С.Ганбаатар: УИХ-ын гишүүн бүр АТГ-т шалгуулахдаа дуртай байх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.07.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: УИХ-ын гишүүн бүр АТГ-т шалгуулахдаа дуртай байх ёстой

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-т шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-АТГ-аас таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэлд та тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын гишүүн болон бусад төрийн удирдах албан тушаалтнууд АТГ-т шалгуулахдаа дуртай байх ёстой. Учир нь, ард түмэн хардах эрхтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн зарим нэг холбооны дарга надад гомдсон юм байлгүй асуудлыг АТГ-т тавьсан байна лээ.

Би МҮЭХ-г удирдан ажиллаж байхдаа 140 айлыг байртай болгож, 12 давхар зочид буудал барьсан. Энэ бүтээн байгуулалтыг хуучин авто бааз байсан газарт барьсан юм. Гэтэл уг баазын барилгыг зөвшөөрөлгүй нураасан байна гэж гомдол мэдүүлсэн юм билээ.

Уг асуудлыг АТГ шалгаад дүгнэлтээ МҮЭХ-нд өгсөн гэсэн. Энэ тухай тус холбооноос албан ёсоор хариулт авч болно шүү. Одоогоор АТГ-аас намайг дуудаж, байцаасан зүйл байхгүй.

-”Оюу толгой” ХХК-ийг та Гаагын олон улсын шүүхэд өгсөн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?

-Бүх материалаа бүрдүүлээд Гаагын шүүх рүү явуулсан. Гаагын шүүх материалаа хянаж, шийдвэр гаргахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг юм билээ. Зарим асуудал бүр 8-9 жил болсон байдаг гэсэн.

Одоогоор АТГ-аас намайг дуудаж, байцаасан зүйл байхгүй.

Монголын талын шийдвэрийг аль болох хурдан хугацаанд гаргаасай гэж бодоод байж байна. Миний явуулсан материалаас тодруулах зүйл байвал надаас асууна. Асуудлыг яаж судлах нь тэдний дотоод асуудал.

-”Оюу толгой” ХХК-иас танд ямар нэгэн тайлбар өгсөн үү. Хувь нийлүүлэгчдийн хурал ямар шатандаа явж байгаа юм бол?

-Оюу толгой компанийнхан надад ямар нэг тайлбар өгөөгүй. “Эрдэнэс Оюу толгой” компанийн Монголын өмчийг хариуцаж байгаа хэсгийнхэнтэй уулзаж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гарч, миний бие ахлагчаар нь ажиллаж байна.

Бид гэрээний хэрэгжилтийг дахин нарийвчилж судлах юм. Хувь нийлүүлэгчдийн хурлын талаар ямар нэг мэдээлэл алга. Манай талыг төлөөлөн оролцсон Засгийн газрын дөрвөн сайдад энэ тухай албан бичиг явуулаад ч хариу байдаггүй.

ШИНЭ МЭДЭЭ