Ч.Мөнхбаяр: Нээлттэй дуудлага худалдаа бүгдийн өмнө шударга явагддаг

Ч.Мөнхбаяр: Нээлттэй дуудлага худалдаа бүгдийн өмнө шударга явагддаг

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр

Нийслэлийн өмчийн харилцааны газар “Нийслэлийн өмч хувьчлал 2017” нээлттэй дуудлага худалдаагаар хэд хэдэн обьект худалдах болсноо нийтэд мэдээлсэн билээ. Энэ дагуу хувьчлах обьектууд, хувьчлах болсон шалтгаан, нээлттэй дуудлага худалдааны зарчмын талаар мэргэжлийн хүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

Танай газраас Өмчийн харилцааны газрын барилга, Хишиг-Уул ХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувь зэрэг барилга байгууламжийг хувьчлахаар нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулсан. Эдгээр обьектыг ямар шалтгаанаар хувьчлахаар болсон бэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “ИТХ нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж заасан байдаг. Энэ дагуу НИТХ-аас хувьчлах обьектуудын жагсаалтыг баталдаг. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаагаар уу эсвэл менежментийн гэрээгээр хувьчлах уу гэдгээ давхар шийддэг. Үүний дараа Өмч хувьчлах комисс гэж орон тооны бус байгууллага хувьчлах ажлыг гардан хариуцна. Комиссын даргаар Нийслэлийн Засаг дарга томилогддог.  

Энэ хүрээнд 2015 онд 32/29 дугаар тогтоол гарч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдсэн юм. Уг барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас хэд хэдэн удаа дүгнэлт гаргасан боловч Өмчийн харилцааны газар байргүй болно гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хувьчлаагүй. Энэ барилгыг нураагаад оронд нь шинэ барилга барих хөрөнгө нийслэлийн төсөвт байхгүй учраас хувьчлах шийдвэрт хүрсэн.

2017 оны 6 дугаар сарын 7-ны Өмч хувьчлах комиссын 15 дугаар тогтоолоор 6 тэрбум 213 сая төгрөгөөр хувьчлахаар болж, 7 дугаар сарын 20-нд нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулаад байна.

Хишиг-Уул ХК-ийн хувьд 1993 онд байгуулагдсан. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлах үед 49 хувийг нэгдмэл сонирхол бүхий дөрвөн этгээд худалдан авч, 51 хувь нь нийслэлийн өмч хэвээр үлдсэн. Ингээд 2003 онд нийслэл 51 хувийнхаа 17 хувийг хувьчилсан байдаг. Одоо өөрийн мэдлийн 34 хувь /295 206 ширхэг хувьцаа/-аа нэг багц болгон 1 тэрбум 900 мянган төгрөгөөр худалдахаар болсон юм.

Өмчийн харилцааны газар байршлын хувьд ямар давуу талтай вэ, худалдан авсан тохиолдолд ямар үйл ажиллагаа явуулахад тохиромжтой бол?

Манай газар хотын А зэрэглэлийн бүсэд оршдог. Талбайн яг нүүрэн талд биш болохоос биш Хэвлэх үйлдвэрийн барилгатай байршлын хувьд хол ялгаагүй. Нээлттэй худалдана гэдэг нь тухайн обьектийг худалдан авсан талд өмчлөгчийн эрх 100 хувь нээгдэнэ. Мэдээж хэрэг энэ барилгыг нураагаад барилга барьж таарна. Манай газраас барилга байгууламжийн зориулалт, үйл ажиллагааны чиглэлд ямар нэгэн хориг хязгаар тавихгүй. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох мэргэжлийн байгууллага нь ямар зориулалтаар зөвшөөрөл олгохоо шийдэх биз.

Дуудлага худалдааны доод үнэ, дэнчингийн хэмжээг яаж тогтоодог вэ? Тухайлбал, танай газрын барилга гэхэд 6 тэрбум 213 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна шүү дээ.

Манай газраас мэргэжлийн үнэлгээний байгууллагуудад үнэлгээ хийх урилга хүргүүлж, санал авдаг. Ингээд аль нэг байгууллагатай хамтран ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэдэг. Нийслэлийн өмчийг хувьчлах журам гэж бий. Уг журамд, үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээ хийсний дараа хувьчлах эцсийн үнийг Өмч хувьчлах комисс тогтооно гэж заасан байдаг. Энэ журмын дагуу тогтоосон үнэлгээ шүү дээ.

Ер нь мэргэжлийн үнэлгээний байгууллагууд гурван янзаар үнэлгээ гаргадаг. Орлого ба зардлын хандлага, зах зээлийн үнэлгээ зэргийг харгалзан үл хөдлөх хөрөнгийг үнэлдэг. Энд барилга байшин барьж, түрээсэлбэл хэр хэмжээний орлого олох, барилгын өртөг, газар эзэмших эрхийн үнэлгээ хэд болох, эргэн тойронд байгаа барилга, газрууд хэр үнэ хүрсэн зэрэгт тулгуурлаж энэ үнэлгээг гаргадаг.

Шүд, эрүү нүүрний төвийн барилгыг 4,3 тэрбум төгрөгөөр хувьчилж байсан.

Эхний дуудлага худалдаагаар хүн аваагүй. Өмч хувьчлах журмын дагуу гурван удаа дуудлага худалдаанд оруулаад зарагдаагүй боловч хувьчлах шаардлагатай гэж үзвэл үнэлгээг 40 хүртэл хувиар бууруулдаг. Энэ дагуу 2,7 тэрбум төгрөгөөр дахин дуудахад анх дуудсан үнэ буюу 4 тэрбум төгрөгөөсөө давж, 4,3 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан тохиолдол бий.  

Дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн 10 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, 6,2 тэрбум төгрөгийн 10 хувь нь 620 сая болж байгаа юм. Ер нь обьектийн үнэ цэнээсээ хамаараад 10-20 хувиар тогтоодог. Өмчийн харилцааны газрын барилгыг хувьчлах дуудлага худалдаанд 5 хүн оролцлоо гэхэд ялагч болсон оролцогчийн дэнчинг буцааж олгохгүй.

Дуудлага худалдааны дараа ялсан оролцогчтой худалдах, худалдан авах гэрээ хийдэг. Гэрээний дагуу ялагч нь үлдэгдэл төлбөрөө 14 хоногийн дотор төлөх ёстой. Хэрэв 14 хоногийн дотор төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, хоёр дахь санал хэлсэн хүнд худалдах санал тавина гэсэн журамтай.

Хишиг-Уул компанийн тухайд ярихад ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ? Нийслэл яагаад өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах болов?

Хишиг-Уул ХК-ийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. 50 хувийг дөрвөн иргэн эзэмшдэг буюу нэгдмэл сонирхолтой дөрвөн этгээд бий. Өөрөөр хэлбэл, нийслэлээс давуу эрхтэй гэсэн үг. Ингээд ирэхээр нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг орлого бага, ногдол ашиг хүртэх ёстой боловч өнгөрсөн хугацаанд огт ногдол ашиг аваагүй. Үлдсэн 10 гаруй хувийг 2000 гаруй хүн эзэмшдэг. Тиймээс нэгд, хувийн хэвшлээ дэмжих, нөгөө талаас нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлье үүднээс хувьчлах шийдвэрт хүрсэн болов уу. Тус компани одоогоор худалдаа, нийтийн хоол, түрээс үйлчилгээ эрхэлдэг.

Хишиг-Уул ХК 2016 оны жилийн эцэс гэхэд 3 сая төгрөгийн ашигтай ажилласан байх жишээтэй. Үйл ажиллагааны чиглэлийг нь харахаар нийгмийн тулгамдсан үйлчилгээ мөн үү гэхээр биш.

Төрийн бодлого бол нийгмийн салбарын гол үйлчилгээ болох орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахгүй гэсэн бодлого барьж байгаа. Тиймээс “Хишиг Уул” ХК-ийг 100 хувь хувьд шилжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.

Энэ хоёр обьектоос гадна БГД болон Хан-Уул дүүргийн дугаар хорооны өрхийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Захирагчийн ажлын алба, СБД-ийн 13 дугаар хороо, цэцэрлэгийн барилгыг хувьчлахаар болсон байна?

Тийм ээ. Энэ хоёр обьектоос гадна дөрвөн барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн. Эдгээр нь өнгөрсөн жилийн өмч хувьчлалын үеэр зарагдаагүй үлдсэн барилгууд л даа. Өрхийн эмнэлэг, цэцэрлэгийн барилгыг яагаад хувьчлах болсон бэ гэвэл 2000 он гарсаар өрхийн эмнэлгийн жижиг жижиг барилга баригдах болсон. Харин 2008, 2009 оноос эхлээд хороо, өрх, цагдаагийн цогцолбор барьж эхэлсэн юм. Тиймээс өрхийн эмнэлгийн жижиг барилга ашиглагдахаа больж, эзэнгүйдсэн. 

СБД-ийн 13 дугаар хорооны хуучин хороо, цэцэрлэгийн барилгууд нь Долоон буудлын зам дагуу Хайлаастын уулзвараас хойш 350 метрт байдаг. Зөөврийн усан хангамжтай, нам даралтын зуухтай, бохирын цооногтой, 475 м2 эзэмшлийн газартай. Энд байсан цэцэрлэг нь шинэ байртай болсон учраас хувьчлахаар болсон.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны барилга гэдэг нь Туул тосгон хуучнаар Шувуун Фабрикт байдаг. 617,23м2 талбайтай, 20 өрөөтэй, нэг давхар барилга. 1870 м2 эзэмшил газартай. Мөн цагдаагийн тасаг байрлаж байсан хуучин нэг давхар барилга бий. Эдгээр обьект нь ашиглагдахгүй олон жил болсон. Өнгөрсөн жилээс эхлэн дуудлага худалдаагаар хэд хэдэн удаа зарлагдсан ч боловч хүн авахгүй, одоо дуудлага худалдааны анхны үнээсээ буучихсан байгаа. Үнэ буугаад хоёр ч удаа дуудагдаад байна.

Анхны дуудлага худалдаагаар зарагдаагүй бол дахин дуудлага худалдааг хэзээ зарлах уу?

Анхны дуудлага худалдааг дуудлага худалдаа явагдахаас хамгийн багадаа 1 сарын өмнө зарлана, олон нийтэд мэдээлнэ. Дахин дуудлага худалдааг зарлахдаа анхны дуудлага худалдаа явагдсанаас хойш хамгийн доод тал нь 14 хоногийн дотор зарлана гэж журамд заасан байдаг. Гэхдээ өнөөдөр дуудагдлаа гээд маргааш нь зарагдана гэсэн үг биш.

Нээлттэй дуудлага худалдааг шударга явуулах нөхцөлийг яаж бүрдүүлдэг вэ?

Эхний ээлжинд нээлттэй дуудлага худалдаа явуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Ингээд дуудлага худалдаа болохоос гурав хоногийн өмнө Өмчийн харилцааны газарт лацадсан хайрцаг байрлуулснаар аж ахуйн нэгж, иргэд дуудлага худалдаанд оролцох хүсэлт бүхий материалаа хайрцаг руу хийдэг. Ингээд дуудлага худалдаа болохоос 30 минутын өмнө хайрцагаа авч, дуудлага худалдаа болох танхим руу орно.

Нээлттэй дуудлага худалдаа бүхний өмнө ил тод, нээлттэй, шударга явагддаг. 

Бүх оролцогчдын өмнө хайрцагийг задалж, материалуудыг гаргаж ирдэг. Сонирхсон иргэд хөндлөнгийн ажиглагчаар оролцож байна. Манай газраас тэр өдөр “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс” гарч ажилладаг. 

Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэх даалгавартай байдаг вэ?

Жил жил өөр л дөө. 2017 оны тухайд нийслэлийн төсөвт 35 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Бид хоёрын ярианд дурдагдаагүй хувьчлах шаардлагатай нэг том обьект бий. Автобус 3 баазын барилга. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр байрладаг байсан "Автобус 3" бааз нь бусад автобус компаниудын хамт шинээр эмхлэн зохион байгуулагдаж, Зорчигч тээврийн нэгтгэл болсон.

Тиймээс “Автобус 3”-ын хуучин барилгыг 2015 оны 24/05 тогтоолоор хувьчлах обьектын жагсаалтад оруулсан. 2,3 га газар бүхий маш том обьект бий. Энэ мэтчилэн 2014, 2015 онд хувьчлах байсан, тодорхой шалтгааны улмаас хувьчлагдаагүй обьектуудаа л 2017 онд хувьчлах гэж байгаа нь энэ юм. 

Ярилцсан

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn

Зочин

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр