Г.Солтан Ундармаа.Б Л.Энхболд Дамба-Очир.Д 2019.01.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/91 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Ингээд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлэн явуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хуралд хандаж Улсын ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/92 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр,  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/93 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/94 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн саналуудыг хэлэлцсэн юм.

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ирүүлснийг танилцуулсан.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, нэр бүхий гишүүдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.