"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх нь зөв үү
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.02.25
Уул уурхай, Ашигт малтмал

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх нь зөв үү

Асуудлыг шийдэхдээ манай гурван гишүүний нэгийнх нь саналыг авсан байх ёстой

-"Оюутолгой"-н асуудлаар би олон удаа ярьсан мөртлөө ТУЗ-д байгаа гурван гишүүн муу гэж амнаасаа огт унагаж байгаагүй. ТУЗ-ийн гишүүдийг би өмгөөлөхгүй. Хамгийн гол нь тэдний оронд хэн ч очсон ажиллахаас өөр аргагүй байдалд оруулдаг Засгийн газрын дүрэм журам, механизм, гэрээ өнөөдөр хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ ч ТУЗ-ийн гурван гишүүний ажиллах боломжийг хангасан байхыг би хүсдэг. Уг гэрээнүүдэд тэдний эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгөөгүйгээс тэр гуравт үнэхээр хэцүү байдаг байх.

ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь үндсэндээ хөрөнгө оруулагч талынх. Саяхан Камерон МакРей "ТУЗ-ийн дарга нь монгол хүн шүү дээ" гэж худал мэдээлэл хийсэн.

Юм ойлгохгүй, мэдээлэл муутай хүнд бол тэгж ойлгогдох байх. Үнэхээр ТУЗ-д байгаа дөрвөн монгол хүнйй нэгийг "Рио Тинто" сонгож авчран, цалинжуулж байгаа.

Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиалдаг. Тэр хүн эх оронч байж болох ч "Рио Тинто"-гийн гэрээгээр л ажиллана. Тэд хоорондоо хөдөлмөрийн чухам ямар гэрээ байгуулсныг бид мэдэхгүй. Тиймээс манай гурван гишүүн эсрэг байр суурьтай байсан ч нөгөө зургаагийн тав нь нэг талд байхад тэгээд л болоо. Тэгэхээр гарах арга замыг ярья.

Монголын гурван гишүүний ядаж нэгийнх нь саналыг авсан байх ёстой, шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалт гаргаж, гэрээнд тусгая. Аливаа асуудлыг шийдэхдээ манай гурван гишүүний нэгийнх нь саналыг авсан байх ёстой гэдэг заалт оруулахад л болоо. Тухайлбал, "Оюутолгой"-н бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр барихад ашигласан тэр их хэмжээний цементийг хаанаас, хэчнээн төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан нь бидэнд тодорхойгүй.

Өмнөд хөрштэй хийсэн цахилгааны гэрээ бас л тодорхойгүй. Гаднаас авч байгаа бүтээгдэхүүний үнээ хоёр дахин өндөр хэлж, зарж байгаа баяжмалаа зах зээлийн үнээс хоёр дахин хямд гаргахаар гэрээ хийсэн байхад бидний 34 хувийн ногдол ашиг гэдэг хэзээ ч гүйцэлдэхгүй зүйл болно. Тиймээс энэ бүх гэрээнд манай ТУЗ-ийн гишүүд оролцох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ