О.Баасанхүү 2018.10.18 | Vip76.mn

О.Баасанхүү: Хөрөнгийн эх үүсвэр орон нутагт очвол авлигын шалтгаан болох бус уу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“1. Яамдад очиж ажил хөөцөлдөхөд хүнд суртал ихтэй гэдэг үнэн. Нөгөө талаас орон нутагт хүн ам цөөн, намд хуваагдсан, 50 саяас доош бол шууд гэрээ хийдэг гэсэн нөхцлөөр авлига цэцэглэх юм биш үү?

2. Малчид гэхээр мал малладаг нэг хэсэг, мал хардаг хүмүүс гэж ангилах хэрэгтэй юм шиг санагддаг. Хэсэг нь өөрөө үнэхээр малаа маллаад явж байгаа хүн байхад нөгөө хэсэг нь малаа өөр хүнээр хөлсөөр харуулаад нийгмийн даатгалыг нь төлдөггүй хэсэг байна. Энийг ялгаж зааглах уу?”

3. Х.Нямбаатар гишүүний хувьд сэтгүүлчдийг дуудаад хэнийх нь үнэн болохыг нотлоё. Миний буруу бол би уучлал гуйя. Би хууль ёсны дагуу элдэв зүйлийг нь шалгуулна. Нэр төрөө сэргээж авна.

Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайд нар хариулт өглөө.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

“Одоогоор Монгол Улсад байгаа бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэг яаман дээр ирээд нэг хэлтэс дээр ирээд 4-5 хүнтэй уулзаж асуудлаа шийдүүлж байгаа юм. Энэ эргээд хүнд суртал, нэг хэсэг хүмүүст ачаалал үүсгээд байна. тэр нь авлига хээл хахууль өгч асуудлаа шийдүүлэх гэх мэт сөрөг үр дагаварууд дагуулаад байгаа юм. Тиймээс орон нутагт нь өгчихвөл ийм хүндрэл гарахгүй байх юм. Мөн хөрөнгийн эзэд нь мөнгөө зөв зарцуулаад явна.”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Малчин гэж хэнийг хэлэх вэ гэхээр мал аж ахуй эрхлээд үндсэн орлогоо олж байгаа хүнийг хэлнэ гэж заасан. Ам бүл цөөтэй хүмүүс гэрээ хийгээд туслах малчин ажиллуулж байгаа. Хөлс өгч байгаа бол тухайн малчин нь малчин гэсэн тодорхойлолтдоо ороод явна.”