Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд зүгээр нэг компанийн хувь нийлүүлэгчидтэй уулздаггүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд зүгээр нэг компанийн хувь нийлүүлэгчидтэй уулздаггүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг цеийн асуудлаар ярилцлаа.

-Та МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлаа саяхан өгчихлөө. Ямар шалтгаанаар ажлаа өгөв?

-МҮЭХ бол агуу том айл. Энэ байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллана гэдэг их хувь заяа. Би ажлаа өгсөн ч миний хамт олон, иргэд үүнийг шударга бус явдал боллоо гээд хүлээж авсангүй. Хамгийн гол нь МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад хүмүүс өмчөөсөө үйлдвэрчний эвлэлд өгсөн. Энэ хүмүүс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан.

Гэхдээ би Үйлдвэрчний эвлэлийнхээ гишүүдэд авч өгье гэсэн өмчөө анхан шатны шүүх болон нийслэлийн шүүхэд ялаад авчихсан байгаа. Энэ бол том ялалт. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчийн нэр хүндийг ямар нэгэн маргаантай хутгамааргүй байна. МҮЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг өгөөд харин ч хүндэт ерөнхийлөгч буюу чимэгтэй ерөнхийлөгч боллоо.

-МҮЭХ таны амьдралтай салшгүй холбоотой. Хэдийгээр хүндэт ерөнхийлөгч болсон ч гэсэн цаашид энэ байгууллагатайгаа хамтарч ажиллана биз дээ?

-Бодлогын зөвлөлд зөвлөмж гаргаж, туршлагаасаа хуваалцах нь миний үүрэг.

-Цаашид энэ байгууллагад шинэчлэл хийх шаардлага байгаа юу. Таныг УИХ-д сууснаас хойш үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон шүү дээ?

-Ер нь аль ч байгууллага цаг тутамд шинэчлэгдэж байх нь өнөөгийн даяаршлын нийгмийн гол шинж. Хурдтай өөрчлөгдөхгүй бол тэр байгууллага хүнд байдалд ордог.

-Та УИХ-ын гишүүн болсноос хойш Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар хангалттай ярилаа. Ойрын өдрүүдэд Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурал болж байгаа. Энэ хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Оюу толгойн хувь нийлүүлэгчид, ТУЗ-ийн хурал болж байх шиг байна. Энэ хурал Монголын ард түмэнд нээлттэй, ойлгомжтой, юу шийдэх гээд байгаа нь тодорхой байх ёстой. Уг хурлаар монголчууд бидний өмчийн талаар хэлэлцэж байгаа. Харин манай Засгийн газрын хэдэн сайд өөрсдийнхөө хаусын талаар хуралдаагүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй.

Монголын ард түмний өмч тэнд бий. Тэгэхээр өмчийн эздээс нь юу нуугаад байгаа юм бэ. Их тэнгэрийн аманд биш, Төрийн өмчийн хороон дээр хуралдах ёстой.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурлын мэдээлэл ил тод байх хэрэгтэй. Гэтэл Камерон нь манай талаас хуралд орж буй нийт хүмүүсийн өмнөөс «Бид хамтран ажиллахаар боллоо» гэж хариулаад байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллахгүй гэж яриагүй шүү дээ. Хуралд оролцож байгаа нөхөд хамгийн эхэнд Монгол Улсын эрх ашгийг тавих ёстой.

-Оюу толгойн гэрээнээс болж монголчуудын эрх ашиг хохирч байна гэж зарим нь ярьдаг. Уг хурлаар энэ асуудал тодорхой болно биз дээ?

-Энэ талаар би байр сууриа тодорхой хэлсэн. Хохирч байна гэдгээ ч хэлээд яваа шүү дээ. Уг хурлаар энэ асуудал шийдэгдэх нь үү. Хэрэв шийдэгдлээ гэхэд яаж шийдэх нь бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

«Хонь шиг  номхон,   даруу,   хүлцэнгүй,   арчаагүй байж чонотой хэлэлцээрт орж болохгүй.

Харин хоточ нохой шиг хүчтэй байж, эрдэмтэн, шинжээч, судлаачдын дүгнэлттэйгээр хэлэлцээрт орвол үр дүн гарна.

Өөрөөр хэлбэл мэргэжилтэн судлаачдаар зэвсэглэж байж амжилт олно. Үүнийг би байнга хэлдэг. Ард иргэдэд мэдээлэл дутмаг байна. УИХ-ын гишүүний хувьд чуулган эхлэхэд энэ талаар асуулга тавина.

-Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурлаас гэрээнд заасан тодорхойгүй тоо баримтууд ил болно гэж салбарын сайд нь хэлж байсан. Та ч хүртэл тодорхойгүй, юунд зарцуулах гээд байгаа нь мэдэгдэхгүй толгой эргэм тоо их байна гэж хэлж байсан. Энэ асуудал хурлын дараа шийдэгдэх болов уу?

-Би шийдэгдэнэ гэж найдаж байна. Гэхдээ далдыг харж яг шийдэгдэнэ гэж хэлж чадахгүй. Шийдэгдэхгүй байж магадгүй гээд юу ч хийхгүй сууж болохгүй. Тэмцээнд эхний үед ялагдаж болно.

Харин тэмцэхгүй бол аль хэзээний ялагдсан байдаг гэдгийг хатуу анхаарч, ард иргэдийн эрх ашгийг Оюу толгойн гэрээнд тусгуулах нь чухал. Түүний төлөө сайн, муугаар дуудуулаад ч хамаагүй ажиллах нь бидний үүрэг.

-Хуралтай холбоотойгоор хөрөнгө оруулагчдад захидал илгээсэн гэсэн. Тэдэнтэй өөрийн биеэр уулзсан уу?

-Монголын талаас төлөөлж орж буй хүмүүст захидал илгээсэн. Мөн хэд хэдэн асуулга явуулсан. Заримынх нь хариу ирсэн. Би тийм байдлаар л харьцаж байгаа. Харин нөгөө талын хөрөнгө оруулагчид буюу Рио Тинто компанийнхантай уулзах нь ёс зүйн хувьд буруу. УИХ-ын гишүүд битгий уулзаасай. Төрийн гурван өндөрлөг бүү уулзаасай.

-Яагаад?

-Төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд зүгээр нэг компанийн хувь нийлүүлэгчидтэй уулздаггүй юм. Монгол Улс, Монголын төр гэж байна шүү дээ.

Харин тэднийг төлөөлж хэлэлцээрт орж буй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компанийн төлөөллүүдтэй уулзаж, мэдээлэл авч, санаа бодлоо илэрхийлэх эрх нь бол байдаг.

-УИХ-ын гишүүнээр ажилласны анхны чуулган өндөрлөлөө. Намрын чуулган хэр зовлон зүдгүүр, бэрхшээлийг шийдэх газар гэж бий болдог. Миний хувьд сонгуулийн өмнө бодож, сонгуулиар амласан, ард иргэдийн төлөө хийнэ гэсэн ажлуудаа хийгээд л явж байгаа.

Харин сонгуулийн өмнө амлаж байсан зүйлээ ерөөсөө ярихгүй, намын бүлгийн хуралдаа боомилогдчихоод дуугүй суугаад байгаа найз нөхдийгөө ойлгохгүй байна. УИХ-ын гишүүдийг намын нарийн бичгийн дарга нар сонгоогүй. Энэ 76-г ард иргэд сонгосон. Ард иргэдийн зовлон бэрхшээлийг өдөр тутам бодож зүтгэх нь тэдний ажил. Гэтэл албан тушаалд тавина, өгнө, суулгана, болино, тэр агентлагт авна гэж зүтгэх нь байж болохгүй асуудал. Надтай холбоотой дүүг нь дарга болгоно ч гэнэ үү, тийм яриа сонссон.

Харин Ганбаатар гэдэг хүн алив нэг албан тушаалаар худалдагддаг хүн биш гэдгийг хатуухан, бас зүгээр л өөрийнхөөрөө хэлчихье. Угтах он жилүүд хэн нь хэн бэ гэдгийг харуулна даа.

-Сонгогчид УИХ-ын гишүүдээс маш их зүйл хүсдэг. Парламент бүрдээд хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд ард түмний хүссэн хэмжээнд ажилласан болов уу. Таны хувьд хэрхэн ажиллав?

-Үүнийг ард түмэн шийдэх байх. Миний хувьд ард түмний хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллахын төлөө 100 хувь хичээж, зүтгэж байгаа.

-Таны хувьд намрын чуулганы хугацаанд хэчнээн хууль санаачилсан бэ?

-Гурван хууль санаачилсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийг санаачлаад, ажлын хэсэгт нь орж ажиллаад бэлэн болгосон. Хаврын чуулганаар УИХ-д өргөн барина.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ард түмэн их сонирхож байгаа. Хуулийн талаар тодруулаач?

-Эмнэлгийн дарга тойрсон тогтолцоотой байхын оронд өвчтөн, эрүүл мэндийн даат-галаа төлсөн иргэдийг тойрсон тогтолцоотой болъё. Өнөөдөр эмнэлэгт очоод үзүүлэх гэж буй өвчтөнүүдэд үйлчилдэг тогтолцоо хэрэгтэй байна. Түүнээс биш Засгийн газар сайд, дарга нарт үйлчилж, тэдэнд таалагдах гэж ажилладаг эмнэлгийн тогтолцоог халах ёстой. Ийм л хуулийг санаачилсан.

-Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч эмнэлгийн үйлчилгээг төдийлэн хүссэн хэмжээнд авч чаддаггүй. Ер нь ямар зорилгоор эрүүл мэндийн даатгал төлдгоө ч зарим нь мэддэггүй шүү дээ?

-Таны ярьж байгаатай үнэхээр санал нэг байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авна гээд даатгалын мөнгө төлсөн өвчтөн муу үйлчилгээ авах юм бол мөнгө авч буй хүмүүст Засгийн газар хариуцлага тооцож, мөнгөө өгөхгүй байх хүртэл эрхийг нээе гэж байгаа юм. Ингэж байж эрүүл мэндийн тогтолцоо хариуцлагатай болно.

-Хууль батлагдсанаар энэ бүхэн биеллээ олох болов уу?

-Хариуцлагагүй асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн салбарын мөнгөн дээр ажилладаг олон улстөрч миний эсрэг байх болно. Асуудал дээд цэгтээ хүртэл хурцадна гэсэн үг. Гэхдээ бид ялах л болно.

-Хаврын чуулганаар энэ хууль хэлэлцэгдэнэ биз дээ?

-Хаврын   чуулганаар   хамгийн   түрүүнд хэлэлцэгдэхээр дараалалд орчихсон байгаа.

ШИНЭ МЭДЭЭ