2018.10.11

С.Эрдэнэ: Сонгуулийн тухай хуулиар хугацааны хувьд нөхөн сонгууль явуулах боломжгүй боллоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт буюу Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Нэгдүгээрт: Дорноговь аймгийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул дахин сонгууль явуулахаар болсон. ТИймээс сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хариуцлагагүй мэдээлэл тарааж болохгүй.

Хоёрдугаарт: Сонгуулийн хуулинд заасан хугацаандаа Хэнтий аймаг буюу 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах боломжгүй болчихлоо. Тиймээс Сонгуулийн тухай хуулиндаа хугацааг нь заасан заалтандаа өөрчлөлт оруулаад Хэнтий аймгийн сонгогчдын эрхийг хангаж нөхөн сонгуулиа явуулж болохгүй юм уу?

Гуравдугаар: Нийгэм хүнд байна. Үнийн өсөлт их байна. Ийм нөхцөлд эрх баригчид амлалтаа нэгийг нь ч биелүүлсэнгүй. Сандал ширээ, албан тушаалаа булаалдсаар байгаад өнгөрсөн 2 жилийг өнгөрөөсөн. Ийм байж Хэнтийн сонгогчдын нүүрийг МАН яаж харах гэж байгаа юм бэ? Тиймээс нөхөн сонгуулийг санаатайгаар хойшлуулж байна гэж ойлгож байна.

С.Эрдэнэ гишүүний дээрх асуултанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулт өглөө:

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Нэг жилийн дотор нөхөн сонгууль явуулахгүй гэсэн заалт өмнөх хүчингүй болсон хуулинд заасан. Одоо мөрдөгдөж байгаа хуулинд тийм заалт байхгүй. Сонгуулийн жил гэдгийг хэрхэн өөрчлөх вэ? Нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа төрийн албан хаагчийн эрхийг хэрхэн богиносгох вэ? Жил бүрийн 6 сар 9 сард ээлжит сонгууль явуулна гэж яригдсан. 12 сард эцсийн шийдвэр гаргана. Аливаа зүйлийг урьдчилан хардаг. Түүнийгээ үнэн мэт ярьдагаа болих хэрэгтэй.