Ч.Улаан: Эмээлтэд овоорсон адууны ширээр дотоодын үйлдвэрийг хангаж, илүүдлийг нь экспортолно
2019.05.16

Ч.Улаан: Эмээлтэд овоорсон адууны ширээр дотоодын үйлдвэрийг хангаж, илүүдлийг нь экспортолно

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Эмээлт түүхий эдийн зах дээр овоороод байгаа арьс, адууны ширийг дотоодын аж ахуй нэгжүүд худалдан авах боломжийг бүрдүүлэхийг ХХААХҮЯ-д үүрэг болгосон. Түүний дагуу ямар ажил хийж байгааг салбарын сайд Ч.Улаанаас тодрууллаа.


 

-Эмээлт зах дээр овоорсон арьс ширийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Засгийн газрын хуралдаанаар Эмээлтэд овоороод, хэрэглээнээс хасагдах эрсдэлтэй байсан арьс ширийг дотоодын үйлдвэрүүдэд худалдан борлуулах үүрэг өгсөн. Түүний дагуу зохицуулалт хийж эхэлсэн. Адууны шир, дэл, сүүлийг бүгдийг нь хилээр гаргахыг хориглосон шийдвэрийг сая цуцаллаа. одоо асуудал шийдэгдэж, хэвийн хэмжээнд очих байх.

-Дотоодын үйлдвэрүүд тэр их ширийг боловсруулах боломжгүй гэж үзэж байгаа юм биш үү?

-Дотооддоо боловсруулах боломжтой хэсгийг нь ялгаж аваад арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд өгье, үлдсэнийг нь экспортод гаргая гэдэг шийдвэрийг гаргасан. Манайд дэл сүүл боловсруулах үйлдвэр ч байгаа. Тэнд дэл сүүлийг нь өгье гэж байгаа. Энэ бол Засгийн газраас уян хатан бодлого хэрэгжүүлж бизнес эрхлэгчдээ, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэлбэр.

-Арьс шир боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, экспортод гаргаж байгаа түүхий эдээ боловсруулах чиглэлд салбарын яам ямар бодлоготой байгаа вэ?

-Социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг шиг явж болохгүй л дээ. Тэр үед боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг түүхий эдтэй яг тооцоод, төлөвлөөд төсөвт тусгадаг байсан. Одоо бол хувийн хэвшлийн оролцоотойгоор боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг хийнэ. Ер нь 21:100 хөтөлбөрийн дагуу 100 үйлдвэр барихаар төлөвлөсөн. Түүний дотор арьс шир боловсруулах үйлдвэр хэд бий. Тухайлбал, Төв аймагт Польшийн хөрөнгө оруулалттай цардуулын үйлдвэр барихаар хөнгөлөлттэй зээл нь шийдэгдсэн байгаа.

-Эмээлт зах дээр ширээс гадна бод, богийн шийр маш ихээр хаягддаг. Үүнийг боловсруулах боломж байдаггүй юм уу?

-Зөвхөн шийр ч биш, толгой, дайвар бүтээгдэхүүн, яс зэргийг бүгдийг нь хаяж гажуудал үүсгэж байгаа. Дулааны аргаар мах бэлтгэж байгаа компани, гадаадын иргэд журам зөрчиж Эмээлт дээр нядалгаа хийснээс хаягдал ихээр гарч байна. Манай дотоодын хяналт зохицуулалт сул байдлыг далимдуулж гадаадын иргэд үйлдвэрлэлийн бус аргаар мах бэлтгэж байгаагаас үүдэлтэй. Тиймээс үүнийг зохицуулж, дулааны аргаар мах бэлтгэж экспортолж байгаа компаниудад үйлдвэрлэлийн аргаар мах бэлтгэх шаардлагыг тавьж байгаа. Үйлдвэрийн аргаар мах бэлтгээд эхлэхээр хаягдаж байгаа толгой, шийр, дайвар бүтээгдэхүүн боловсруулалтад орно.