Д.Ганбаатар:

Энэ хууль аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү чиглэсэн


5 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
Д.Ганбаатар: Энэ хууль аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү чиглэсэн
Зам Тээврийн Яамны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн усан зам тээврийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ганбаатар

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн сарын 25-нд баталсан юм. Хуулийн ач холбогдлын талаар холбогдох мэргэжилтэнтэй ярилцлаа.

Усан замын тээврийн тухай хууль энэ сарын 25-нд шинэчлэгдэн батлагдлаа. Өмнөх хуультай харьцуулахад энэхүү шинэчилсэн найруулгын гол дэвшил нь юу вэ?

2003 онд батлагдсан Усан замын тээврийн тухай хууль нь ачаа, тээвэрт чиглэсэн зохицуулалтуудыг түлхүү оруулсан байдаг.. Мөн босоо удирдлагатай гэдэг утгаараа шийдвэр гаргах, хэрэгжүүлэх эрх мэдлийг төрийн захиргааны төв байгууллага буюу Зам, тээврийн яам хэрэгжүүлдэг байсан. Одоогийн Усан замын тээврийн тухай шинэчилсэн найруулга 2003 оны хуулиас зарчмын хувьд нилээн ялгаатай.

Усан замын тээврийн хэрэгслийн болон жолооч, зорчигчдын амь насны даатгалын асуудлыг шинээр оруулж ирсэн.

Мөн хуучин хуульд усан дээр хөвдөг л бол усан замын тээврийн хэрэгсэл гэж тооцон, бүртгэлд оруулдаг байсан бол шинэчилсэн хуульд хүчин чадал нь 10-аас дээш морины хүчтэй, 3 метрээс урт усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, хяналт тавихаар болж байна. Гэхдээ иргэн, хуулийн этгээдэд үйлчлээд төлбөр авч байгаа тохиолдолд л бүртгэнэ. Энэ үзүүлэлтээс бага хүчтэй хийлдэг завь, гудас гэх мэтчилэн тээврийн хэрэгслийг хувь хүний ахуйн хэрэгцээний зориулалттай гэж үзэн бүртгэлд авахгүй. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслээрээ хүн тээвэрлэж, төлбөр аваад эхэлбэл бүртгэлд оруулна. Усан замын үйлчилгээ эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж бүгд даатгуулах ёстой.

Мөн шинэчилсэн найруулгаар “усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн дүрэм” гэсэн шинэ ойлголт оруулж ирсэн. Усан замын зогсоол, объектууд хэний эзэмшилд байгаа нь мэдэгдэхгүй, эзэнгүй шахуу байсныг гэрчилгээжүүлэх асуудлдыг хуульчиллаа.

Мөн орон нутгийн захиргаа төрийн захиргааны төв байгууллагаас чиглэл, удирдамж хүлээдэг байсан бол орон нутгийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа усан замын тээврийн хяналт болон тээврийн хэрэгсэл, объектийн арчлалт, хадгалалт, хамгаалалт хийх, Төрөөс гарч байгаа усан замын тээврийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйл ажиллагаанд хяналт тавих эрх мэдлийг олгосон.

Шинэчилсэн найруулгын гол агуулга нь ачаа, тээвэр биш аялал жуулчлалд чиглэсэн концепцитой хууль юм. Зорчигч, иргэдтэй холбоотой бүх асуудлыг тусгахыг хичээсэн.

Бүртгэлд орсон тээврийн хэрэгсэлд хэрхэн хяналт тавих вэ?

Усан замын тээврийн хэрэгсэлд хяналт тавих улсын байцаагч гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас эрх авсан усан замын тээврийн мэргэжилтэй хүн усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ чиглэлийн мэргэжилтэн манайд дутмаг байна. Энэ салбарт хүний нөөц хомс учраас усан замын тээврийн хяналтад мэргэжлийн хяналт болон байгаль орчны асуудал эрхэлсэн орон нутаг дахь салбаруудыг татан оролцуулах болно.

Орон нутгийн захиргаад тухайн бүс нутгийнхаа байгаль, цаг уурын онцлогт нийцүүлж, Засаг даргын захирамжаар усан замын тээврийн үйлчилгээ эхлэх, дуусах цагийг тодорхойлж, хаанаас хаа хүртэл хөвөх гэдгийг зааж өгнө. Үүнтэй уялдуулан энэ хуулиар усан замын тээврийн хэрэгслийг ангилж өгсөн.

- Жижиг оврын буюу 5 метр хүртэлх урттай, 4 хүртэлх хүний суудалтай усан замын тээврийн хэрэгслийг жижиг оврын,

5-20 метрийн урттай, 12 хүний суудалтай хэрэгслийг бага оврын,

- 20-50 метр хүртэлх урттай хэрэгслийг дунд оврын

- 50-аас дээш метрийн урттайг том оврын гэж ангилна.

Уусан замын тээврийн хэрэгслийг ангилснаар  тухайн аймаг, орон нутгийн Засаг дарга нь тээврийн хэрэгслийн овор хэмжээнээс шалтгаалан эргээс хэдэн метр зайнд хөвөхийг тодоройлох юм.

Энэ салбарын хүний нөөц дутмаг байдаг гэж та сая дурдлаа. Боловсон хүчнийг нэмж бэлтгэх тал дээр ямар бодлого барих вэ?

Монгол Улсад усан замын тээврийн салбарын тээврийн мэргэжилтэй хүмүүс маш ховор. Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлддэггүй. Ихэвчлэн гадаадад, ялангуяа ОХУ-д социализмын үед бэлтгэгдсэн боловсон хүчний нуруун дээр бүх ажил явж байна.

Тиймээс боловсон хүчнийг бэлдэх асуудлыг хуульчилж өгсөн. Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг бэлтгэхдээ сургалт, дамжаагаар бэлтгэнэ. Сургалт, дамжааг Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар хэрэгжүүлнэ. Харин дипломтой боловсон хүчнийг гадаадын их, дээд сургуулиудад бэлтгэнэ.

Усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч гэдэг нэр томъёог шинэчилсэн хуульд оруулж ирсэн. Завин дээрх зорчигч санаандгүй усанд уналаа гэж бодоход усанд сэлдэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг байх, энэ төрлийн сургалтад хамрагдсан байх шаардлага тавьсан.

“Хөвөлтийн дүрэм”-гүй байх үед тулгарч байсан бэрхшээл юу вэ?

-Өмнө нь усан замын тээврийн хэрэгсэл цөөн, хөдөлгөөний эрчим бага байсан учраас энэ төрлийн дүрэмгүй байсан.

2006 онд 10 хүрэхгүй усан замын тээврийн хэрэгсэл байсан. Харин 2016 он гэхэд усан замын тээврийн хэрэгслийн тоо 80 гарсан байна.

Тиймээс хөвөлтийн дүрмийг боловсруулж, мөрдүүлэх шаардлагатай болсон. Усан замын тээврийн хэрэгслийн осол, аваар харьцангүй бага гарч байгаа. Өнгөрсөн жил хяналт буусны дараа таван хүүхэд завь худалдан авмагцаа завиа бүртгүүлэлгүй, завь жолоодох сургалтад хамрагдаагүй, дур мэдэн завь жолоодож байхдаа осолдож амь насаа алдаж байсан харамсалтай тохиолдол бий.

Гэхдээ энэ осол тээврийн хэрэгслээр мөнгө авч, иргэдэд үйлчилсэн тохиолдол биш учраас ахуйн осол гэж үзнэ. Мөн 2015 онд Тэрхийн цагаан нуурт ажиллаж явсан хүмүүс нуурын захад байсан завийг зөвшөөрөлгүй авч гэр бүлээрээ явж байгаад осолдсон хэрэг гарсан. Сүүлийн таван жилд 12 хүн усан замын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаад осолдсон байдаг.

УИХ-ын чуулганаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх явцад 600 гаруй хүн усанд осолдсон гэж ярьж байсан. Энэ нь усан замын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаад осолдсон тоо биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Усанд шумбах, үерт автах гэх мэтээр усанд осолдсон нийт хүний тоо 600-д хүрсэн.

Шинэчилсэн хуульд усан замын тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд осол, аваар гаргаж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохих ял шийтгэнэ.

Усан замын тээврийн салбар эрчимжиж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Усан замын тээврийн хэрэгслийг стандартын дагуу зөв хэрэглэхгүй бол хүний амь насанд аюул учруулж болзошгүй учир аюулгүй байдалд хяналт тавих шаардлагатай. Эрсдэл гарсан үед нуур, устай аймгуудын дэргэд хөвөлтийн улиралд ажиллах авран хамгаалах түр албыг байгуулж, санхүүжилтийг шийднэ.

Жуулчид ихээр очдог Хөвсгөл, Увс нуур зэрэг аялал жуулчлалын бүсэх нутагт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тохиолдолд усан замын төв буудал байгуулна. Энэ нь усан замын тээврийн хэрэгсэл байгаль орчныг бохирдуулахгүй байх үүднээс шатахуунаар түгээх станц, зорчигчдод тасалбар худалдаалах цэг, амрах өрөө, хүлээлгийн танхим, агуулах, аврах албаны хүмүүсийн ачаа тээшээ хадгалах өрөөтэй усан замын буудал байх ёстойг хуульчилж өгсөн.

Усан замын тээвэр болон тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд хяналт тавих тал дээр байгаль орчны тухай хуульд нэмэлт оруулах замаар, нуур, устай аймгуудын байгаль хамгаалагч нарт тухайн нуур, гол, мөрөнд явж байгаа усан замын тээвэрт аялал жуулчлалын зорилгоор сэлүүрт, дарвуулт гэх мэт завьтай явж байгаа зорчигч нарт хяналт тавих үүргийг хуулиар олгосон.

Монгол Улс усан замын тээврийн салбарт жилд хэр их хэмжээний орлого олдог вэ?

Яг хэдий хэр хэмжээний орлого оруулж байгааг тооцох аргагүй. Үйлчилгээ эрхлэгч нь өөрөө үнээ тогтоодог. Үйлчилгээний хөлс нь зах зээлийн журмаар зохицуулагддаг учраас татвар ногдуулах, орлогыг нь бүртгэх тал дээр орон нутгийн татварын албад сайн ажиллах ёстой.

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Тэгэхээр өөр улсын хилийн боомтыг түрээсэлж, ашиглаад орлого олох ямар нэг боломж байдаг уу?

Боломжтой. БНХАУ, ОХУ, Өмнөд болон Хойд Солонгосын далайн боомтуудыг ашиглах гэрээ хэлэлцээр хийсэн. Гэхдээ манай талаас усан замын тээврийн хэрэгсэл ашиглах ачаа байдаггүй. Ихэнх тохиолдолд их хэмжээний ачааг төмөр зам ашиглан тээвэрлэдэг. Хэрэв усан замын тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх бол шинэчилсэн хуулиар эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Танд баярлалаа.