Д.Ламжав: УИХ бол “БАГА АРД ТҮМЭН”

Д.Ламжав: УИХ бол “БАГА АРД ТҮМЭН”

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2018.05.02 өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Энэ үеэр АИХ-ын депатут, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжавтай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүйг сайжруулахын тулд хамгийн түрүүнд юуг өөрчлөх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-УИХ-ын чуулган хуралдах аргаа өөрчлөх ёстой юм. Хэлэлцүүлгийн цаг, санал хураах цаг хоёрыг салгах хэрэгтэй. Ийм практикууд дэлхийд байдаг. Хэлэлцүүлгийн цаг дээр ирц шаарддаггүй, хэлэлцэж буй асуудлыг сонирхсон гишүүд л ирж, хэлэлцүүлэгт оролцдог. Тухайн хуулийн төслийг хэлэлцүүлэгт муугаар бодоход нэг гишүүн ч ирж болно. Харин хэдэн гишүүн оролцохоос үл хамаараад хурал даргалагч, тамгын газрын ажилчид, төсөл санаачлагчид сууж байх ёстой.

Санал хураах цаг дээр харин гишүүд ирцээ бүртгүүлж, өөрийн биеэр саналаа өгөх ёстой. Ирцийн бүртгэлийг харин технологийн дэвшлийг ашиглаж хурууны хээгээр бүртгэж болно. Энэ бол дажгүй л арга л даа. Өөр хүний хурууг уншихгүй учраас өөрийн биеэр заавал ирж ирцээ бүрдүүлж, саналаа өгнө гэсэн үг.

Хамгийн гол нь хэлэлцүүлэг, санал хураалт хоёрыг салгадаг байх ёстой.

Ингэж чадвал хөдөлмөрийн бүтээмж сайжирна. Энэ бол цэвэр хөдөлмөр зохион байгуулалттай холбоотой зүйл. Яахав,  байнгын хорооны хуралдааны дэг өөр байж болно. Өнөөдөр манай улсад хэрэглэж байгаа практик хэлэлцүүлгийн шат буюу хурал эхлэхэд хэдэн хүн ирсэн вэ гэдэг ирцээр хурал эхэлдэг. Өөрөөр хэлбэл 39 хүн хэлэлцүүлэгт ирж байж, хурал эхэлдэг. Тэгээд ирц бүрдэхгүй бол хуулийн хэлэлцүүлэг хойшлоод, цагаасаа хоцорч эхлэх нь бий.

-Хуулийн төслийн хэлэлцүүлэгт суугаагүй гишүүн хуулийн талаар мэдээлэл, ойлголт багатай байж, хэрхэн санал өгөх үү гэдэг асуудал үүсэхгүй юу?

Ийм асуудал үүснэ.  Яг үнэндээ энэ өргөн сэдвээр, олон ойлголт ярьж байхад бүгдийг нь ойлгодог хүн энэ хорвоод байхгүй шүү дээ. Тийм учраас зөвлөхүүдээс үг сонсох, өөрийн итгэж буй бусад гишүүнээс мэдээлэл авсны үндсэн дээр саналаа өөрийн итгэл үнэмшлийн дагуу өгөх ёстой.

УИХ-ын гишүүдэд зөвлөхүүд зайлшгүй байх ёстой.

Зөвлөхүүд зөвлөгөө өгөхдөө тухайн асуудлуудад ямар ямар хувилбар байгааг, мөн эдгээр хувилбарын сайн болоод, муу талыг гишүүнд хэлэх юм. Хувилбар гэдэг бол хоёроос дээш зүйл байхыг хэлж байгаа юм шүү дээ. Тиймээс аль ч хувилбарыг сонгосон энэ бол таны үүрэг, бүрэн эрхт хамаарна гэж зөвлөгөө өгөх ёстой. Түүнээс биш энэ нь сайн шүү, үүнд л саналаа өгөөрэй гэж нэг хувилбар руу шахдаг байх ёсгүй. Товчхондоо, улс төр нь хаана байна вэ гэхээр сонголт хийж буй сонголт дээр байгаа юм.

-Ямар улс төрчийг ёс зүйтэй эсвэл ёс зүйгүй хэмээн харах ёстой юм бэ?

- Энэ хүн ёс зүйтэй хүн шүү гэдгийг сонгогч өөр, өөрийн дотоод үнэлэмжээрээ л үнэлнэ. Ардчиллын зарчим бол ил тод байдлыг дээдлэх. Үүн дээр нь тулгуурлаж л харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ил тод байхаас татгалзах хэрэггүй.  

Тухайлбал байнгын хорооны хуралдааныг хаалттай хийх талаар ярьж байна. Үндэслэлийг нь харахаар одоо байгаа байдлаа нуух хэрэгтэй байгаа учраас хаалттай хуралдах гээд байгаа юм байна. УИХ ямар байдалтай байгаа юм, тэр байгаагаараа л ард түмэнд харагдаж байг л дээ. Муу зүйл ч гэсэн нийгэмд мэдээлэл өгдөг юм шүү дээ. Дандаа сайхан байж байж мэдээлэл очдог юм биш. Камер хараад бие биенээ доромжилдог, гүтгэдэг гэж байна. УИХ-ын гишүүн хүн ч гэсэн уурлаж болно шүү дээ. Бусад улсад бүүр зодолддог биз дээ.

Тиймээс УИХ-ын гишүүнд ёс зүй заах тухай асуудал байхгүй. Хэн тэдэнд ёс зүй заах юм.

УИХ гэдэг бол “БАГА АРД ТҮМЭН” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр “том ард түмэн”- тэйгээ төстэй л байж таарна. Үүнийг гоё болгож харуулах гээд яах юм. Байгаагаараа л байг.  Тэгэхээр зарчим бол ил тод талаа л барьж байх ёстой.

Нөгөө талаасаа хэт жижиг зүйлсээс айгаад байх явдал байхгүй. Тухайлбал, нэг социологийн судалгаа муу гарлаа л гэж байна. Ардчилсан улсад угаасаа төр барьж байгаа хүмүүс сайхан нэртэй байдаггүй. Тоталитар тогтолцоотой улсуудад л өндөр хувьтай байдаг. Хүүхдүүд маань биднээс муу жишээ авчих вий гэж бодох хэрэггүй.  Яг үнэндээ 20-оос доош насныхан бол мэдээлэлд цадчихсан, юманд илүү тайванд хандах хандлагатай гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл хүмүүсийн айгаад яриад байгаа зүйл чинь үнэн юмуу. Наадахыг чинь хүүхдүүд үнэндээ тоохгүй, энэ сайн тал ч байж магадгүй. Яльгүй юмнаас тэвдэж, том хаалт хийх хэрэггүй.

-Энэ парламентын онцлогийг та хэрхэн харж байна вэ? Мэдээж эрх баригч олонхи гэсэн онцлог бий. Өөр ямар онцлог байна вэ?

-Өмнөх онцлог бол ард түмнийг залхаасан. Маш олон эвгүй зүйлийг “ил тод” байдлаараа харуулсан.  Тэгээд тэр парламентыг ард түмэн унагасан байна л даа. Сонгогчдод төрүүлсэн энэ сөрөг байдал нь маш олон шинэ хүмүүсийг сонгогдох бололцоог олгосон. Тиймээс энэ парламентын онцлог шинэ гишүүн олонтой.  

Өөр нэг зүйл бол парламентад хэт олонхи давамгайлж байх энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байгаа. Нэг нам олонхи үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хүмүүс их ярьж байна. Гэхдээ түүхээ хар  л даа. Бүгдэд нь олонхи давамгайлж байсан тэр үед Үндсэн хууль дээр алхам хийгдэж байсан байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ адил. Үндсэн хуульд өөрчлөлт хийх боломжтой гэж харж байгаа.

-Төрийн түшээ хүн ямар хүн байх ёстой гэж та хардаг вэ?

-Дээр зөвлөхийн тухай ярихад хэлсэнчлэн зөвийг нь сонгох потенциал, хар ухаантай байх ёстой. Хэн ч УИХ-ын гишүүн байж болно. Заавал өндөр боловсрол байх албагүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээрээ, өөрийн итгэл үнэмшилдээ саналаа өгдөг, үүн дээрээ бат зогсож чаддаг байх ёстой. Намын итгэл үнэмшил дээр бус гэсэн үг. Ард түмнийхээ  элчийн хувьд ЗӨРЖ ЧАДДАГ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. 

Зочин

Иргэн Д.Ламжав Д.Ламжав