УИХ-ын /2022,4,13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Бид арга хэмжээ авах нь зөв, гэхдээ цаашдаа онцгой нөхцөл байдал үүсэхэд төсөврүү дайрдаг,хэдэн сар болоод төсвийн тодотгол хийж, нөөцийн асуудал ярьдаг. Энэ байдлаараа цаашдаа явах уу. Ер нь манайх онцгой нөхцөл байдал үүсэхэд эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Нийгэм, эдийн засгийн бүхий л цаг үед онцгой нөхцөл байдалд зохицуулсан ийм эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ эрх зүйн зохицуулалт дотор нөөцийн тухай асуудлыг тусгайлан авч үзэж, төсөвт хүрдэггүй байх ёстой. Онцгой нөхцөл байдал үүсэхэд ҮАБЗ, Засгийн газар хуралдаад нөөцөө хөдөлгөдөг, зардлыг нөөцөөсөө гаргадаг, энэ нөөцийг хүнд байдалд орсон үед гаргадаг. Бид нөөц нэмэгдүүлэх тухай яриад байдаг, харин бид нөөцөө ашиглах тухай ярих ёстой. Одоо бүрдүүлсэн нөөцөө хүндэрсэн үед л ашиглах гэж бүрдүүлсэн, ашиглах хэрэгтэй. Нөөцөөсөө ашиглаад зэрэгцээд нөөцөө бүрдүүлээд явах хэрэгтэй. Цаашдаа хуульчилж өгөөд Онцгой нөхцөлд хэрэгжүүлдэг хууль эрх зүйн орчинтой болох ёстой. Жишээ нь гадаадын зах зээлд манай улсаас экспортын бүтээгдэхүүний үнэ огцом өсвөл зөрүү мөнгөөр нь нөөцөө бүрдүүлээд явж болох юм. Монгол улс хөдөлшгүй нөөцтэй болох ёстой, бас нөөцөө ашиглая. Энэ хуульд алт худалдан авалтыг урамшуулъя гэсэн заалт оржээ, маш сайн. Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахад нөөц бүрдүүлье гэсэн байна, үүнийг дэмжиж байна. Харин мах, гурилын үнэ яагаад өсөөд байна вэ, судлах хэрэгтэй. Шалтгааныг нь олох ёстой. Онцгой нөхцөл байдлын үеийн үнийн асуудалд Засгийн газар орох нь зөв. Ер нь зах зээлийн жамаараа яваад байвал, Засгийн газар үнэд оролцох шаардлага байхгүй, эдийн засгийн жамаараа явна.
2022-04-14
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ төслөөс харахад мах, гурилын нөөц бүрдүүлэх болон шатахууны компаниудад тодорхой хөнгөлөлттэй, хүү багатай зээл өгөх, хямд ханшаар валютыг нийлүүлэх гэсэн зохицуулалт байна. Шаардлагатай бол Засгийн газарт татварын хувь хэмжээг зохицуулах эрх өгч байна. Үүгээр юу шийдэгдэх вэ гэвэл зээл аваад, зээлээрээ бараа, бүтээгдэхүүн оруулж ирнэ. Хөнгөлөлттэй зээл өгсөн учраас бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж болохгүй, хангамжыг тасалж болохгүй гэж аж ахуй нэгжүүдэд ачаа үүрүүлэх гээд байна. Нөгөө талдаа тодорхой эх үүсвэр гаргаж аваад тухайн эх үүсвэрээрээ нөөцөө бүрдүүлэх зохицуулалтыг энэ хуулинд оруулж болохгүй юу? Ялангуяа гурил болон шатахууны асуудал дээр. Мөн стратегийн нөөцөд орсон төрөл бүрийн будаа, элсэн сахар, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэгт тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрхэн зохицуулах бололцоотой вэ? Энэ хуулинд ямар нэгэн зохицуулалт харагдахгүй байгаа учраас үүнийг оруулж өгмөөр байна. Ажлын хэсэг энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
2022-04-13
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,04,13/-ны өдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Мөнгөний бодлого батлахдаа УИХ тодорхой заалт оруулж өгсөн. Бараа бүтээгдэхүүний хомстол үүсгэхгүй байх,үнийн өсөлт гаргахгүй байх хөтөлбөр боловсруулж хэрэглэх. Үүнд Монголбанк дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн Их хурлын шийдвэр гарсан. Энэ хүрээнд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Энэ хууль үнийн өсөлтийг анхаарах уу, эсвэл нөөц бүрдүүлэх гэж байна уу. Мөн хууль батлагдсанаар энэ оны мах, гурилын нийлүүлэлтэд үйлчлэх гэж байна уу эсвэл ирэх оны гурилын, махны нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж байна уу. Мах, гурилын үйлдвэрт хөнгөлөлттэй зээл, татаас өгнө гэсэн байна. Уг нь үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжихгүй бол ажил үр дүнд хүрэхгүй. Мах, гурил дээр нэгдсэн тогтолцоо байхгүй бэлтгэл, нийлүүлэлтийн систем байхгүй, үнэ өсөж магадгүй энэ асуудлыг яаж шийдэх вэ. Түүний асуултад салбарын сайд болон албаны бусад хүмүүс хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хямралт байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлж, энэхүү хуулийн төслийг оруулж ирж байгаад маш талархалтай байна. Гэвч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шатандаа нугалаатай учирч, завхрал үүсдэг. Хөнгөлөлт авчихаад, өөртөө давуу боломж бий болгож, эргээд янз бүрийн шалтаг хэлж, бидний хүрэх гээд байгаа зорилгыг хөсөрдүүлдэг. Үүнийг та бүхэн хэрхэн урьдчилан тооцож байгаа вэ?
2022-04-06
УИХ-ын чуулганы /2022.04.06/ өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Олон улсын хямралт байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах талаар оруулж ирж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. Мэдээж бидэнд авч хэрэгжүүлэх гэж байгаа тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байна. Тэдгээрээс хоёрыг нь бид дотооддоо нийлүүлэлтээ хангах бололцоо байна. Тэгэхээр хамгийн гол зүйл бол үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг хооронд нь хэрхэн нүүр тулгаж, завсрын үнэ өсөлтүүдийг тодорхой хэмжээнд яаж бууруулж чадах вэ гэдэг асуудал юм. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө гаргалгүйгээр зохицуулалт, зохион байгуулалтын түвшинд шийдэж болохоор зүйлүүдийг давхар авч үзэж чадвал бидний өнөөдөр ярьж байгаа зүйлс жинхэнэ үр дүнд хүрч чадна гэж бодож байна. Шатахууны импортын асуудалд нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Хамгийн түрүүнд нэмэгдүүлэх ёстой нөөц бол дизель түлш. Уул уурхай, хөдөө аж ахуй, авто ачаа эргэлт зэрэг нь тэр чигтээ дизель түлшин дээр тулгуурлаж явдаг. Тиймээс дизель түлшний үнэ болоод нөөц хангалтыг нэмэгдүүлэх асуудлыг бид онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бид энэ хүндрэлийг бага давах боломжтой болно.