Эрх ашгийнхаа эрэмбийг зөв дугааралсан хүнийг Төрийн түшээ гэнэ

Эрх ашгийнхаа эрэмбийг зөв дугааралсан хүнийг Төрийн түшээ гэнэ

Б.Баярсайхан Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга асан, АН-ын гишүүн

Vip76.mn сайт “Монгол төрийн түшээ гэж ямар хүн байх ёстой вэ?” хэлэлцүүлгийнхээ ээлжит зочинтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

Б.Баярсайхан нь Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга, “Барилгын хөгжлийн төв” ТӨУҮГ-ын захирал гэх мэт төрийн албанд чамлахааргүй хугацаанд ажилласан. Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж 2007-2009 онд ажилласан бөгөөд 2008 онд УИХ-ын сонгууль явагдаж, будлиан маргаан гарч байсныг төрийн хуулийн дагуу шийдвэрлэхэд гар бие оролцож, амжилттай ажиллаж байсан юм.

Түүнтэй Төрийн түшээ хүний албандаа хандах чин сэтгэл, ёс зүй” сэдвээр ярилцлаа.

Эрх ашгийнхаа эрэмбийг зөв дугааралсан хүнийг төрийн түшээ гэж хэлнэ. 

Та Монгол төрийн албанд чамгүй хугацаанд ажиллаж, бүтээн байгуулалтаас эхлээд улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Төрийн алба, төрийн түшээ хүн ямар байх ёстойг биеэр мэдэрсэн хүн. Өнөөдөр таны бодлоор Монгол Төрийн түшээ гэж ямар хүн бэ?

Эрх ашгийнхаа эрэмбийг зөв дугааралсан хүнийг төрийн түшээ гэж хэлнэ. Энэ нь Монгол төрийн түүхэнд үеийн үед л ийм байсан. Бүхний эхэнд эх орон, ард түмнийхээ эрх ашгийг тавьж байгаа хүн л төрийн түшээ, төрийн алба хашиж байсан. Энэ тухай Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэн үг ч бий.

Ингэж л явахгүй бол боломжгүй санагдаж байна. Нэгдүгээрт улс төрийн нам, хувийнхаа эрх ашгийг тавьдаг хүн төрийн түшээ хийж чадахгүй юм.

Хуучны цаг “Төрийн хар хүн” гэж тодорхойлдог байсан. Энэ ямар хүнийг хэлж байна гэхээр Улс эх орон, байгаль дэлхийгээ дээдэлдэг. Өнөөгийн бидний хэлдэгээр тухайн үедээ өндөр ёс зүйтэй хүнийг л хэлдэг байсан.

Ёс зүйтэй байх нь Төрийн түшээгийн үндсэн шалгуур. Энэ ёс зүйн тухай ойлголт өнөөгийн бидэнд тодорхой бус нэр томъёо байдлаар сонсогддог болжээ. Төрийн түшээгийн ёс зүйг гэж юу вэ?

Үүнийг маш энгийнээр л ойлгох ёстой. Хүндрүүлж олон зүйлийг багтааж тогтоох гэх юм бол утгаараа ёс зүй гажуудаад явчих аюултай. Тодорхой гэж байгаа нь “Хууль баримтлах” л ёстой юм. Хуулиа дээдэлнэ. Хуулиа дээдэлсэн цагт ёс зүйгээ алдахгүй. Энэ л төрийн түшээ, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн маш энгийнээр ойлгоод даган мөрдөх ёс зүйн хэм хэмжээ юм.

Төрийнхөө түшээгээр сонгоод, Төрийн бүх шатны албанд томилогдчихсон хүмүүсээс ард иргэд хариуцлага нэхэж, шаарддаг. Хариуцлагаа ухамсарлахгүйгээр төрд ажиллах учиргүй мэт санагдана. Таны бодлоор...?

Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр төр оршин тогтнож, амьдарч байна. Төр өөрөө, төрийн албанд байгаа албан хаагчид татвар төлж байгаа иргэдээ хүндэлж үйлчилгээгээ явуулах ёстой.

Төрийн албанд ажиллахын тулд тодорхой шалгуур тавих ёстой. Харин даргын цүнх бариад гүйж байсан нөхдүүд төрийн албанд шалгуураас гадуур гүйж орж байгаа нь төрийн ёс зүй, үнэ цэнэ, төрийн албаны хэв маяг, тогтсон жаягыг маш ихээр эвдэж байна.

төрийн түшээ, төрийн албан хаагч хүнийг нарийн шалгуураар сонгох ёстой.

Хуучин цагт төрийн хар хүнийг удам судар, гарал угсаа зэргийг нь харж сонгодог байсантай адил өнөөдөр ч төрийн түшээ, төрийн албан хаагч хүнийг нарийн шалгуураар сонгох ёстой. Тэгэхгүй бол хэн ч байсан төрийн албан хаагч болчих хүсэлтэй болсон энэ цагт хүссэн бүхнийг төрд оруулаад байвал төрийн ажил сайжирахгүй, урагшлахгүй, хүнд суртал авлигадаа идэгдсээр л байх болно.

Мэдээж хүн бүр үндсэн хуулиараа ажил албаа өөрөө солнгох эрхтэй ч хүссэн нь гүйж очдог биш төрийн нэрийн өмнөөс тангараг өргөж хийдэг ажил учраас өндөр ёс зүйг хангаж, хариуцлагаа ухамсарласан хүнийг л томилох ёстой.

“Төрийн боловсон хүчний бодлого”-оо алдаж болохгүй

Сүүлийн жилүүдэд төрийн албанд орох хүсэлтэй эрэгтэй хүмүүсийг цэргийн алба заавал хаасан байх тухай шалгуур оруулсаныг би хувь хүнийхээ зүгээс сайшаан харж байгаа.

Мөн төрийн албанд томилохдоо намтар түүх, гарал үүсэл, ялангуяа төрийн өндөр албан тушаалтныг томилохдоо судлах нь зүйтэй. Хуучин “Төрийн боловсон хүчний бодлого” гэж байсан. Тэр өнөө цагт алдагдаад байна уу гэсэн бодол төрдөг.

Төрийн өндөр албан тушаалд томилогдох гэж байгаа хүмүүст тавьдаг шаардлагуудыг алгасаад төрийн албан томилоод байх шиг харагдаад байгаа юм. Үүний хор уршиг гарсаар байна. Жишээлбэл ямар ч дээд боловсрол эзэмшээгүй хүн төрийн яаманд газар хэлтсийн дарга хийгээд явж байна. Албан тушаалд очихын тулд авлига өгч байна. 60 тэрбумын асуудал яригдаад байхад л үл анзаарсан байдалтай яваад байх жишээтэй.

Байгалийн хуулиар ч тэр сүргийн манлай нар бол сүргээсээ ялгарч гарч ирсэн, ялж дийлсэн нь манлай болж, түрүүлж явдаг биз дээ? Одоо бидний амьдралд энэ байдал алдагдаад хэн сайн “бөгс долоож” чадсан нь төрийн өндөр албан тушаалд очоод байгаа нь төр хүчгүйдэж, ард түмэн төрдөө итгэл алдараад, сүүлдээ маш том хямралруу энэ нь түлхээд байна уу даа. 

Төрд алба хаших хэцүү юу?

Төрийн алба бол хэн хүний хүсээд байх зүйл биш. Гэхдээ энэ хүнд цаг үед бидний үеийн залуус төрдөө ажиллаж Монгол Улс хэмээх том айлыг нуруундаа үүрээд л явах ёстой болж байна. Тийм ч чадалтай залуус олон байна. тэнэд боломж олгож, замыг нь нээж өгөөд ажлуулах хэрэгтэй байна.

Та Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж улс төрийн сонгууль буюу бидний ярилцаж байгаа төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн түшээдийг иргэд сонгох үйл явцад гар бие оролцож ажилласан хүн. Төрийн өндөр албан тушаалтнууд буюу нэр дэвшигчдийн шаардлага, шалгуур ёс зүйн хариуцлага гэхээсээ илүү өөр зүйлсийг хангасан байх ёстой нь иргэдэд төрийн түшээгийн сонголтод сэтгэл дундуур байх нөхцөл юм байна гэж харагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль гээд хуулиараа УИХ Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямар байхыг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Сонгуулийг зохион байгуулах төв байгууллага энэ хуулийг л баримтлан ажиллана. Хэн нэг нэр дэвшигч шударга эсвэл шударга биш ч юм уу? эсвэлтөрд ажиллах ёстой хүн эсвэл үгүй гэх зэргээр хэн ч шүүх эрх байхгүй. Үүнийг шүүх, прокурорын байгууллага л тогтооно.

иргэд ухамсартайгаар сонголт хийх нь Монгол Төрийн түшээ буюу Төрийн хар хүнээ онож сонгох боломжтой

Харин иргэд сонголтоо ухамсартайгаар хийх нь Монгол төрийн түшээ буюу Төрийн хар хүнээ онож сонгох боломжтой болох юм. Ингэж гэмээнэ иргэд төрөө хараахгүй, сонгосон гишүүнээ эгүүлэн татах асуудал ч гарахгүй. Төр түвшин байна. Нөгөө талаар Төрийн түшээд нь төрийн өндөр алба, эрх мэдэлд хүрээд сонгосон иргэдийнхээ эрх ашгийг эрх мэдлийнхээ эрэмбийн адагт тавихгүй болох юм. Тиймээс би төрийн түшээ хүн гэдэг бол эрх ашгийнхаа эрэмбийг зөв дугааралсан хүн байх ёстой гэж ярианыхаа эхэнд хэлсэн нь ийм учиртай юм.

"Төрийн нуруу түвшин бол түмний нуруу түвшин байна" гэсэн үгийн адил аль ч үед төрийн түшээ хүн ёс зүйтэй, хуулиа дээдэлдэг, хийсэндээ хариуцлагатай хандаж, хүлээж чаддаг байж гэмээнэ төр улч тогтвортой оршин тогтнож, ард иргэд нь амар амгалан амьдрах юм.

Эцэст нь хэлэхэд Төрийн түшээ гэж ямар хүн байх нь Ардчилсан нийгэмд сонгогч иргэдээс бас шалтгаалдаг гэдгийг иргэд ухамсарлах ёстой юм шүү. Та байгаа учраас төр оршиж байдаг. Таны сонголт Төрийг бүтээдэг юм.

Ярилцсанд баярлалаа.

Зочин

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан