З.Өнөржаргал: Хөдөлмөрлөх эрх бол хүний үндсэн эрх

З.Өнөржаргал: Хөдөлмөрлөх эрх бол хүний үндсэн эрх

З.Өнөржаргал Хүний эрхийн Үндэсний Комиссын Ахлах референт

2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Энэ хууль одоогийн Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдах гол хуулиудын нэгюм. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх бүх харилцааг зохицуулах энэ хууль цаг үеийн чухал мөчид хэлэлцэгдэж байгаагаараа онцлог.

Vip76.mn сайт Хөдөлмөрийн зах зээл болон Хөдөлмөрийн тухай хуулийн талаар хүний эрхийн үндэсний байгууллага, олон улсын байгууллага болон хуульч, эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улсын Их Хуралд жил бүр танилцуулдаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт тэр дундаа Төрийн алба болон хувийн хэвшилд ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт ямар байгаа талаар тусгасан.

Мөн тус Комиссоос 2017 онд “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааг хийсэн юм.  Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ахлах референт З.Өнөржаргалтай ярилцлаа.

Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн харилцаанд ямар зохицуулалт шаардлагатай байна вэ?

Хөдөлмөрлөх эрх бол хүний үндсэн эрх. Үүнийг хангахын тулд ажил олгогч болон ажилтан гэсэн хоёр тал хууль ёсны дагуу эрх, үүргээ хамтын зарчмаар хэрэгжүүлдэг. Үндсэн хуулиараа “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, ... эрхтэй” гэж заасан. Энэ нь улсын эдийн засагт хувь нэмэр оруулна. Иргэн бүрийн орлогын түвшин нэмэгдэж, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа болж өгдөг.

Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх гэдэг нь дөрвөн зарчмын хүрээнд үйлчилнэ.

  1. Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх
  2. Албадан хөдөлмөрийг устгах
  3. Хүүхдээр хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах
  4. Эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөгөө хамгаалах боломжтой байх

Энэ суурь зарчмуудыг багтаасан Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын суурь найман конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулиа эдгээр конвенцид нийцүүлэх үндсэн шаардлага байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулиа ингэж олон улсын конвенцид нийцүүлснээр дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо хувьд хүлээж буй үүргээ биелүүлэх, Европын холбооны “GSP+” зэрэг худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системийг цаашид үргэлжлүүлэн эдлэх боломжтой болно.

“GSP+” гадаад худалдааны тарифын хөнгөлөлт гэж юу вэ?

Европын Холбооноос санаачилсан нэг төрлийн худалдааны хэлэлцээр буюу Худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “GSP+” нь хөгжиж буй орнуудад Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлохдоо тарифаа тэглүүлэх эсвэл тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх эрх үүсдэг.

Үүний дагуу Армени, Болив, Кабо Верд, Киргиз, Монгол, Пакистан, Парагуа, Филиппин, Шри Ланка гэсэн есөн улс эдийн засгийн урамшуулал хүртэж байгаа. Энэ нь эмзэг эдийн засагтай улс орнуудад ядуурлыг бууруулах, засаглалыг сайжруулах, тогтвортой хөгжлийн үйл явцыг дэмжихэд чиглэсэн Европын Холбооны хөтөлбөр юм.

Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдахын тулд тухайн улс хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалыг дэмжсэн олон улсын суурь конвенцуудийг соёрхон баталж, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг

Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдахын тулд тухайн улс хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалыг дэмжсэн олон улсын суурь конвенцуудийг соёрхон баталж, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тодруулбал, хүний эрх, хөдөлмөрийн эрх, байгаль орчин, сайн засаглалтай холбоотой НҮБ-ын 27 үндсэн конвенцийг дагаж мөрдөж, хэрэгжүүлнэ.

Хөнгөлөлт эдлэгч нь конвенци тус бүрийн хэрэгжилтийн тайланг цаг хугацаанд нь түүнийг хариуцсан байгууллагад хүргүүлэх бөгөөд Европын Холбооны “Score-Card” тайланг мөн хугацаанд хүргүүлэх үүргийг хүлээнэ.

Монгол Улс “GSР+” хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд Европын Холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ татваргүй гаргадаг

Монгол Улс “GSР+” хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд Европын Холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ татваргүй гаргадаг. 2015 оны байдлаар Монгол Улсын хувцас үйлдвэрлэлийн салбар 15 сая орчим евро буюу 43 тэрбум төгрөгийн барааг татваргүй экспортолж, GSР+ хөтөлбөрөөс хамгийн өндөр үр ашиг хүртсэн тухай бид судалгаандаа дурдсан байгаа.

Энэ нь Монгол Улсын бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, хэрэгжилтийг тодорхойлсоны үр дүнд бодлогын өөрчлөлт гарсан уу?

Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс өнгөрөгч онд гаргасан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-дээ нөхцөл байдлыг гол болгон тодорхойлсон нэг асуудал бол хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн талаар байсан. Үүн дотроо:

  • Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт,
  • Хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт

гэсэн хоёр үндсэн судалгаа, шинжилгээний ажлыг бие дааж болон Европын Холбооны дэмжлэг, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар хийж гүйцэтгэсэн.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудал бол төрийн албаны бүтэц зохион байгуулалт, өөрчлөлт, сонгон шалгаруулалт, өргөдөл гомдол, маргаан шийдвэрлэлтийн байдал, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг  тогтоосон тухай шүүхийн шийдвэр биелэхгүй байгаатай холбоотойгоор тухайн албан хаагчид учирсан хохирол барагдуулалт гэх мэт нөхцөл байдал ямар байгааг тодорхойлсон. Олон улсын зарчим, хэм хэмжээгээр иргэд тэгш эрхтэйгээр төрийн алба хаших боломжтой байхын тулд дараах баталгаагаар хангагдах ёстой.

Үүнд: 

  • Ажилд томилох, албан тушаал дэвшүүлэх, түдгэлзүүлэх, ажлаас халах бодитой бөгөөд үндэслэлтэй шалгуур тогтоох;
  • Бүх иргэдэд төрийн алба хаших адил боломж олгох үүднээс эерэг арга хэмжээ авах;
  • Төрийн алба хаших адил боломж олгох, ажилласан жилээр нь урамшуулах зарчим тогтоох;
  • Алба хаших хугацааг баталгаатай байлгах;
  • Аливаа үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх явдлыг хангах нь төрийн албан хаагчийг улс төрийн нөлөө шахалтаас хамгаалах баталгаа зэрэг болно.

2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын иргэнийг төрийн албанд анх томилох, төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөд гарч байгаа алдаа, сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход чиглэсэн оновчтой зохицуулалтыг тусгаж, уг хуулийг олон улсын зарчим, хэм хэмжээ, нийтлэг чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн нь чухал ач холбогдолтой юм.

Харин хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн гаргаж ирэхдээ “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааг хийсэн юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь иргэдийн хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй байна

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь иргэдийн хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлж чадахгүй, зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад төдийлэн нийцэхгүй байгаагаас хөдөлмөрийн харилцааг бүрэн хэмжээгээр зохицуулах боломжгүй байгаа тул уг хуулийг шинэчлэн боловсруулж, батлах, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийг орчин үеийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлээрээ Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар санал хүргүүлсэн.

Судалгааны үр дүнгээр хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах асуудлуудыг тодорхойлсон нь Монгол Улс дахь хөдөлмөрийн харилцаа, эдийн засгийн хөгжил, тэр дундаа Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого (2016-2020), Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2016-2020), Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр (2017-2018) зэрэг бодлогын зорилтуудад хүрэхэд дэмжлэг болно гэж үзсэн. Судалгааны хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, Ажил олгогч, Ажилтны төлөөллийн байгууллагад хандан бодлогын санал, зөвлөмж гаргасан.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгсөн санал бий юу?

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж үзээд хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр саналаа гарган хүргүүлсэн.

Тухайлбал, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулж болно” гэж заажээ. Иймээс одоогийн дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн заасан “Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно” гэсэн заалтыг хэвээр хадгалж, илүү цагаар ажиллуулах цагийн дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх саналыг гаргасан.

Учир нь хувийн хэвшлийн салбарт худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судлахад  үзэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын ажлын цагийн асуудал хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг бий болгож байна.

Тодруулбал: судалгаанд оролцсон 1639 ажилтны 55.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг, 18.8 хувь нь 31-40 цаг ажилладаг гэж тус тус хариулжээ. Мөн сард 360 цаг буюу 7 хоногт 90 цаг ажилласан талаар ярилцлагын судалгаанд оролцогчид тэмдэглэж байсан. Судалгаанд оролцогчид долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг гэж ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын  ажилтнуудын 60.5 хувь нь хариулсан бөгөөд ярилцлагын судалгаагаар дийлэнх нь “энэ тохиолдолд илүү цагийн цалин хөлс олгодоггүй” гэсэн хариулжээ.

Илүү цагаар ажиллахтай холбоотой асуудлыг дүн шинжилгээнд авсан аж ахуйн нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаас үзэхэд “ажил олгогчийн санаачилгаар ажиллах”, “ажилласан цаг нь аль нэгэн албан тушаалтны шийдвэрээр баталгаажих, хэрвээ баталгаажаагүй бол илүү цагийн хөлс олгохгүй” гэх зэрэг заалтууд нийтлэг байлаа.

хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд бэлгийн дарамт болон бусад дарамтыг хориглох” хэмээн өөрчлөн томъёолох саналыг гаргаж байгаа

Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд бэлгийн дарамт болон бусад дарамтыг хориглох” хэмээн өөрчлөн томъёолох саналыг гаргаж байгаа.

Тодруулбал:

“Ажлын байран дахь дарамт” гэдэг нь хэн нэгэнд ажил олгогч, дээд шатны албан тушаалтан (менежер), хувь хүн болон бүлэг хүмүүс хэл, ам, бие махбод, нийгмийн болон сэтгэл зүйн дарамт учруулахыг хэлдэг.

Харин бэлгийн дарамт нь хоёр хүний хоорондын харилцаанд тулгуурладаг бөгөөд албан тушаал эрх, мэдэл бүхий этгээдээс давуу байдлаа ашиглан нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн бие махбод, сэтгэл санаа, нэр төр эрхэм чанар, эд материаллын хохирол учруулдаг онцлогтой.

Олон улсын хэмжээнд бэлгийн дарамт нь хувь хүний нэр төр, эрхэм чанар, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн нэг хэлбэр, хүйсийн ялгаварлан гадуурхалтын илрэл, хүний эрхийн зөрчил гэж үздэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд бэлгийн дарамтын ойлголтыг тодорхойлж, жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдлыг Комисс харьяалан шийдвэрлэж байна.

Комисс жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудлаар ирсэн гомдлын дагуу холбогдох хүмүүсээс тайлбар авах, баримт материал гаргуулан авах зэргээр шаардлагатай ажиллагааг хийж байгаа хэдий ч ялангуяа бэлгийн дарамтад өртсөн тухай гомдолд дурдсан асуудлыг шалган тогтоох, хариуцлага тооцоход хүндрэлтэй байна. Энэ нь нэг талаар энэ төрлийн зөрчил нууц далд хэлбэрээр үйлдэгддэгтэй холбоотой юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг зөвхөн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг бөгөөд хувь хүн жендэрийн эрх тэгш байдлыг зөрчсөн бол зөрчигдсөн эрхийг сэргээх, арилгуулах эрх хэмжээ Комиссын гишүүнд байдаггүй.

Иймд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хөдөлмөрийн харилцаа үүсэх, хөдөлмөр эрхлэх болон мэргэжлийн сургалтын явцад ажил олгогч, түүнд оролцогч гуравдагч этгээдээс ажилтан, буюу хувь хүнд түүнчлэн ажилтан буюу хувь хүнээс ажил олгогч, гуравдагч этгээд, ажилтанд энэ хуульд заасан бэлгийн дарамтаас бусад дарамт үзүүлсэн тохиолдолд” мөн “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд  заасан бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хүлээлгэн хариуцлагыг тодорхой зааж, нэмэлт зохицуулалтыг бий болгох, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй дагаж өөрчлөлт оруулах хуулийн төсөлд нэмэлтээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангид бэлгийн дарамт учруулахыг гэмт хэрэгт тооцон хуульчлах асуудлаар саналаа гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой заалтыг нарийвчлан оруулсан тухай салбарын сайд хэлж байсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын өнгөрсөн онд хийсэн дээрх судалгаагаар хувийн хэвшилд албадан хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ?

Албадан хөдөлмөр нь хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөрчил юм.

Албадан хөдөлмөрийн хэлбэрт сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эмзэг байдлыг буруугаар ашиглах, хуурч мэхлэх,өрийн барьцаа төлөөс болгох, ажилтны бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, ажиллаж, амьдрахад хортой хүнд нөхцөл, илүүцагаар ажиллуулах зэрэг хамаардаг. Тухайн нөхцөл байдалд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг нэгэн зэрэг илэрвэл албадан хөдөлмөр гэж тодорхойлж болно.

ажилтны бичиг баримтыг барьцаалах нь албадан хөдөлмөр эрхлүүлэлт мөн

Тухайн ажлын мөн чанар нь бус харин түүнийг гүйцэтгэж, гүйцэтгүүлж буй хүмүүсийн хоорондын харилцаа албадан хөдөлмөрийг бий болгодог. Түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны гэж үзэх ердийн ажил үүргийг зөвшөөрөлгүйгээр, эсвэл шийтгэлээр сүрдүүлж гүйцэтгүүлсэн бол албадан хөдөлмөрт тооцно.

Албадан хөдөлмөрийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон, цалин хөлсийг бүрэн ба хэсэгчлэн төлсөн эсэхээс үл хамааран өргөн хүрээнд ойлгоно.

Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт албадан хөдөлмөрийн хэлбэр илэрч байна. Тухайлбал, зарим ААНБ-ын хөдөлмөрийн гэрээнд ажилтан өөрийн боловсролыг гэрчлэх бичиг баримт, мэргэжлийн үнэмлэх зэргийг заавал ажил олгогчид хадгалуулах тухай заасан байна.

Гэтэл судалгаанд оролцогчдын 41 хувь бичиг баримт барьцаалдаг гэж хариулсан байна. Мөн сүлжээ дэлгүүрүүдэд цалин хөлс, өрөөр барьцаалах тохиолдол байгааг хэлж байна. Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгож болдог байдлаар цоожилж, кодолсон ААНБ тохиолдсон нь ажлын байранд хязгаарлалт тогтоосон нэг хэлбэр юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинэажилтнытуршилтынхугацаа, хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалт орсон байна. Судалгааны явцад энэ төрлийн зөрчил илэрсэн үү? 

Бидний авсан судалгаанд оролцсон 1577 ажилтны 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гэсэн бол 30.4 хувь нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй байна.

Харин ажил олгогчдын 59.7 хувь нь ажилтнууддаа хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгдөг, 16.1 хувь нь өгдөггүй, 4.8 хувь нь заримдаа өгдөг хэмээн хариулсан байлаа.

Мөн анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, туршилтын хугацаагаар ажиллуулаад цалин хөлс олгодоггүй зөрчил гарч байна.

Тухайлбал, судалгаанд оролцогчдын 12.4 хувь нь 14 хүртэл хоногоор гэрээ байгуулалгүй ажилласан гэж хариулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 4 сард туршилтын хугацаа, дагалдан, цагаар ажиллах зохицуулалтыг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллах зөрчлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд Хөдөлмөрийн тухай хууль зөрчих ялгангуяа хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар зохицуулсан. 

Ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.

Ярилцсан

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Зочин

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ахлах референт З.Өнөржаргал