Ё.Баатарбилэг 2018.11.01 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Мөнгөний бодлогод баримтлах чиглэлээ биелүүлж чадсан уу?

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх  асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“2018 онд өнгөрсөн жил баталсан үндсэн чиглэлээ хэрхэн баримталж явсан юм бэ? гэдэг эргэлзээтэй байна л даа. Өнгөрсөн жил үүрэг болгон өгсөн ажлууд байгаа. Зээлийн хүү буурсан уу, санхүүгийн салбар хөгжсөн үү? Банкуудыг бүтцийн өөрчлөлт хийгдсэн үү? Ипотекийн зээлийн асуудал сайжирсан уу? гэдгийг асууя. Долларын ханш өссөн, шатахууны үнэ өссөн, ипотекийн зээл өмнөхөөсөө 100 тэрбумаар буурсан байна. Үүнийг харахаар авсан үүрэг, чиглэл хангагдаагүй л байх юм. Одоо ирэх жилийнх ч бас л ялгаагүй юм орж ирж байна.”

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгч хариууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

“Монголбанк өдөр шөнөгүй л ажиллаад тогтоолыг хэрэгжүүлэх гэж хичээж байна. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс 2025 он хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Банк санхүүгийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар 2 ч хууль батлуулсан. Үүний дагуу ажиллаж байна. Зээлийн хүү намайг ажил авч байх үеэс буурсан. Стратегийн баримт бичгийг батлуулсан. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг бол Монголбанк бие даан шийдвэрлэх боломж дутагдалтай байгаа. Дэлхий дахинд засгийн газар нь хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнийг бид барьж аваад эхлүүлсэн. Одоо засгийн газарт шилжүүлэхээр хичээж байна.”

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир:

“2018 онд батлагдсан Мөнгөний бодлогын хүрээнд холбогдох байгууллага сайн ажиллаж байгаа. ЭЗБХ хяналт сайн тавьсан. Үр дүн ч сайн байгаа. Бид хуулиа гарган, баталдаг байгууллага. Үүнийхээ дагуу хяналтаа тавиад явж байгаа. 2019 оны Мөнгөний бодлогын хувьд өмнөхөөсөө илүү алт цэвэршүүлэх, экспорт, ипотекийн асуудалтай холбоотой зүйлсүүд нэмэгдсэн.”