С.Цогтбаяр: “Нам дагасан тогтолцоо хэтэрхий удаан оршин тогтнолоо”

С.Цогтбаяр: “Нам дагасан тогтолцоо хэтэрхий удаан оршин тогтнолоо”

С.Цогтбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, Шог зураач

Vip76.mn сайтын “Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?” хэлэлцүүлгийн шинэ ярилцлага танд хүрч байна.

Монгол Улсын нийгэм, улс төрийн өнөөгийн дүр төрх, шинэ хандлага, өөрчлөлтийг өөрийн өвөрмөц шийдэлээр илэрхийлж, туурвидаг хүн бол Шог зураач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цогтбаяр.

Түүний зургийг харсан хэн бүхэн өнөө цагийн хийрхэл, гажуудал, олон нийтийн хандлага зэргийг төвөггүйхэн олж харж чаддаг билээ. Уран бүтээлийнх нь дийлэнхи хэсгийг улс төрч, улс төрийн шийдвэр, нийгмийн үзэгдэл байдаг.

Шог зураач, СГЗ С.Цогтбаяртай “Монгол төрийн түшээ хүний хариуцлага, ёс зүй” сэдвээр ярилцлаа.

Монгол төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ?

Төрийн түшээ хүн гэдэг нь төрийн дээд буюу хууль тогтоох дээд байгууллагад алба хашиж байгаа хүнийг хэлнэ гэж би ойлгодог. УИХ-ын гишүүд, сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар ажлаа хүлээн авахдаа тангараг өргөдөг.

“Би өөрийгөө зольж, төр ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэнэ. Үүнийгээ алтан соёмбот төрийнхөө далбааны өмнө батлан тангараглаж байна” 

Мөн төрийн алба хаших гэж байгаа, албан хаагч хүн тангараг өргөдөг. Энэ тангараг дээр тодорхой дурьдсан байдаг. Товчоор хэлбэл “Би өөрийгөө зольж, төр ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэнэ. Үүнийгээ алтан соёмбот төрийнхөө далбааны өмнө батлан тангараглаж байна” гэж хэлдэг. Тэгэхээр төрийн түшээ хүн бол ийм л байх ёстой.

Эрт цагийн уламжлал, түүхийн ном, судраас харвал Дорнын соёлтой орнууд 13-р зуунаас эхлээд төрийн албан хаагчийг маш нарийн шалгуураар сонгодог байсан. Тухайн хүний сэтгэл, чадвар, мэдлэг, ухамсар, удам угсааг хардаг. Сонгогдсон, томилогдсон хүмүүс нь ч хүртэл энэ их итгэл, сэтгэлийг даадаг байсан түүхтэй.

Харин энэ байдал өнөө цагт алдагдаад иргэдийн итгэл төрийн түшээддээ алдарч итгэж найдахгүй байха жишээтэй. Төрийн түшээд нь ч итгэл өгсөн ард иргэдийнхээ итгэлийг даахгүй хуймгаа хандаж ажиллах байдалд харагдаж байна. Ингэхээр төрөө үл дээдлэх гэсэн хандлага бий болоод нэр хүнд, үнэт зүйл байхгүй болчихоод байна. Энэ гэхдээ түр зуурын булингартсан цаг үе байна.

"Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг"

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж С.Зоригийн хэлсэнчлэн Монголын төлөө сэтгэлтэй, мэдлэгтэй, зүрх зоригтой залуус хэдэн мянгаараа байна. Тэднийг олж сонгох систем нь өнөөдөр тогтоогүй байна.

Хэтэрхий удаан нам дагасан тогтолцоот систем оршин тогтносон болохоор дараагийн өөр шатанд очих цаг хугацааны л асуудал болоод байна. Тэрнээс биш Монгол төр, Монгол улсынхаа төлөө нэгэн зүрх сэтгэлээр зүтгэх хүнгүй болчихсон биш тийм хүнээ олж сонгох билгийн мэлмий булингартчихаад байна уу даа гэж харж байна.

Төрийн түшээ хүн өндөр ёс зүй, ёс суртахуунтай байж гэмээнэ төрийн алба хашиж, түмнийг төлөөлөх учиртай. Таныхаар өнөөгийн түшээд ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээтэй байж чадаж байна уу?

Ер нь зөвхөн төрийн түшээ ч биш энэ нийгмийн амьдралд оролцож байгаа хүн бүхэн ёс зүйтэй байх ёстой. Соёлт хүн төрөлхтөний энгийн дагаж мөрдөх ёстой зүйл. Бидний мэдэх маш олон улс, ялангуяа Азийн улс орнууд өөрийн гэсэн үнэт зүйлтэй, түүнийгээ мэддэг учраас нийгэм нь дагаад явдаг.

Кунз, Бушидо, Самурайн дэг жаяг, нэр хүнд, эрхэмлэх ёс гэх мэт үнэт зүйл, өв уламжлал, соёл нь байгаа учраас бүгд дагадаг. Харин бидэнд 70, 80 жил дагаж явсан коммунизм нь үгүй болчихсон. Тэр хооронд орж ирсэн үзэл суртал, бужигнаан дундаас өөрийн гэсэн үнэт зүйлийг хайсаар байгаад өөрийн гэсэн зүйлсээ алдчихаад байх шиг байна.

Уг нь үнэт зүйл, өв уламжлал байгаагүй биш Монголчуудад байсан. Түүнийгээ алдчихаад байгаа юм. Энэ зүй тогтолоо олж автлаа төвөгтэй замыг туулах нь ээ гэж би ойлгож байна.

Төрийн алба, төрийн түшээ гэх нэрийг дагаад төр, нийгэм, ард иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлага дагаж явдаг. Хариуцлагаа умартсан нэгнээс болж нийгмээрээ хохирох эрсдэл дагаж байдаг. Энэ тухайд таны бодол ямар байна вэ?

Төрийн өндөр дээд алба хашиж байгаа хүмүүс эхэндээ хувь хүнийхээ хувьд ёс зүйтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь мэдээж хэрэг. Гэхдээ улс төрийн нам, бүлэгээс харьяатай учраас тухайн бүлэг, улс төрийн намын үзэл бодол, чиглэлд хайрцаглагдчихдаг байх. Ингээд хувь хүнийхээ ёс зүйг баримтлах боломжгүй болж байна.

бие даан сонгогдсон гишүүд аливаа бүлэглэлд харьяалагдахгүй учраас эрх мэдэл нь хязгаарлагдмал

Мөн бие даан сонгогдсон гишүүд аливаа бүлэглэлд харьяалагдахгүй учраас эрх мэдэл нь хязгаарлагдмал болчихоод байх шиг байгаа юм. Тэгэхээр хэтэрхий улс төрийн нам, бүлэглэл дагасан, үзэл сурталжсан энэ системээсээ бид салах ёстой. Төрийн албыг намаас салгах ёстой гэж боддог.

Япон улсад Монголоос ч олон удаа засгийн газар нь солигддог ч төрийн албанд ямар чё хамааралгүй байдаг. Нэг хүн сайн мэргэжилтэн л бол насаараа тухайн ажлаа сайн хийгээд явж болдог. Түүнийг ямар ч улс төр, засгийн газрын өөрчлөлт гарсан ч оролдохгүй.

Монголд нэг нам ялахад цэцэрлэгийн багшийг хүртэл сольж байна

Тайван ажлаа хийгээд л явдаг. Гэтэл манайд нэг нам ялахад тэр нэг цэцэрлэгийн багшийг хүртэл сольж байдаг ийм систем үйлчилж байна. Ингээд дөрөв дөрвөн жилээр түүчээлсээр байгаад улс орныг сөхрүүлж байна. Энэ нь төрийн албаны нэр хүнд, ёс суртахуунд дам нөлөөлж байгаа юм.

Та уран бүтээлч хүн. Гэхдээ уран бүтээлээ улс төр, нийгмийн амьдралтайгаа илүү уялдуулж, мэдрэмтгий хандаж туурвидаг онцлогтой. Таны хувьд өнөөдрийн төрийн түшээд дундаас үлгэр жишээ авах, мэдлэг боловсролтой зэргээр нь хэнийг давуу байна гэж үнэлж явдаг вэ?

Надад үнэлдэг олон мундаг залуучууд бий. Тэдний хувьд санхүүгийн эх үүсвэр, дэмжих улс төрийн бүлэг фракц байхгүй учраас хэлэх үг нь хүрэхгүй, хийхээр төлөвлөж байгаа нь тоогдохгүй байх шиг байна.

Жишээлбэл; Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт байна. Ардчилсан намд ч чадварлаг, боловсролтой залуус байна. Энэ хүмүүс нам эс харгалзан нэгдэж нийлээд ажиллавал олон жил төр түшилцсэн, ахмад гишүүдээсээ илүү зохион байгуулалттай, хэлснээ хийх боломж байгаа харагддаг. Ингэж чадвал улс төрийн цикль цаг хугацаанд хамаарахгүйгээр наана нь өөрчлөлт хийх боломжтой мэт санагддаг.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. 

Зочин

Шог зураач, Соёлын гавъяат зүтгэлтэн С.Цогтбаяр