Энхбаяр.Ж Учрал.Н 2017.06.29 | Сайт: Vip76.mn

Бүх шатны боловсролын байгууллагын багш нарыг дэмжинэ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар боловсролын хэвийн үйл ажиллагааг хангаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэхэд багш хамгийн чухал хүч нөлөөтэй гэж үзээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөл бүхэлдээ бүх шатны боловсролын байгууллагын багш нарт чиглэж байна.

Тэрээр төрөөс багшийн хөгжлийг дэмжих чиглэлийг тодорхойлж, эдгээр чиглэлийн хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг төсөлдөө тусгасан байна. Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, сургалт зохион байгуулан, хөгжлийн төвийг нээн ажиллуулснаар багшийн мэдлэг, боловсрол, ур чадвар өснө гэж хууль санаачлагч үзжээ. Тодруулбал,

Багш нарыг боловсролын ахисан түвшний болон богино хугацааны сургалтад хамруулж, эрдэм шинжилгээний төслийн багт ажиллуулна. Мөн гадаад, дотоодын ижил төрлийн сургуульд туршлага судлуулна.
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж байгаа багшийг улсын/хувийн байгууллагад ажилладгаас үл хамаарч сургалтад хамрагдсан зардлыг улсын төсвөөс хариуцна гэж хуулийн төсөлд тусгажээ.

Мөн аймаг нийслэлийн боловсролын газар, бүх шатны боловсролын байгууллага багшийг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай материал, сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалтыг холбогдох байгууллагад хүргүүлэх юм. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах багш нарын нэр, сургалтын захиалгаа өгнө.

Бүх шатны боловсролын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна. Уг төвийг сургуулийн одоогийн бааз сууринд тулгуурлан байгуулах учраас нэмэлт төсөв шаардагдахгүй. Хөгжлийн төв нь багшийг ажлын байран дээрээ хөгжих нэг нэгж болно гэж хууль санаачлагч тайлбарлалаа.

Багш бэлтгэх тогтолцоог дэмжсэн зохицуулалт оруулжээ. 

Орон нутгийн төрийн захиргааны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн багшийн эрэлт хэрэгцээ, багшийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тулгуурлан захиалгаар багш бэлтгүүлэх гэрээг сургууль болон суралцагчтай байгуулж тэтгэлэг олгож болно.

Засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд багшийн мэргэжлийг хамруулна. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана.

Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа оюутанд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо болон тухайн суралцагчийн сургалтын чанараас хамааруулан тэтгэлэг олгож болно. Тэтгэлэг олгох журмыг Засгийн газар батална.

Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна.

Багшийн ёс зүй, хариуцлага, нэр хүндийн асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хүрээнд Боловсрол болон Хөдөлмөрийн яам, аймаг, нийслэлийн боловсролын газар дэргэдээ ёс зүйн хороо, ёс зүйн зөвлөлтэй байна гэж зааж өгчээ. Мөн багшийн ёс зүйн дүрмийг Боловсролын яам баталж, мөрдүүлэхээр зохицуулжээ.

Багшийн үйл ажиллагаа, хувийн харилцаа, хандлагаас үүдэлтэй эцэг, эх, суралцагчаас ирсэн гомдлыг ёс зүйн зөвлөл хүлээн авч, багшийн урамшууллыг хасах, сануулахаас эхлээд багшлах эрхийг хасч, ажлаас чөлөөлөх хүртэл шийдвэр гаргана гэж хуулийн төсөлд тусгасан байна.

Багш нь мэргэжлийн онцлогоос хамаарч хөгжлийн баталгаагаар хангагдах шаардлагатай гэж хууль санаачлагч тайлбарлалаа.

Хуулийн төсөлд "Багшийн хөгжлийн баталгаа" гэсэн бие даасан бүлгийг бүлэг байна. Тус бүлэгт багшийг мэргэжлийн ажлаа хийхэд бүхий л талаас нь дэмжсэн зохицуулалт оруулсан гэж хэлж болно. Үүнд,

- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нь мэргэжлийн чиглэлээр магистр, докторын өдрийн ангид хамрагдсан бол амжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх тэтгэлгийг улсын төсвөөс олгож болно.

- Хөдөө орон нутагт 5 буюу түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллах багшид 30 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх хэмжээний орон байрны дэмжлэгийг гэрээний үндсэн дээр олгож болно.

- Багш өөрөө болон түүний эхнэр, нөхөр 3 сараас дээш хугацаагаар хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа тохиолдолд 6 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож болно. Буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газар батална.

- Багшийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хамран суралцах тойргийн дагуу тэргүүн ээлжинд авна.

- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, суралцагч эсвэл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болно.

- Багшийн ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг багшид олгож болно.

- Багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.

- Бүх шатны боловсролын байгууллагын багш Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хөнгөлөлттэй үйлчлүүлэх, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хөнгөлттэй үйлчилнэ.

- Багшийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 3 сар хүртэлх хугацааны цалинтай бүтээлийн чөлөө олгож болно.

- Багшийн хөгжлийн баталгаанд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn