3 тэрбум 262 сая иений төслийн 4 дэх үе шатыг хэрэгжүүлэх гарын үсэг зурлаа
2009.08.20

3 тэрбум 262 сая иений төслийн 4 дэх үе шатыг хэрэгжүүлэх гарын үсэг зурлаа

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих нийт 3 тэрбум 262 сая иен /ойролцоогоор 33 сая ам.доллар/-ийн үнийн дүн бүхий “Бага, дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөл барих” төслийн 4 дэх үе шатыг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох ноот бичиг, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах тусламжийн хэлэлцээрт тус тус гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

Төсөл хэрэгжүүлэх тухай баримт бичигт монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, японы талаас Япон Улсаад Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ю.Ишида нар тус тус гарын үсэг зурав.

“Бага, дунд боловсролын сургуулийн барилга, өргөтгөл барих” төслийн 4 дэх шатны төслийн хүрээнд 2010-2013 онд буюу ирэх 4 жилийн хугацаанд шинээр 5 сургууль барьж, 7 сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.

2000-2009 оны хугацаанд уг төслийн 1, 2, 3 дахь шатны хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад ачаалал ихтэй ерөнхий боловсролын нийт 45 сургуулийн өргөтгөл, мөн шинэ барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Энэхүү төсөл нь боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, боловсролын систем дэх хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн боловсролын тогтолцоонд амжилттай шилжихэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм.

Япон Улсын Засгийн газар боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг Монголд үзүүлэх тусламжийн тусгай хөтөлбөрийн 4 үндсэн чиглэлийн нэгд тусгайлан заасан байдаг. Энэ хүрээнд өнөөг хүртэл тус Ерөнхий боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг барих төслөөс гадна “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” хөтөлбөр, “Хархорины музейн барилга барих”, “Хүүхэлдэйн театрын дуу болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Багш нарын шинэ арга зүй сургах” зэрэг төслүүдээр дамжуулан Монгол Улсын боловсрол, соёлын салбарт төрөл бүрийн тусламж дэмжлэг үзүүлсээр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.