М.Билэгт Б.Батзориг 2018.10.12 | Vip76.mn

М.Билэгт: Үндэснийхээ баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулья

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт ХХААХҮ-ийн сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Монгол Улс хэдэн мянган жил нөхөн сэргээгддэг үндэсний энэ баялаг дээрээ эдийн засгаа авч явж байсан. Харин зах зээлийн эдийн засагт шилжээд төрийн зохион байгуулалт байхгүйгээс бол баялаг маань хог дээр хаягдаад байна. Малын тоо толгой 2000 онд 30 сая байсан бол 17 жилийн хугацаанд 84 сая болчихоод өсөлт нь борлуулалтаа гүйцэхээ байчихаад байна. Хувийн хэвшил нь борлуулалтаа хийнэ биз гээд орхичихсон. Дотоодын хэрэгцээнд 10 сая толгой мал, экспортонд нийлүүлж байгаагаа оруулаад өнгөрсөн 2017 онд 14 сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд орсон. Гэтэл жилд 20 сая толгой төл авч байна. Малын тоо толгой өссөнөөс бол бэлчээрийн даацын асуудал нэмэгдсэн. Малын тоо их хэдий ч өндөр настай цөөхөн хэдэн малчин үлдээд байна. Төрөөс зохицуулалт хийхгүй бол цаашид үндэсний баялаг үгүй болох эрсдэлтэй. Мал маллах амар биш хүнд хэцүү цаг агаартай нөхцөлд малчид малаа хариулан амьдарч байна. Тиймээс энэ хүнд хөдөлмөрийг эрхлэх хүн олдохгүй, хот суурин газар бараадсаар байна. Бид төрийн өмчид компаниа байгуулаад явбал малчид малаа зээлээр ч болов өгөөд махаа экспортлоод эхэлбэл төсвийн орлого ч нэмэгдэх боломж байна. Зохицуулалтаа шуурхай хиймээр байна.

Түүний асуултанд салбарын сайд дараах хариултыг өглөө.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг

Төрийн бодлого сүүлийн жилүүдэд малын тоо толгойг өсгөх талруу чиглэсэн. Өнөөдөр малын тоо 66,2 сая толгойд хүрсэн. 12 сая толгой төл авсан. Тантай санал нэг байна. Эдгээр баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулья. Экспортлоё гэж зориод энэ хуулийн төслийг боловсруулаад, Монголын төр малынхаа эрүүл мэндэд анхаарч хуультай болох гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улс 168 мянган малчин өрхтэй, 350 мянган малчинтай. Энэ жил Монгол Улс 15 сая толгой малын мах бэлтгэж эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаад дотоодын зах зээлд борлуулья гэж төлөвлөөд байна. Цаашид энэ тоог нэмнэ. Гэхдээ юуны түрүүнд малын тоонд бус чанарт анхаарах хэрэгтэй байна.