Н.Солонго: Монголд эрүүл улс төр дутагдаж байна

Н.Солонго: Монголд эрүүл улс төр дутагдаж байна

ХБНГУ-ын ЦСҮ намын Бавари мужийн Иргэдийн Төлөөлөгч, тус намын Залуучуудын холбооны Тойргийн Ерөнхийлөгч Н.Солонгоmой ярилцлаа. 

-Манай сайтын урилгыг хүлээж авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Та хэзээ эх орондоо ирэв?

Намайг зочноор урьсанд баярлалаа. Эх орондоо ирээд гурав хонож байна.  

-Та бид хоёрын яриа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө өрнөж байгаагаа онцлог. Сонгуулийн үйл явцыг хэрхэн үнэлж дүгнэх вэ?

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны шувтаргын энэ өдрүүд нэлээд шуугиантай, өрнөлтэй, бухимдал байгааг анзаарч байна.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, зорилго зорилтоо таниулахын оронд нэг нэгнийхээ муу талыг хэт дөвийлгөсөн. Түүнд анхаарлаа хандуулсан байдалтай байна. Энэ бол эрүүл улс төр биш.

-Нэр дэвшигчдээс болж Монголчууд хоёр, гурван хэсэг болж талцан муудалцаж байна шүү дээ?

Сонгууль болж байна гээд уурлаж бухимдан, гэр бүл, найз нөхөдтэйгээ муудалцан, хүмүүс өөр хоорондоо үзэл бодлоороо талцаад байх шаардлагагүй.

Нөгөө талаас энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль гэдгийг онцолж хэлмээр байна. Мэдээж Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Гэхдээ Монгол улс парламентын засаглалтай улс шүү дээ.

Энэ утгаараа УИХ төрийн бодлогыг тодорхойлдог.

Хэн нэгэн ерөнхийлөгч боллоо гээд Монгол Улс сүйрэх эсвэл аврагдах юм шиг асуудалд хандах хэрэггүй байх.

Харин сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөх хэрэгтэй.

-Та Германы нэр бүхий мужийн иргэдийн төлөөлөгч. Тус улсын орон нутгийн сонгууль хэрхэн явагддаг вэ?

Миний сонгогдсон тойрог 34 мянган хүн амтай. Өөрийн олж мэдсэн багахан туршлагынхаа хүрээнд л яръя. Ширүүн өрсөлдөөн болсон. Германд сонгууль нэлээд тайван байдлаар явагддаг.  Мэдээж улс төрийн хар, цагаан PR гэж бий. Гэхдээ зарчимтай, улс төрийн соёлтой, эрүүл аргаар өрсөлддөг.

Өнгөрсөн 3 дугаар сард миний бие Бавари мужийн ЦСҮ намын тойргийн Залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялсан.

Манай нам 1945 оноос хойш Германы засгийн эрхийг барилцаж байгаа нам л даа. Засгийн газрын түвшинд ЦДҮ-ЦСҮ эвсэл болж ордог. 11 сая хүн амтай Бавари мужийн ЦСҮ нам нь муж улсдаа ч хамгийн хүчтэй намд тооцогддог.

Манай намын хувьд төлөөлөх хойч үе гэдэг утгаар нь намын залуучуудын сонгуульд маш их ач холбогдол өгдөг. Үнэнч, ил тод сонгууль болдог.

Н.Солонго та манай намын залуучуудын холбооны ерөнхийлөгч болоод юу хийж чадах вэ, ямар ажлуудыг хийх вэ, юуг өөрчилж чадах уу, та манай Герман залуусыг юунд уриалах уу зэрэг хийх ажлыг маань асууж, түүнийгээ танилцуулдаг. Монголоор бол мөрийн хөтөлбөр л дөө. Мөрийн хөтөлбөр нь хамгийн гол шалгуур, сонгох шалтгаан болдог гэсэн үг.

Манай нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулж, түүнийгээ ард түмэнд ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй санагддаг. Ингэж бодлогын өрсөлдөөн явуулах нь илүү үр ашигтай, энэ сонгуулийн мөн чанар харагдана.

ЗАЛУУЧУУД АА СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Бавари мужийн ИТХ

- Залуу улс төрчийн хувьд таниас асуумаар байна. Герман, Монгол залуучуудын сонгуульд хандах хандлагын ялгаа юу байна?

-Ардчилсан нийгэмд ард түмэнд байдаг хамгийн том эрх чөлөө бол сонгох, сонгогдох юм. Та сонгууль өгөхгүй байснаараа хэн нэг нэр дэвшигч эсвэл улс төрийн нам хохирохгүй. Сонгогч та өөрөө өөрийгөө хохироож байна гэсэн үг. Та санал өгөхгүй байснаараа өөрийн төлөөллийг шийдвэр гарах түвшинд гарах боломжийг хааж байгаа гэдгээ сайтар ухамсарлах хэрэгтэй. Бас хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлд үнэнч сонголт хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. 

Германд залуучууд улс төрийн идэвх жаахан сул байдаг. Тэд ажлаа хийгээд явж байхыг илүүд үздэг. Гэхдээ сонгуульдаа ихэнх нь идэвхтэй, хариуцлагатай оролцдог. Харин манайхан эсрэгээрээ улс төрийн маш идэвхтэй, их сонирхдог, мэдлэг, мэдээлэлтэй хэрнээ яг сонгуульдаа болохоор идэвхгүй оролцдог байдал анзаарагддаг.

-Ерөнхийдөө хоёр хандлага байна л даа. Нэг хэсэг нь сөрөг хүчний нэр дэвшигчийг сонгож, эрх баригчдад хяналт тавих хэрэгтэй. Нөгөө хэсэг нь эрх баригч намын нэр дэвшигчийг сонгосноор бүх шатанд ажил саадгүй явна гэж үзэж байна.Та ямар байр суурьтай байна?

Зөв Ардчилал төлөвшсөн улсад сөрөг хүчний үүрэг маш өндөр байдаг. Сөрөг хүчинтэй байж эрх баригчид хяналттай болдог.

Энэ нь эргээд улс орны сайн сайхны төлөө байж чаддаг. Тухайлбал, Герман улсад манай барууны нам буюу манайхаар АН нь төрийн эрх барьдаг.

Гэхдээ зүүний болон бусад жижиг улс төрийн намууд тодорхой хэмжээний суудал авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг. 

Эрх баригч нам сөрөг хүчиндээ маш хүндэтгэлтэй ханддаг. Мэдээж маргах, санал үзэл бодол зөрөх үе байна.

Гэхдээ Герман үндэстний эрх ашгийн төлөө бол  нэгдэн нийлж ажиллаж чаддаг.

Ний нуугүй хэлэхэд надаас олон хүн “Танайх ардчилсан улс биз дээ? Тийм байж яагаад зүүний нам эрх барьдаг юм  бэ?” гэж асууж байсан.

УЛС ТӨРЧ ХҮН БОЛ АРД ТҮМНЭЭС СОНГОГДДОГ АЖИЛТАН ЮМ
-Улс төрч гэж ямар хүн байх ёстой гэж та үздэг вэ?

Улс төрч хүн бол энгийн бас “хөрсөн дээр буусан” хүн байх ёстой гэж хардаг. Улс төрч хүн бол зам, гүүр барьдаг, эсвэл хүнд эд зүйл тараадаг хүн биш.

Улс төрч хүн бол ард түмнийхээ сайн сайхны төлөө, тэдний аз жаргалын төлөө, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө бодлого боловсруулдаг хүн. Тэд бол шийдвэр гаргагч.

Ард түмнээс сонгогддог ард түмний ажилтан юм. Тэд иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Тиймээс ард түмэн бол ажил олгогч.

Ард түмнийхээ эсрэг ажилладаг, тэдний итгэлийг даахгүй  байгаа улс төрчийг муу ажилтан байна л гэж харах хэрэгтэй. Нэг үгээр улс төрч бол дарга биш.

-Германы улс төрийн соёлоос манай улс төрчдөд суралцах зүйл юу байна?

Маш олон зүйл байна. Энгийн даруу байхаас эхлэн суралцах зүйлс их. Монгол улс хариуцлага тооцдог системтэй болох хэрэгтэй. Улс төрч хүн ажлаа хийж чадахгүй бол албан тушаалаасаа шударгаар огцордог байх ёстой.

УИХ-ын чуулган дээр улс төрчид хариуцлагагүй, ёс зүйгүй байдал гаргаж “хэрүүлийн газар” болгон хувиргадаг. Үзэл бодол, байр суурь зөрж болно.

Гэхдээ улс төрийн соёлтой, заагтай байх ёстой. Тухайлбал, Монголд улс төрчидтэй уулзана гэдэг боломжгүй, маш хэцүү байдаг.

Харин Германд тийм биш. Улс төрчид нь сонгогчидтойгоо аль болох ойр байхыг эрмэлздэг. 

Тухайлбал, явган болон дугуйтай аялал хийж, ярилцлага, уулзалтын цагийг аль болох ихийг гаргадаг.

Миний сонгогч бол миний , хүндэт зочин гэдгээр ханддаг.

Гэтэл гурван сая хүн амтай Монгол Улсад төрийн том сайд, дарга нар дэндүү олон байна уу даа гэж хардаг.  Үүнийг багасгах хэрэгтэй.

-Тийм гэж үү? Харин ч УИХ-ын гишүүдийн тоо цөөхөн байна. Нэмэх хэрэгтэй гэдэг шүү дээ?

Миний бодлоор 21 аймгаас нэг нэг гишүүн гаргаад, Засгийн газар нь УИХ-аас тусдаа буюу “давхар дээлгүй” байх хэрэгтэй. Тухайлбал, Дархан-Уул аймгаас нэг л УИХ-ын гишүүн сонгогдоно.

Тэр хүн ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцоод, удаа дараа зөрчил гаргаж, хариуцлага алдан, ажлаа сайн хийж чадахгүй бол огцруулах хэрэгтэй. Одоо бол нэг аймгаас 2-3 хүн сонгогдчихоод хариуцлагаас мултарч байна.

МОНГОЛ ХҮН Л МОНГОЛОО ХӨГЖҮҮЛНЭ
-Германы улс төрийн намын дэргэдэх хэд хэдэн ТББ-ууд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулдгийг та мэдэх байх. Эдгээр байгууллагын Монголын улс төрд нөлөөлж буй нөлөөллийг та юу гэж дүгнэх бол?

Сонгогчдын боловсрол маш чухал асуудал л даа. Германд улс төрийн намуудын дэргэд сонгогчдод боловсрол олгох ТББ-ууд байдаг. Тэдгээр байгууллагыг төсвөөс санхүүжүүлдэг.  

Би хэдийгээр Германы улс төрч ч гэсэн Монгол хүний хувьд хийж байгаа ажил маань Монгол хүний төлөө байдаг.  Монгол хүний үнэ цэнийг дэлхийн зах зээлд бий болгохыг хичээж ажилладаг. 

Монголдоо Конрад-Аденауэр, Ханнс-Зайделийн сан шиг Монгол сантай болохыг зорьж байна. Энэ ажлаараа Монголд ирээд байна.

Сонгогчдын Боловсролын Академи байгуулах санаачилга гаргасан, холбогдох сайд нь дэмжсэн.

Үүнийгээ ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаа. Дөрвөн жилийн өмнөөс дөрвөн үгийг өөрийн афоризмаа болгож, мөн чанарыг нь бусдад ойлгуулахын төлөө ажиллаж байна.

Европын холбооны улсуудаар явж Монгол залуустаа "Улс төр энгийнээр" лекц, илтгэл тавьдаг. Энэ афоризмаа бусдад ойлгуулахыг хичээдэг. 

-Ямар дөрвөн үг вэ бидэнтэй хуваалцаач?

“Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ”. Энэ үгийг сайтар ойлгосон. Өөрийнхөө хийх ажлыг энэ чиглэл рүү хандуулж ирлээ. Хатуухан хэлэхэд, гадаадын энэ олон сан үнэхээр Монгол улсын төлөө байсан уу?

Ер нь аливаа улсын өөр оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бол эцсийн дүндээ өөрийн улсын  эрх ашиг л  байдаг шүү дээ. Тэд өөрсдийн эрх ашгийг бодно уу гэснээс бидний эрх ашгийг бодохгүй. 

Ерөөсөө Монгол хүн л Монголоо хөгжүүлнэ.

Монгол Улс дотроо эв нэгдэлгүй, хүчгүй, хөгжилгүй, ядуу,  бусдаас хамааралтай байх нь Монгол хүний хүсэл бус харин гаднынхны зорилго, хүсэл гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо (ЕМЭХХ)-ноос 2012 оноос эхлэн Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор олон нийтийн санал асуулгаар Н.Солонго "ОНЫ ШИЛДЭГ ХҮМҮҮНЛЭГ ЭМЭГТЭЙ" 2017 шалгарчээ. 2017.05.27

-Та намын Залуучуудын Холбооны Тойргийн Ерөнхийлөгчийн албанд сонгогдсон гэж өмнө хэлсэн. Энэ ямар ямар эрх, үүрэг хүлээдэг албан тушаал вэ?

Миний хувьд Герман залуучуудыг уриалах, тэдний улс төрийн сонирхлыг татах, улс төрийн боловсрол олгох зорилгоор намдаа элсүүлэх үүрэгтэй. Бундестагийн гишүүдийн сонгуулийн компанит ажлыг хариуцаж явуулдаг. Ирэх 9 дүгээр сард Германд Бундестагийн сонгууль болно.

Миний үүрэг бол холбооны нэр хүндийг өсгөх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, уулзалт зохион байгуулах, лидер улс төрчдийг урих,  үзэл суртлын зөв ухаалаг сурталчилгаа хийх үүрэг хүлээж байна. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол би хариуцлага хүлээх ёстой. Миний эрх мэдэл гэвэл намдаа шинэ гишүүн элсүүлэх эрхтэй, халах, хөөх эрхтэй, тодорхой хэмжээний санхүүг зохицуулах эрхтэй. Надад хоёр орлогч болон нэг нарийн бичиг, нэг санхүүч, намайг дэмждэг олон мянган залуучууд байна.

Сонирхуулж хэлэхэд, 1945 оноос хойш энэ тойрогт нэг ч эмэгтэй хүн уг холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй  юм байна лээ. Дээрээс нь бас гадаад эмэгтэй хүн сонгогдсон гэж Германы орон нутгийн хэвлэлүүд нилээд онцолж бичсэн.

ХБНГУ-ын Холбооны парламент хоёр танхимтай.  Парламентын дээд танхим нь Бундесрат бөгөөд 16 муж улсын Засгийн газруудаас сонгогдсон 69 төлөөлөгчидтэй, муж улс бүр 3-6 төлөөлөгчдийг томилно.  Парламентын доод танхим нь Бундестаг бөгөөд 4 жилийн хугацаатай сонгогдсон 662 гишүүнтэй. Бундестаг Германы Канцлерыг 4 жилийн хугацаатай сонгон томилдог. Орон нутгийн засаг захиргаа, 16 муж улсын засаг захиргаа нь тус бүр хууль тогтоох байгууллагатай.

-Бавари Мужийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүргийн талаар бидэнд сонирхуулаач?

Иргэдийн төлөөлөгч бол их энгийн шүү дээ. Бид хууль санаачлах эрхтэй. Энэ бол маш том эрх мэдэл. Гэхдээ би дангаараа шийдэхгүй. Бүсийн хурлаас мужийн хурал, мужийн хурлаас Бундестаг руу явдаг. Мөн Холбооны болон мужийн Засгийн газрын гишүүдийг санал болгох, сонгох, огцруулах эрэхтэй. Хамгийн чухал эрх мэдэл нь энэ хоёр байна.

-Та улс төрийн цаашдын карьераа хэрхэн харж төлөөлж байна?

Өөрийн гэсэн том зорилго, мөрөөдөл бий. Европын холбоонд Монгол хүн сууж байгаасай гэж хүсдэг. Миний хувьд цаг нь болоод бас боломж олдвол Бавари мужийн парламент, үүний дараа Бундастагийн гишүүн, үүнээсээ Европын холбооны гишүүн болно гэсэн зорилго, мөрөөдөл бий. Гэхдээ хурдтай дэвших боломж Германд байхгүй л дээ.

Шат бүр нь шалгуур өндөр. Гэхдээ миний өнөөдрийн амжилт Германдаа богино  хугацаанд хүрсэн амжилтанд тооцогдоно.

-Энэ хүртэлх амжилтын тань гол нууц юу байв?

Миний хувьд Герман улс төрчөөс 3 дахин илүү ажилладаг. 14 наснаасаа улс төрд орсон  Герман залуучуудтай өрсөлдөх тийм ч амар биш.

Ширүүн өрсөлдөөнтэй. Мэдээж эмэгтэй, Ази гэдэг олон шалтгаанаар үл тоомсорлоно, гадуурхана.

Сүүлийн үед Монголчууддаа бага зэрэг танигдаад ирэхээр Монголчууд ч бас гадуурхаад байх шиг. /инээв/ Хувь хүний хувьд нээлттэй. Уг нь бол Монгол, Герман гэлтгүй хүн бүрт туслахыг хичээдэг.

Бусдад амласан бол түүндээ хүрдэг, худлаа ярьдаггүй зэрэг зан чанар, баримталдаг зарчим маань намайг амжилтад хүрэхэд нөлөөлсөн болов уу.

-Танд эх орондоо байхдаа эсвэл Герман руу дөнгөж ирээд улс төрч болно гэж бодож байв уу?

Ёстой ийм бодол байгаагүй. Улс төрийн талаар мэддэггүй, сонирхдог ч үгүй байлаа шүү дээ. Сонгуульдаа бол идэвхтэй оролцдог байсан. Гэхдээ сурагч, оюутан байхдаа нийгмийн их идэвхтэй, олон нийтийн ажилд оролцдог байсан.

Н.Солонго Монголынхоо сор болсон шүүлгүүдийг орчуулж “Амьд” нэртэй шүлгийн аудио CD санаачлан гаргаж. Олсон ашгаа 100 хувь зориулж, Дархныхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уншлагын танхим болгож өгч байгаа аж.

Төрийн хар хүн гэдэг ойлголт байдаг даа. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Төрийн хар хүн гэдэг бол нэн тэргүүнд эх орон, тусгаар тогтнол, хил хязгаар,  эдийн засгийн аюулгүй байдлыг тавьдаг байх ёстой. Үүний дараагаар гэр бүл бусад асуудлууд орох ёстой. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье

Ярилцсан

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn

Зочин

Холбооны Бvгд Найрамдах Герман улсын ЦСҮ намын Бавари Мужийн Иргэдийн Телеелегч Н.Солонго