Д.Тэрбишдагва Б.Батзориг 2018.10.12 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Атрын IV аяныг ирэх жил эхлүүлэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганын өнөөдрийн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ХХААХҮ-ийн сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Зарим нэг салбарын үйл ажиллагаатай холбоотой асуух зүйл байна.

  1. Өнгөрсөн жил Монгол Улс адууны мах экспортонд гаргасан. Яг хэдий хэмжээтэй гаргасан юм бэ?

  2. Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн мөн экспортлох тухай яригдаж байна. Атар газар эзэмшсний 60 жилийн ой ирэх жил болно. Үүнийг угтан Атрын 4-р аяныг зарлавал яасан юм бэ? Мал ургамалын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлоод эхлэхээр эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлага үүснэ. Үүнийг дагаад тэжээлийн ургамалын асуудал ч гарч ирнэ. Энэ тал дээр ямар бодолтой байгааг асууя?

  3. Би хүнсний мэргэжилтэй. Мах консервны үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлсэн. Мал яаж нядлахыг хэнээр ч заалгахгүй. Монгол хүний ёс суртахуунгүй аргаар нядалж хятадууд экспортод гаргаж байгааг би хэлж байгаа болохоос зумлаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон гаргахыг хэлээгүй байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн хүмүүсээр ажил хийгдэж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байна.

Д.Тэрбишдагва гишүүний асуултанд салбарын сайд дараах хариултыг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

Өнгөрсөн онд 20 гаруй тонн мах махан бүтээгдэхүүн экспортлосон. Энэ онд хагас жилийн байдлаар 20 мянган тонныг экспортлоод байна. Үүнээс 10,9 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан. 9,6 мянган тонн хөлдөөсөн. 815,2 мянган дайвар бүтээгдэхүүн гаргасан. Энэ жил Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ жил 60 мянган тонн үхэр адууны мах экспортлоно. Хонь яамааны мах бол хэмжээ тогтоогоогүй байна. Ирэх жил манай салбарын хэд хэдэн ой тохиож байна. Салбарын яамнаас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Өмнө нь олон жил орхигдсон ажлуудыг хийхээр болж байна. Атрын 4-р аян бол яг төлөвлөгдөөгүй юм.