засаг даргаа ч  огцруулах нь юу л бол?

Азийн хамгийн ардчилсан Япон, БНСУ хоёрыг харахад бүх тал дээр ардчилсан юм шиг харагддаг боловч хариуцлагын хууль нь маш хатуу. Мөн Азийн улсуудад шударга ёсны  үзэл санаа хүчтэй байдаг. Солонгост бол Күнзийн сургаал хүчтэй нөлөөтэй.

Азийн улсуудад шударга ёсны  үзэл санаа хүчтэй байдаг

Күнзийн сургаалд “удирдагч хүн эрдэмтэй, бусдынхаа төлөө хөдөлмөрлөдөг байх ёстой” гэдэг. Европын үзэл санаа ч гэсэн адил. Дээр хэлсэнчлэн “Noblesse oblige” гэсэн ойлголт дээр тулгуурладаг. Энэ шаардлагад нийцэхгүй хүн гарвал үзэн яддаг.

Мөн Зүүн Азид ичгүүрийн соёл маш хүчтэй. Үүнийг Шэйми соёл /Shame culture/ гэж нэрлээд байгаа юм. Англичууд “Face saving”  гэдэг. Манайхаар бол “Нэр, нүүрээ бодох” гэдэгтэй ижил агуулгатай. Энэ соёл байх ёстой.

Мөн “ичгүүрийн Манайд Ичээдэг тогтолцоо байхгүй. Тухайлбал, өнгөрсөн 4 жил эрх барьж байсан улстөрчид улс орноо асар их өрөнд оруулж, үр ашиггүй зарцуулалт хийсэн. Тэгсэн хирнээ  албан тушаалаасаа хэнэггүй буугаад явчих жишээтэй.

Хэрэв Япон, Солонгост эдийн засгаа ийм хүнд байдалд оруулсан бол шууд уучлалт гуйна. Манайхан харин ч эргүүлээд өөрийгөө өмөөрч, хаацайлдаг.

Энэ нь бидний хүмүүжилтэй холбоотой. Зарим эцэг эх хүүхдээ бүдрээд унахад” Энэ муу шалнаас боллоо” гэдэг. “Чи өөрөө болгоомжтой яв” гэж хүүхэддээ хэлэхийн оронд бусдад бурууг тохдог.  Жаахан том болоод найзтайгаа муудалцлаа. “Та хоёр эвлэр” гэж хэлэхийн оронд зодолдох, хэрэлдэх зэргээр асуудлыг буруу аргаар шийдэхийг зааж өгдөг.

Ингэснээр хүүхдийг багаас нь өөрийнхөө бурууг ойлгох, хүлээн зөвшөөрөх чадваргүй өсгөдөг. Ихэнх хүн өөрийнхөө зөв гэж үздэг. Хэзээ ч өөртөө буруу өгдөггүй.. Энэ нь өнөөгийн гэр бүлийн салалт, хүчирхийллийн үндэс болж байна гэж би боддог.

Өмнөд Солонгосчууд түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон ч алдсан бололтой. Гэхдээ манай улстөрчид тэр дундаа эмэгтэй улстөрчдын хувьд түүний алдаа, онооноос суралцах хэрэгтэй байх л даа?

-Пак Гын Хэгийн хувьд өндөр боловсролтой, хэлний мэдлэг сайтай. Мөн төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, дипломат арга хэмжээнүүдийн үеэр хувцасаа маш сайн тохируулж өмсдөг байсан гэдгийг онцлох байна. Гэхдээ түүний түүх харамсалтай нь сайхнаар төгссөнгүй.

Тиймээс түүнээс суралцах зүйл бишгүй бий. Бас сургамж ч авах хэрэгтэй. Манай улстөрчид тэр дундаа эмэгтэй улстөрчид хувцаслалтдаа сайтар анхаарах нь зүйтэй.

Дипломат ёсонд ч суралцах хэрэгтэй. УИХ-ын гишүүд төрийн айлчлал, томилолтын үеэр Монгол Улсаа төлөөлж байна гэдэг утгаараа үг, үйлдэл, биеэ авч яваа байдал зэрэгцээ онцгой анхаарах нь зөв. Дипломат ёслолын журам гэж бий шүү дээ.

Таны бодлоор хариуцлагатай, ёс зүйтэй парламентын тогтолцоо хэзээ бүрдэх бол?

Хүн амын 50-аас дээш хувь нь дундаас дээш амьжиргаатай болохоор аяндаа нийгэм эрүүлжиж, ёс суртахуунтай болж ирнэ. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудыг харахад дундаж давхарга нь өндөр, баян болон ядуу давхарга бага, ромбо хэлбэртэй байдаг.

Монголчууд явцуу ядуурал ихтэй. 

Америкийн сэтгэлзүйч A.X. Mасловын хуулиар үүнийг тайлбарлаж болно. Эхлээд хүн талхныхаа асуудлыг нь шийдчихсэн бол дараа нь гоо зүйн асуудалд анхаарч эхэлдэг. Дараа нь нийгэмдээ яаж хувь нэмэр оруулах вэ гэж бодож эхэлдэг. Үүний дараа дэлхий ертөнцийг яаж аврах вэ гэж бодож эхэлдэг. Бид одоо “талх”-ны үе дээрээ буюу анхдагч хэрэгцээгээ хангахын төлөө яваа улс.

Гэхдээ ядуу байдал бас хоёр янз байдаг. Нэг нь бодит ядуурал. Энэ нь халаасандаа хов хоосон байхыг хэлж байгаа юм. Хоёр дахь нь явцуу ядуурал гэж бий.

Монголчууд явцуу ядуурал ихтэй. Өөрийгөө бусадтай жишснээр ядуу гэж боддог. Хичнээн сайхан амьдарлаа ч баяр хөөр, аз жаргалгүй байдаг. Америк шиг хөгжил алга, Баттулга баян болох юмсан гэх зэргээр бусдыг өөртэйгээ харьцуулсны улмаас сэтгэлээр унадаг. Хувийн жижиг бизнес эрхэллээ гэхэд яаж АПУ шиг болох вэ, эсвэл яаж Зайсанд байртай болох вэ гэдэгт санаа зовдог. Ингэх хэрэггүй. Байгаадаа сэтгэл хангалуун байх нь чухал.

-Улстөрчид хариуцлагатай, төлөвшисөн байхад бэлтгэдэг байх. Элит сургуулиуд байдаг байх ?

-Ихэнх улсад элит сургууль гэж байдаг.  БНХАУ-д Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Фу дан их сургууль, АНУ-д Харвард, Йэл, Стэнфорд, Англид Оксфордын их сургууль, Кембрижийн их сургууль, ОХУ-д Москвагийн их сургууль гээд сургуулиуд байдаг. Эдгээр том сургууль нийгэмд хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг бэлтгэдэг гэсэн үг. 

Ийм сургуулийг төгсөгч бусдаас үлгэр дууриалал авдаг, ичих нүүртэй, биеэ зөв авч явдаг, нэр төрөө хичээдэг, гоо зүйн мэдрэмжтэй, эх оронч сэтгэлгээтэй философи болоод нийгэм, эдийн засгийн мэдлэгтэй байдаг. Манай боловсролын системээр бол ийм сургуультай болох бололцоо одоогоор алга.

-Улстөрч хүний юуг нь бид “онилж” харах ёстой юм бэ? Таны хувьд Монголын улстөрчдөөс хэнийг хүндлэж явдаг вэ?

-Улстөрчдийн намтар, өнгөрсөн хугацаанд ямар амьдрал туулсныг  харах хэрэгтэй. Мөн ярьж байгаагаар нь бус бодит бүтээн байгуулалт хийсэн үү гэдгийг нь харах хэрэгтэй гэж би хувьдаа үздэг.   Миний хувьд  Э.Бат-Үүлийг хүндлэж явдаг. 

Ярилцсан. О.Батзаяа

Зочин

Vip76.mn О.Батзаяа