Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2013.10.23

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд МҮЭХ хэд хэдэн заалт тусгуулна

УИХ-ын хэлэлцэж буй Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо өчигдөр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэ болон Засгийн газар гурван хувилбар төсөл тус тусдаа боловсруулсныг УИХ хэлэлцэж буй энэ үед МҮЭХ-ныхон дээрх төслүүдэд дүгнэлт хийн, хэд хэдэн заалт нэмж тусгуулахаар бэлтгэжээ.

Тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч орхигдуулаад буй хэд хэдэн заалт нэмж тусгуулахаар бэлтгээд байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж гурван хүн орох ёстой. Эрүүл мэндийн байгууллага тодорхой үүрэг хүлээдэг, Үндэсний зөвлөл нь гишүүдийн олонхын саналаар удирдлагаа томилдог байх хэрэгтэй.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 60 хувийг төрөөс даатгуулагчдад үзүүлдэг бол ажилчид 40 хувийг л хүртдэг.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчдын төлөөлөл болж ажиллан, тэдний эрх ашгийг хамгаалж чадна. Мөн даатгуулагч хэрэгцээтэй үйлчилгээгээ авах эрхийг нь нээж өгөх, хүссэн мэдээллээ авдаг болох зэргийг нарийвчлан тусгах шаардлагатай байна” гэлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлогын 12 хувийг төрөөс шимтгэлийг нь төлдөг хүүхэд, өндөр настны даатгал эзэлдэг бол ажилтнууд 88 хувийг бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 60 хувийг төрөөс даатгуулагчдад үзүүлдэг бол ажилчид 40 хувийг л хүртдэг байна.

Иймд шимтгэл тэгш төлөх зарчим бий болгох, төлсөн мөнгөнийхөө хариуд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх эрхийг хуульчлах хэрэгтэй гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ