Б.Энхтөр:

Монгол төрийн түшээ хуулийг чандлан сахигч байх ёстой


5 минут уншина
Б.Энхтөр: Монгол төрийн түшээ хуулийг чандлан сахигч байх ёстой
Б.Энхтөр Авто замын газрын дарга асан, Зөвлөх эдийн засагч

Vip76.mn сайтын редакциас "Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?" сэдвээр онлайн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. 

Улс төр судлаач, улс төрийн зүтгэлтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийнхээ үргэлжлэл болгож цуврал ярилцлагаа хүргэж байна. 

Энэ удаад Авто замын дарга асан, зөвлөх эдийн засагч Б.Энхтөртэй “Монгол Төрийн түшээгийн баримтлах ёс зүйн хэм хэмжээ” сэдвийн хүрээнд ярилцлаа.

Таны бодлоор “Монгол төрийн түшээ” гэж ямар хүнийг хэлэх вэ?

Төр бол Хууль, Дэг журам, Ёс суртахуун

“Монгол төрийн түшээ” гэж хэн болохыг ярихын тулд “Төр” гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Төр гэж чухам юу юм бэ? Зарим хүн төр бол УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газар, Улс төрийн нам, хүчин, эвсэл, бүлэг гэж ойлгодог. Гэтэл төр бол хэн нэгэн хүн, байгууллага, эвсэл бол огт биш. Төр бол Хууль, Дэг журам, Ёс суртахуун. Эдгээр зүйлс нэгдэж төр бий болдог гэж  би хувьдаа ойлгож байна. Хамгийн чухал нь Хууль. Хууль дор захирагддаг, хууль биелүүлдэг, хуулийг биелүүлэх ёс суртахуунтай хүнийг төрийн түшээ гэж хэлнэ.

Өнөөдөр Монголын төрийг түшилцэж байгаа хүмүүс ийм байж чадаж байна уу?

Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг. Энэ залбирал төрийг түшилцэж яваа тэр нэгэнрүү хандаж залбирч байгаа хэрэг. Тэр хүн нь Дорж, дулмаа байх нь хамаагүй. Тэр бол таны амьдарч байгаа газар, таны сайн сайхны төлөө шийдвэр гаргаж, үйлчилж байгаа төрийн хууль цаазанд залбирч байгаа юм. Төрийн хууль цаазанд захирагдан шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаа тэр хүн бол төрийн түшээ байх ёстой.

Өнөөдөр төрийн хууль цаазыг боловсруулаад, батлалцаж байгаа түшээдийг харахад мэдлэг боловсрол, чадвар нь гологдож муудчихсан хүн алга л байна. Хамгийн гол нь төрийн үйл ажиллагаанд ёс суртахуун гэсэн үнэт зүйл байх ёстой. Энэ л ихэд алдагдсан харагдаж байна.

Тэгвэл ёс суртахуун гэдэг нь юу юм бэ?

Ёс суртахуун гэдэг бол тухайн хүн өөрөөсөө буюу БИ –ээсээ ангижирах явдал. Та өөрийгөө түрүүнд биш бусдыг түрүүлж бод гэсэн үг юм. Бусдыг түрүүлж бод гэдэг нь төрийн түшээ хүний хувьд нийгэм, ард иргэдээ бодож аливаа шийдвэр, хууль журмыг гаргах ёстой гэж хэлж байгаа юм.

Эрх ашгийн эрэмбэ дараалал гэдэг ч эндээс тодорхой харагдана. Төрийн түшээ гэсэн хэрнээ нам, эвсэл, бүлгийнхээ эрхийг урдаа тавьчихаад яваад байх биш түүний чинь өмнө Монгол төрийн эрх ашиг байгаа гэдгийг байнга санах ёстой. Төрийн эрх ашиг гэдэг нь хууль, хуулийг дагадаг ард иргэдийн эрх ашиг болж байгаа юм. 

Одоо Монголын төрийн аль ч шатны байгууллагын ажилтан мэдлэг чадвартайгаа эн зэрэгцээ, бараг илүүгээр ёс суртахуунтайгаар төрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах хэрэгтэй цаг үед амьдарч байна.

Ёс суртахуунтай байна гэдэг бол өөрөө хүмүүжил. Эрдэм мэдлэг бол ёс суртахуунаас өөр. Эрдэм мэдлэгтэй хүн ёс суртахуунаа алдвал маш аюултай. Тэр хүн эрдэм мэдлэгээ ашиглаад юу ч хийж болох талтай. Харин ёс суртахуунтай хүн эрдэм мэдлэгтэй байх аваас төрийн үйл хэрэгт нэн тустай юм. 

Энэ бүхний эцэст Монгол төрийн түшээгийн мөн чанарыг тодорхойлбол:

             Нэгдүгээрт ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ

             Хоёрдугаарт МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ

             Гуравдугаарт ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ байх ёстой.

Төрийн түшээ хүн БИ, БИД-ээсээ л ангижирах хэрэгтэй

Сүүлийн үед БИД гэсэн ойлголт бий болчихоод байна. Энэ нь төрийн эрх мэдэл авсан нэгэн нийгэм, ард иргэдээ бодох бус өөрийгөө тойрон хүрээлэгчид буюу бүлэглэлээ бодож шийдвэр гаргаж, тэдэндээ үйлчилдэг хандлага ажиглагдаад байна. Төрийн түшээ хүн БИ, БИД-ээсээ л ангижирах хэрэгтэй.

Дэлхийн улс орнуудын улс төрийн хандлага таны хэлж байгаа БИД гэсэн ойлголтоор явж байж амжилтанд хүрээд байх шиг. Үүнийг буруу хандлага гэж хэлж болохгүй юм биш үү?

Явцуу БИД гэсэн хандлага өөрөө бүлэглэлийг бий болгож байна. Нам дамнасан бүлэг, Мафи гэх мэт. Яагаад гэхээр харилцан хамаарал маш том болж байна. Мэдээллийн урсгал, ил тод байдал зэрэгтэй ч холбоотой байх. БИД-ийн эрх ашгийг өмнөө тавьж байгаа төрийн түшээ хуулиа дээдлэх өндөр ёс суртахуунтай байж гэмээнэ зөв явж чадах байх.

Бид Чингис хаан гэж их ярьдаг. Чингис хаан ч гэсэн өөрт нь буюу төр улсдаа хэн үнэнч байна тийм хүмүүсээр л өөрийн хүрээг бүрдүүлж байсан. Төрийн эзэн, Хаандаа үнэнч байна гэдэг нь ёс суртахуун байсан.

Төрийн албан хаагчийн шалгалт өгч, яам агентлагт ажиллаж, иргэдэд үйлчилж байгаа хүн Монгол төрийн түшээ юу? Эсвэл хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүн төрийн түшээ юу?

Би төрийн түшээг яамны бүх шатны ажилтнаасаа эхлээд Ерөнхийлөгч хүртлээ төрийн нэрийн өмнөөс үйл хэргийг нь гүйцэтгэж яваа бүх хүнийг хэлнэ гэж ойлгодог. Тэд “эрүүл саруул” байх эсэх нь “толгой”-оосоо эхэлнэ. Төрийн тэргүүн, УИХ-ын 76 гишүүн, засгийн газрын сайд нар ёс суртахуунтай байх ёстой. Үг, үйлдлээрээ сайн үлгэр жишээ болох.

Ингэж чадвал төрийн бусад шатны албан хаагчид даган дууриана. Ядаж сөрж чадахгүй шүү дээ. Одоо гэтэл олон нийтийн цахим сүлжээнд төрийн тэргүүнээсээ эхлээд бүгдийг нь л хамаг муу муухайгаар нь дуудаж, идсэн уусныг нь бичиж байх юм. Яагаад гэхээр төрийн түшээд ард иргэд, олон ний, нийгэмдээ сайн үлгэр жишээ болж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь бүхэлдээ ёс зүйн доройтолд оруулчихаад байна.

Одоо бид энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?

Одоо энэ байдлыг засч залруулахын тулд нийгэм, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй. Өсвөр үе, залуучууд, хүүхэд багачуудаа одоо л бид зөв хүмүүжүүлж, зөв системээр боловсрол олгохгүй бол тэд өнөөгийн бидний насанд ирэх үед улсаа хэрхэн авч явах, ямар үнэт зүйл бүтээхийг бид мэдэхгүй.

Харин зөв хүмүүжил, үнэт зүйлтэй нэгэнд мөнгө өгсөн ч аливаад ёс зүйтэй хандана. Тиймээс аливаа асуудалд төрийн эрх баригчид, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч буруутай гээд суугаад байх биш ард иргэд ч өөрийгөө болон ирээдүй болсон үр хүүхэддээ үлгэр жишээ үзүүлж, сайн Монгол иргэнийг өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгээ санах ёстой. Үүнд урлаг, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл гол үүрэгтэй байдаг.

Өнөөдөр улс төрд байгаа сайн төрийн түшээ мөн гэж онцлох хүн танд бий юу?

Хүн бүр өөр өөрийн илүү сайн чаддаг зүйлтэй байдаг. Мөн бүх хүн төгс биш. Хэдий тийм ч би олон жил төрийн алба хашиж явсан хүний хувьд гаргаж байгаа бодлого, улс төрч хүний зангараг, нуруутай байдал, алсын хараа зэргээрээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайг хэлж болно. Мөн улс төрийн бодлого, стратеги, чадварлаг удирдагч гэдэг утгаараа Санжийн Баярыг онцлон хэлэхийг хүсч байна.

Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх талаар ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.