С.Ганчимэг: Шаардлагатай бол бид шуурхай албаны машинаа нэмэхэд бэлэн байна

С.Ганчимэг: Шаардлагатай бол бид шуурхай албаны машинаа нэмэхэд бэлэн байна

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ удаад бид даатгалын шуурхай үйлчилгээний асуудлыг хөндөж, “Авто СОС" компанийн Гүйцэтгэх захирал С.Ганчимэгтэй ярилцлаа

-ТА ЭХЛЭЭД “АВТО СОС” КОМПАНИЙНХАА ТАЛААР ТАНИЛЦУУЛААЧ?

- Жолоочийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 2012 оны 1 сарын 1 нд манай компани байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар даатгалын 11 компанид нэгдсэн шуурхай албаны үйлчилгээ үзүүлж байна.

-ТАНАЙ КОМПАНИ ӨДӨРТ ХИЧНЭЭН ДУУДЛАГА ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ?

-Манайх Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 24 цагаар дуудлага хүлээж авч байгаа. Жилдээ 25-30 мянган, өдөрт дунджаар 100 орчим дуудлага хүлээж авдаг.  Анхны цас орсон, бороотой гэх зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед ачаалал 100-150 болж нэмэгддэг. Нэг дүүрэгт нэг байхаар тооцож шуурхай албаны 6 машин үйлчилгээ үзүүлж байна. 

Дүүрэг бүрт осол их гардаг “Хар цэг”-үүдийг тодорхойлж, шуурхай очих үүднээс машинуудаа байрлуулдаг. Манай компани ослын дуудлагаас гадна, утсаар даатгалын гэрээ, даатгалтай холбоотой бүх л асуудтанд хариулж, зөвлөгөө өгч, тусалдаг.

-ЖИЛЭЭС ЖИЛД  АВТО МАШИНЫ ТОО ӨСӨЖ БАЙНА. ТА БҮХЭН АЧААЛЛАА БУУРУУЛАХ, ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ХЭРХЭН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

-Одоогоор манай шуурхай албанд тээврийн хэрэгсэл дутагдсан зүйлгүй, хангалттай гэж бид үзэж байгаа. Ослын газар түргэн шуурхай очиход өнөөдөр нэг л асуудал тулгарч байна. Энэ бол замын түгжрэл. Төв замаар бид нэгдүгээр эгнээгээр явах эрхтэй. Бусад замуудад энгийн тээврийн хэрэгсэлтэй адилхан эрхтэй.

Маш их түгжрэлд ордог. Энэ асуудал үнэхээр бидний шийдэх нэгдүгээр асуудал болоод байна. Үүнийг шийдэх зорилгоор өнгөрсөн жил Замын цагдаатай хамтран ажлын хэсэг байгуулсан. Одоогоор үр дүн гараагүй байна. Энэ талаар дахин ярилцах гээд төлөвлөгөө дээрээ бичээд л сууж байна.

- ЗАМЫН ЦАГДААГААС ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨӨГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?

-Яг ч өгөөгүй гэж хэлж болохгүй л дээ. Замын цагдаа болон манай зорилго нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл осол гаргасан машиныг асуудлыг хурдан шийдэж, замаа чөлөөлөх. Бид өөрсдийнхөө хэмжээнд боломжоороо шийдэх арга хайж байна.

Тухайлбал,  өнгөрсөн зун манайх цахилгаан скутер нэгийг авч тодорхой радиуст туршилтаар хэрэглэж үзсэн. Энэ нь даатгуулагчдад маш их таалагдсан. Цахилгаан скутерээр ослын газар 8 минутад л хүрч байгаа юм. 2018 онд энэ скутрынхээ тоог 3 болгож нэмэхээр төлөвлөж байна. Явган хүний замаар явах учраас түгжрэлд орохгүй.

-ОСЛЫН ДУУДЛАГАД ШУУРХАЙ ОЧИХ ӨӨР ЯМАР АРГА ЗАМУУД БАЙНА ГЭЖ ТА БҮХЭН ХАРЖ БАЙГАА ВЭ?

-Даатгалын гэрээнд ослын газраас хөдлөхгүйгээр даатгалаа дуудах ёстой гэсэн байдаг. Тиймээс яаж ослын газар хурдан шуурхай очиж, даатгуулагчид үйлчлэх вэ гэдэг нь хамгийн чухал болоод байгаа юм. Замын цагдаатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, шийдэл хайх илүү ач холбогдолтой.

Тухайлбал, Замын цагдаа нарын хэрэглэдэг станцуудыг хооронд нь GPS- ээр нь холбогдох, эсвэл манай даатгалын шуурхай албанд үйлчилдэг машинуудыг түгжрэлээс түргэн шуурхай гаргахад Замын цагдаа анхаарч хамтарч ажиллах, дуут дохионыхоо ангиллыг сайжруулах гээд нилээд хэдэн асуудлаар ярьдаг л даа.

-ЗАМЫН ЦАГДААГААС ДААТГАЛЫН ШУУРХАЙ АЛБАНЫ АВТО МАШИНЫ ТОО ЦӨӨН БАЙНА ГЭДЭГ ТАЙЛБАР ӨГЧ БАЙСАН. ОСЛЫН ГАЗАР ЦАГДАА НЬ ОЧЧИХООД БАЙХАД, ДААТГАЛ НЬ ИРДЭГГҮЙ, ТЭГЭЭД ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХГҮЙН УЛМААС ЗАМЫГ НЬ ЧӨЛӨӨЛҮҮЛДЭГ. ТА БОЛ МАШИН НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭСЭН БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?

-Шаардлагатай бол бид машинаа нэмэхэд бэлэн байгаа. Хэдэн ч машин байлаа гээд түгжрэлд орох л юм бол ямар ч нэмэргүй шүү дээ.

Замын цагдаа болон манай машины замын хөдөлгөөнд оролцох эрх нь өөр. Тэд урсгал сөрнө, гэрлэн дохио харгалзахгүй явна гээд давуу эрхтэй. Тиймээс манайх замын цагдаагаас хоцорч очно. Үүнийг бид хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ энэ бол машины тооноос шалтгаалж байгаа биш гэдгийг ойлгох ёстой. 

Үнэхээр машины тооноос хамаарч байгаа бол бид маргааш ч нэмэхэд бэлэн байна. Өмнө хэлсэндээ,  өдөрт манайд 100-аад дуудлага ирдэг гэж үүний 40 орчим хувь нь ослоос бусад, 60 -аад хувь нь ослын дуудлага байдаг.

Тэгэхээр өдөрт нэг машинд 10 дуудлага л оногдоно гэсэн үг. 24 цагт 10 дуудлага нэг машинд хангалттай гэж үзэж байгаа. Ингээд өдөрт ирж байгаа дуудлага ачааллаас харахаар машиныхаа тоог нэмэх шаардлагагүй байгаа нь харагддаг.

-ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ГАДНА ЗӨВЛӨГӨӨ АВАХ ДУУДЛАГУУД ИРДЭГ ГЭЖ ТА ХЭЛЛЭЭ. ИРГЭДЭЭС ХАМГИЙН ИХ ИРДЭГ АСУУЛТ ЯМАР АСУУЛТ БАЙНА ВЭ?

- Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн даатгалын тухай мэдлэгийг сайжруулахад их нөлөө үзүүлсэн. Өмнө нь иргэд даатгалыг татвар мэт ойлгодог байсан шүү дээ. Одоо даатгалыг мэдэхгүй хүн ховор болсон. Ирж байгаа дуудлагаас харахад даатгалын гэрээний хугацаа дууссан, түүний сунгалтын тухай, даатгалын компаниудын хаяг, байршил асуух зэрэг асуултууд зонхилдог.

Мөн даатгалын гэрээ дээр нэр нь бичигдээгүй хүн жолоодож яваад осол гаргах тохиолдолтой холбоотой асуудлууд ч нилээдгүй гардаг. Бусад талаар бол ард түмний даатгалын тухай,  тэр дундаа жолоочийн хариуцлагын даатгалын тухай мэдлэг нилээд өндөр болсон гэж үзэж байгаа. Даатгалын бусад бүтээгдэхүүнийг худалдан авахад иргэд суурь мэдлэг болсон чухал хууль гэж хэлмээр байна.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ ТООЦОХГҮЙГЭЭГЭЭР ОСЛЫН ДУУДЛАГАД ТАНАЙ МАШИН ЯМАР ХУГАЦААНД ОЧИХ ЁСТОЙ БАЙДАГ ВЭ? ЭНЭ ТАЛААР СТАНДАРТ БИЙ ЮУ?

-"Авто СОС" компани үйлчлэж байгаа 11 компанидаа тэгш үүрэг хүлээдэг. Ослын дуудлага өгч байгаа даатгуулагч аль компанид даатгуулсан тэр компани руугаа утастаж байна гэж боддог бидэн рүү залгадаг. Тиймээс ямар даатгалын компанид даатгуулсан эсэхээс үл хамаарч сайн үйлчлэхийг л хичээдэг.

Би хариуцлагыг өндөрт тавьдаг. Тиймээс үйлчилгээгээ чанартай үзүүлэхийн тулд стандарт баталсан.

Дуудлага хүлээж авч буй операторууд, дуудлагын ажилтнууд бүгд стандарттай. Даатгалын компаниудын өмнө хүлээсэн үүрэг ёсоор нэг дуудлага дээр очих хугацаа 30-40 минут, ослын газар дээр ажиллах хугацаа 10-15 минутаас хэтрэхгүй байдаг.

Цаашлаад ослын газар дээр очсон мэргэжилтэн даатгуулагчтай хэрхэн харьцах, ямар үг хэлэх гээд бүгд стандарттай. 2017 оноос дуудлагын мэргэлтэнгүүд маань ухаалаг утаж барьдаг болсон. 

Энэ утсаараа ослын газар дээр бүх зургаа авна, яриагаа бичнэ. Тэр нь шууд тусгай apllication -аар дамжин upload хийгддэг. Энэ мэдээлэлийг 5 минутын дотор даатгалын компаниуд нь харах боломжтой болдог.

Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд ослын газарт хэрхэн ажиллаж байгаа, стандартынхаа дагуу байна уу үгүй юу гэдгийг бүгдийг хянах боломжтой.

Бид өөрсдийн бүх үйл ажиллагаагаа тэдэнд нээлттэй байлгадаг. Үүгээрээ манай үйл ажиллагаа сайжирна гэж хардаг.

-ДААТГАЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОСЛЫН ГАЗАР ОЧООД ҮНЭЛГЭЭ ХИЙДЭГ ҮҮ? БОЛОВСОН ХҮЧНЭЭ САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР ХЭРХЭН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА?

-Хохирлын үнэлгээг бол хийхгүй. Осол дээр очоод ослынхоо зургийг маш хурдан аваад, замыг чөлөөлөх ёстой. Дараа нь бид буруутай этгээд болон хохирогчоос мэдүүлгээ авдаг. Манай компани боловсон хүчнийхээ чадавхыг нэмэгдүүлэх талаар 2017 онд хэд хэдэн ажил хийсэн.

Үүний нэг ажил нь Жайка ОУБ-аас хэрэгжүүлдэг “Загвар аж ахуй нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ажилчдынхаа бүтээмжийг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Бид шуурхай албаныхаа мэргэжилтнүүдэд мэргэжлийн байх ёстой л гэсэн шаардлагыг тавьдаг.

Энэ шаардлагыг тавихын тулд бид ажилтнаа хөгжүүлэх анхаарч ажиллаж байна. Тухайлбал осол дээр очоод эмнэлгийн анхан шатны  тусламж үзүүлчихдэг, гал гарч байвал унтраачих гэх мэтчилэн бүх л талын чадвартай байх ёстой зэргээр ажилтнаа хөгжүүлдэг. Тиймээс  "Авто Сос” зөвхөн осол гарсан хоёр машины зураг авах хэмжээнд үйлчлэдэггүй.

Манай байгууллага 2018 оны эрхэм зорилгоо “Даатгалын зах зээл дээр нөхөн төлбөрийн үйл ажиллагаа дээр дэмжлэг үзүүлнэ” гэж байгаа. Даатгалын компаниудын үйлчилгээг сайжруулах хамгийн эхний цэг дээр манай компани ажилладаг. Бид тэр үүрэг хариуцлага хамгийн сайн ухамсарладаг.

-ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ТАНАЙХ ШИГ ШУУРХАЙ АЛБА ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ЮМ БЭ?

-Даатгал бол их олон зуун жилийн түүхтэй салбар. Тиймээс олон улсад энэ маш сайн хөгжчихсөн байгаа. Жишээ нь АНУ-д хоёр жолооч хоорондоо мөргөлдлөө гэхэд даатгалын 2 картаа солилцоод л явчихдаг. Япон, Солонгост манайх шиг шуурхай алба бий.

Тэд осолоо шуурхай албанд мэдэгдээд л,  ийшээ, тийшээ явах ямар ч шаардлагагүй байдаг.

Манай шиг даатгал, цагдаагаа даатгуулагч дуудаад, эвдэрхий машинаа унаж очиж үнэлүүлээд, тэгээд даатгалын компани дээрээ бичиг баримтаа бүрдүүлээд өөрөө очно гэж байхгүй. Өнөөгийн энэ олон шат дамжлагыг багасгах ёстой.

Зочин

Авто СОС ХХК-ын захирал С.Ганчимэг