УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
УИХ-ын гишүүн Д.Гантулга
2018.06.11

УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр төрийн ордонд мэдэгдэл хийж, албан тушаалаасаа түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өглөө.

Д.ГАНТУЛГА: МОНГОЛД ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ БИ ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТОЛНО

Миний хувьд яг өөрийнхөөрөө шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. УИХ-ын гишүүн гэдэг бол хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон, монгол төрийн дээд байгууллага зэрэг олон шалтгаан байдаг учир хувь хүний ганц шийдвэр гаргах боломжгүй.

Гэхдээ өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа. Залуу насны гэнэн итгэмтгийн зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье. Аав, ээж, гэр бүл, хайрт ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Намайг итгэж, дэмждэг мянга мянган үе тэнгийхэн, хамт олон, найз нөхдөөсөө хүлцэл өчье. Мөн нутгийнхан, дэмжсэн сонгогчиддоо, үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олонд, намынхаа олон мянган эгэл жирийн гишүүдээсээ, нэг ангид хамтдаа сууж, хууль баталсан УИХ-ын гишүүдээсээ хүлцэл өчиж байна.

Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өнмөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчид илүү их зүйл хийнэ гэсэн итгэл, зүтгэл минь хангалттай байгаагүйд гүнээ харамсаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа, яг одоо зогсож байгаа энэ үйлдэлдээ ч мөн харамсаж байна. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугаа нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та бүхэн ч, монголын ард түмний нилээдгүй хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд энэ бүгдийг улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түтгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргаж байна. Энэ хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад гадуулж өгнө.